“Тод Каннам” эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон, 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг 2019 оны дөрөвдүгээр сард гарсан. Тус эмнэлгийн эмч нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2021.09.03/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч хойшилжээ.
Талийгаачийн аав С.Гүндсамбуу "Хэрэг мөрдөн байцаалтын шатанд маш удсан. Талийгаач миний ганц охин байсан. Ганц охиноо алдсан учраас би насаараа гомдол тээж амьдарна. Өнгөрсөн хугацаанд “Тод Каннам” эмнэлгийн дарга, эмч Д.Тодням биднээс уучлалт гуйх байтугай ганц ч удаа утсаар яриагүй. Хэргийг шийдтэл бид тайвширч чадахгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт "Мэргэжлийн бус хүн хагалгаа хийснээс үүдэн амь хохирсон" гэж гарсан. Гэтэл тухайн хоёр эмч нь Солонгост 45 хоногийн курст сурч ирээд миний охинд хагалгаа хийсэн" гэлээ.
Дээрх хэрэгт холбогдогч эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн нэгдэх хэсэг/10.6 Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Хэргийг эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр 29 настай эмэгтэй өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсч, улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан юм.
Тухайн үед нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Тод каннам” эмнэлэг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл, өөх соруулах хагалгаа тус эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлд байхгүй гэсэн мэдээлэл өгч байв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ