Оросууд гэдийгээд “Дорнод уран”-аа ч байгуулж чаддаггүй ээ…

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Оросууд гэдийгээд “Дорнод уран”-аа ч байгуулж чаддаггүй ээ…

УИХ-аас томилогдсон ажлын хэсэг аль социализмын үед оросууд олоод, нөөцийг нь тогтоож, заримыг нь бүр ашиглаад эхэлчихсэн байсан ураныг ордуудын лицензийг компаниудад олгочихсон “но”-г илрүүлж, лицензийг эргүүлэн авах “аян” зарласан. Мардай, Дорнод, уран гэсэн үгс хоршоо мэт сонсогдохоор болчихсон, бараг л найман настай балчраасаа эхлээд уран гэдэг асар чухал баялаг, Мардай гэдэг оросууд дүүрэн, нууцлаг газар мэт л ойлгодог байлаа шүү дээ.
Монгол уул, уурхайн улс болно гэгдэж буй энэ үед Оюутолгой, Тавантолгой тэргүүтнээс илүүтэй анхаарал татах асуудал ураныг тойрон өрнөнө гэж буй. Эхнээсээ ч дуулиант мэдээллүүд цухалзаж эхлэв.
Үүнд Мардай, Дорнод, Гурванбулагт олгосон 12 лицензийг буцааж авна хэмээсэн дуулиантай зэрэгцээд Канадын биржид бүртгэлтэй “Хан ресорсез” компани улсын төсвөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ордын хувьд төр эзэмших ёстой 51 хувийг өгөхгүй гэж гэдийсэн. Сратегийн ордыг эзэмшдгийн хувьд хувьцаагаа зах зээлд гаргахдаа Монгол Улсын засгийн газраас зөвшөөрөл авах ёстой ч чингээгүй. Бирж дээр гаргасан хувьцааг нь оросууд 0,65 ам.долллараар худалдаж авах гэж байсныг Хятадын “CNNC” 0,95 центээр худалдаж авахаар болсон. Үүнээс үүдээд манай парламентчид сратегийн ордын хувьцааг гаргах дээрээ тулбал хэмжээ, хязгаар заахгүй бол нэг мэдэхэд стратегийн ордууд чинь хүнийх болчихсон байх нь гэж сандралдаж байна. Энэ зуур ураныхаа асуудлыг шийдэж чадаагүй Цөмйн энергийн газрын даргатай хариуцлага тооцох хатуухан сануулгыг Засгийн газар тасхийлгэв.
Энэ мэтчилэн ээдрээ, дуулиан дэгдэж байх зуур дуулианы эздийн нэг “Хан ресорсез” хэмээх содон нэртэй компанийнхан албан ёсоор мэдээлэл гаргаж, компанийнхаа байр, суурийг илэрхийлжээ.  
“Хан ресорсез” нь болохоор Дорнодын ордуудын нэгийг эзэмшдэг “Төв Азийн уран”  компанийн 58 хувийг эзэмшдэг. Энэхүү компанийн нэгэн хэсгийг дээр дурдсан хувьцаа худалдаж авахад хятадууд далаараа тавиулчихаад байгаа “АтомРедМетЗолото” АРМЗ компани мөн л тодорхой хувийг эзэмшдэг. Манай хуулийн дагуу бол Дорнодын орд стратегийн орд учраас төр 51 хувийг нь авахаар “Хан ресорсез” Монгол Улсын төрийн мэдлийн “Мон-Атом” компанитай энэ нэгдүгээр сарын 22-нд Санамж бичигт гарын үсэг зурсан. Гэтэл “АРМЗ” өөрийнхөө хувиас өгөхгүй ээ гээд гэдийчихсэн. Харин “Хан ресорсез” болохоор өөрсдийн зүгээс шалтгаалах бүх зүйлийг хийхэд бэлхэн гэсэн санаа энд тодорхой харагдаж байна. Зах зээлийн жамын дагуу хэн өндөр үнэ хэлсэн нь ялдаг, үүний цаана оросууд байсан уу, хятадууд байсан уу, бидэнд огт хамаагүй. Дээр өгүүлсэн хувьцаа зарах тухай ч асуудал эцэслэн шийдэгдээгүй. Наймаа явагдаж гэмээнэ компанийн эзэмшилд өөрчлөлт орохгүй, орох ахул хуулийн дагуу зөвшөөрлөө авна гэжээ.
Бас ураны зөвшөөрлүүдийг хурааж аваагүй, албан ёсны дүгнэлт гараагүй байтал “АРМЗ”-ын тэргүүн элдэв янзын мэдэгдэл хийж байгаа. “Хан ресорсез” эзэмшиж буй лиценз зөрчилтэй тусгай зөвшөөрлийн жагсаалтад ороогүй. Тэгээд ч одоо түр түтгэлзүүлчихсэн асуудлыг шийдээгүй байгаа гэжээ. Дашрамд тэд бас 1995 оноос хойш энэ ордод 21 сая ам.долларын санхүүжилт хийгээд буйгаа дурдаад авчээ. Бас манай Засгийн газрын хөрөнгөөр барьсан төмөр замыг даварсан канадууд хуу татаж хаяж байна гэсэн мэдээлэл Засгийн газрын төвшинд яригдаж, Ерөнхий сайдыг хилэгнүүлээд авсан. Тэгвэл үүнийг бас “төмөр замыг Төрийн өмчийн хороо болон бусад төрийн байгууллагуудын шийдвэрээр хувьчилсан гэсэн мэдээлэлтэй байгаа” гэж тайлбарлажээ.
Энэ мэтчилэн талууд тайлбараа хэлэлцсэн ураны орд тойрсон “уран” шаглаа нэг сүлжилдэж, нэг орооцолдож байна.
Хамгийн гачлантай нь Оросын компанийн гэдийлтээс болж, ОХУ-ын Ерөнхийлөгч Медведев манайд айлчлах үед хоёр улсын Ерөнхийлөгчийн хэмжээнд шийдчихсэн “Мон Уран” гэдэг компаниа байгуулж чаддаггүй ээ. АРМЗ-ын асуудал нэг тийш шийдэгдтэл энэ асуудлыг шийдэхгүй гэж оросууд манайд шахалт үзүүлсээр. Өмнө нь ч энэ компанийг байгуулах гэж оросуудын шахаа, монголчуудын сандрал мундахгүй л гарсан гэдэг.

А.АЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж