Хуучирсан мэдээ: 2021.09.03-нд нийтлэгдсэн

Эмгэнэл

БАТЖАРГАЛЫН ГҮНДЖАЛАМ

(1955-2021)

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Батжаргалын Гүнджалам 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Б.Гүнджалам  нь 1955 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт төрж, 1969 онд тус сумын бага сургууль, 1973 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын дунд сургууль, 1975 онд Мөрөн хотын арван жилийн дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Москва хотын Санхүүгийн академийг дүүргэж, олон улсын эдийн засагч мэргэжил эзэмшжээ.

Тэрбээр 1981 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороонд мэргэжилтнээр ажиллаж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яам, Худалдаа, хамтын ажиллагааны яаманд мэргэжилтэн, 1992 оноос “Автоимпорт” хангамжийн нэгдэлд газрын дарга, 1995 оноос Монгол, Бельгийн хамтарсан “Юпитер” компанийн захирал, 1997 оноос “Улаанбаатар” банкинд зөвлөх, 1999 оноос Авто замын засвар, ашиглалтын нэгдлийн дэд захирал, 2002 оноос “Монгол шуудан” компанийн Замын-Үүд дэх төлөөлөгч, 2004 оноос “Говь” ХК-ийн амралтын газрын дарга, 2008 оноос “Баян газар” ХХК-д ерөнхий менежер зэрэг албыг хашиж байв.

Б.Гүнджалам улс орныхоо эдийн засгийн гадаад харилцааг өргөжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Буянт-Ухаа”  олон улсын нисэх буудал, Радио релейний студи, Улаанбаатар хотод троллейбусны 40 км шугам тавих зэрэг гадаадын зээл, тусламжаар барьж байгуулах бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээг эхлүүлэхэд гар бие оролцсон манлайлагчдын нэг байлаа.

Тэр 1990-ээд оны эхээр Монгол оронд өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл хэрэгт анхнаас нь идэвхийлэн оролцож, улмаар Шинэ дэвшилт холбоо, Монголын Үндэсний дэвшлийн намыг үүсгэн байгуулалцсан төдийгүй Хөвсгөл аймгийн иргэдийн итгэлийг хүлээн 1990 онд  Ардын Их Хурлын депутат,  1992 онд Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль тогтоогчдын нэг байлаа.

Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаандаа шинэ Үндсэн хууль болон ардчилал, зах зээлийн нийгмийн шилжилтийн үеийн эрх зүйн орчныг зохицуулах шаардлагатай хууль тогтоомжуудыг батлан мөрдүүлэхэд өөрийн мэдлэг, боловсрол, бүтээлч идэвх, оюун бодлоо дайчлан оролцож, ялангуяа төсөв, санхүү, мөнгө зээлийн бодлогын чиглэлээрх олон арван хуулийн төслүүдийн Ажлын хэсэгт багтан ажиллаж, хэлэлцүүлэн батлуулсан юм.

Түүний хөдөлмөр, зүтгэлийг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлж, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Б.Гүнджаламын хийж бүтээсэн үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, шударга, тулхтай, хүнлэг зан чанар, эгэл даруу, гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэх болно.

У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энх-Амгалан,

Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Д.Лүндээжанцан, Ж.Гомбожав, Г.Мөнгөхуяг, Ш.Идэрбаясгалан 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж