Талибанчууд засгийн эрхэнд гарснаас болж Токиод ирж чадахгүй гэж байсан Афганистаны паралимпийн тамирчид Парисаар дамжин нутгаасаа гарч, наадамдаа оролцлоо.
Эмэгтэйчүүдийн таеквондогийн -49 кг-ын жинд өрсөлдсөн Закиа Худадади эхний тулаанаа Узбекистаны Зиёдахон Исаковатай тулалдан ялагдаж, дагах тулаан хийх эрхтэй болсон. Дагах тулаанаа Украины Викториа Марчуктай хийж, мөн ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлжээ. Харин эрэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд оролцсон Хуссаин Расули 13 дугаар байраар тэмцээнээ дуусгав.
Тэгвэл өнгөрөгч Лхагва гаригт Австрали улс дээрх хоёр тамирчинд хүмүүнлэгийн виз санал болгожээ. Австралийн хүний эрхийн байгууллагын тэргүүн Алисон Баттисон “Австрали улс хоёр тамирчинд виз санал болгосон. Гэхдээ энэ бүхэн маш богино хугацаанд болоод өнгөрсөн учир тэд өөрсдийнхөө хувьд зөв гэж бодсон зүйлээ хийх хэрэгтэй” гэжээ.
Австралийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч асан, өмгөөлөгч Грайг Фостер, тус улсын гадаад хэргийн яамны сайд Марис Пэйн болон бусад улстөрчид энэ ажиллагаанд чухал үүрэгтэй оролцсон бөгөөд тамирчид одоог хүртэл шийдвэрээ гаргаагүй байгаа аж.
Австралийн дотоод хэргийн яамны мэдээлж буйгаар тус улс Афганистаны 3000 дүрвэгчийг эх орондоо хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Холбоотой мэдээ