Зохион байгуулагч Сингапураас нийт 129 тамирчин хүүхдийн олимпод оролцох бол Австралийн баг 100 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирээд байгаа нь хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багт тооцогдож байна. Харин манай улсын тухайд 20 хүний бүрэлдэхүүнтэй баг Сингапурыг зорьсон бөгөөд тус наадамд нийт 11 тамирчнаа сойно. Жүдо, чөлөөт бөх, бокс, гимнастик, триатлон, усанд сэлэлт болон хөнгөн атлетик гэсэн спортын долоон төрөлд манай өсвөрийн тамирчид эх орноо төлөөлөн олимпийн дэвжээнд гарах учиртай. Манай баг тамирчдын салхийг хагалж, өчигдөр триатлоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Т.Энхжаргал өрсөлдөж, нэг цаг, 14 минут, 22.78 секундын амжилтаар 28-р байрт бичигдсэн юм. Нийт 32 тамирчин гараанаас гарч уралдсанаас Японы тамирчин Юүка Сато нэг цаг, 49.69 секундын амжилтаар түрүүлж, хүүхдийн анхдугаар олимпийн наадмын анхны алтан медалийн эзэн болж, түүхэнд нэрээ мөнхөлжээ. Харин мөнгө болон хүрэл медалийн Австрали, АНУ-ын тамирчид хүртсэн байна.
Хүүхдийн олимпийн нээлтийн ажиллагааг үзэж сонирхохоор Марина Бейд гадна, дотны 27 мянга гаруй үзэгч цугласан байв. Нээлтийн ажиллагаа бүхэлдээ ёслолын буудлага болоод тун ч өнгөлөг бүжгийн үзүүлбэрээр дүүрэн байсан. Нээлтийн ажиллагаанаас хэдхэн цагийн өмнө ОУОХ-ны тэргүүн Жак Рогге Сингапур улс 2,5 жилийн хугацаанд олимпийн наадамд гайхалтай бэлдэж чадсаныг онцолж, сэтгэл туйлын хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Тэрбээр “Төрөх өрөөнд анхны хүүхдээ мэндлэхийг хүлээж суугаа аав хүн шиг л догдолж байна” хэмээн ярьж байлаа. Харин нээлтийн ажиллагааны үеэр ноён Рогге хэлсэн үгэндээ олимпийн түүхэнд цоо шинэ хуудас нээснийг тодотгосон юм.
Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн:
Багийн ахлагч: МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн
Штабын нарийн бичгийн дарга: МҮОХ-ны гадаад харилцааны референт Б.Баяртуяа
Сурвалжлагч: Б.Өлзийтогтох /”Таван цагариг” сонин/
Шүүгч: Э.Мөнхбилэг /Ширээний теннис, ITTF/
Тамирчид:
Д.Ананд /Бокс, 57 кг/, дасгалжуулагч Н.Наранмандах
О.Дөлгөөн /Жүдо, 66 кг/, дасгалжуулагч Д.Энхбаатар
Г.Эрдэнэболд /Спорт гимнастик/, дасгалжуулагч Ц.Алтантөгс
Д.Соёлсайхан /Спорт гимнастик/, дасгалжуулагч Ч.Энхтүвшин
Т.Энхжаргал /Триатлон/, дасгалжуулагч Н.Наранбат
Х.Мичидмаа /Хөнгөн атлетик/, дасгалжуулагч Б.Батхүү
Г.Шижирбаатар /Хөнгөн атлетик/, дасгалжуулагч Б.Батхүү
Г.Өлзийбадрах /Усанд сэлэлт/, дасгалжуулагч Г.Галбадрах
Э.Сүрэнням /Усанд сэлэлт/, дасгалжуулагч Г.Галбадрах
Б.Батцэцэг /Чөлөөт бөх, 60 кг/, дасгалжуулагч Д.Мөнхбаяр
Э.Оюунболд /Чөлөөт бөх, -100 кг/, Б.Адьяахүү
Монголын тамирчдын өрсөлдөх хуваарь:
Наймдугаар сарын 16-нд:
Б.Батцэцэг /Чөлөөт бөх, 60 кг/
Г.Эрдэнэболд /Спортын гимнастик/
Наймдугаар сарын 17-нд:
Д.Соёлсайхан /Спортын гимнастик/
Х.Мичидмаа /Хөнгөн атлетик, 400 метр/
Г.Өлзийбадрах /Усанд сэлэлт, өврөөр даллах 50метр/
Э.Сүрэнням /Усанд сэлэлт, далайн гахай 50 метр/
Э.Оюунболд /Чөлөөт бөх, 100 кг/
Наймдугаар сарын 18-нд:
Г.Шижирбаатар /Хөнгөн атлетик, 100 метр/
Наймдугаар сарын 19-нд:
Т.Энхжаргал /Триатлон/ – баг
Г.Өлзийбадрах /Усанд сэлэлт, 100 метр/
Э.Сүрэнням /Усанд сэлэлт, 100 метр/
Наймдугаар сарын 21-нд:
Д.Ананд /Бокс, 57 кг/
О.Дөлгөөн /Жүдо, 66 кг/
Гэрэл зургийг olympic.mn сайтаас.