Буудайн үнийг будилуулагчид

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Буудайн үнийг будилуулагчид

Улаанбуудайн томоохон экспортлогч ОХУ-д аагим халуунтай зэрэгцэн улаан түймэр асч, ургац алдах аюул нүүрлээд байгаа мэдээлэлтэй зэрэгцээд Монголд гурилын үнэ нэмсэн бухимдал дэвэрлээ. ОХУ наймдугаар сарын 15-наас эхлэн улаанбуудайн экспортоо хязгаарлана гэж байсан ч жил бүр хэдэн тэрбум төгрөгөөр улаанбуудайн нөөц бэлтгэдэг хэмээн аархдаг Монголд ийн гурилын үнэ нэмэгдсэн нь хүмүүсийг уурыг барах нь арга ч үгүй л биз. Гурилын үнэ нэмэгдэх сургаар гурил худалдаалдаг жижиглэнгийн цэгүүд үгсэн тохирсон мэт нэг өдөр хаалгаа барьсан нь ч уур, цухлыг улам дэвэргэв. Мах магнаг болж, хоосон хонох нь хэмээн жагсаал цуглаан дэгдээж ч магадгүй байсан бухимдлыг гурилын үнийн дажин залгаж, хөдөөгүүр айраг, наадам эргүүлж яваа ноёдоо сураглан, төр засаг анхаарч, арга хэмжээ авахыг шаардсан турхиралт залгав. Гурилын үнэ дунджаар 100 орчим төгрөг нэмэгдэхэд төр засаг арга хэмжээ авахыг шаардан тэмцлийн цуурай хадаадаг нь зах зээлийн нийгэмтэй гэгддэг монголчуудын нэг өвөрмөц зан юм хойно.

Холбогдох яамныхан ч “ард түмэн”-ээ удаан бухимдуулсангүй, үнэ нэмэх гээд байгаа “эсэргүү” компаниудыг яаман дээрээ үтэр түргэн дуудан ирүүлж, хямд үнээр улаанбуудай нийлүүлэх, хариуд нь гурилын үнээ нэмэхгүй байх тохироо хийв. Яамныхан өнгөрсөн жил нэг тонн тутмыг нь 290 мянган төгрөгөөр худалдан авсан улаанбуудайгаа гурилын үйлдвэрүүдэд 220 мянган төгрөг болгон хямдруулан өгснөөр гурилын үнийг буцаагаад “номонд” нь оруулах арга хэмжээ авч байгаа аж. Ийнхүү үтэр түргэн арга хэмжээ авч, үнийг навс буулгадаг манай Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, цаашилбал Засгийн газар үнэхээр мундаг юм аа гэж “ард иргэд” нь баярлаж суугаа биз.

Гэвч эргээд бодоцгооё. Нэг кг гурил 100 төгрөгөөр нэмэгдсэн хилэнг дарахын тулд хэчнээн зуун сая төгрөг, төсвийн мөнгөнөөс гарлагадаж байгааг тооцоод үзэхэд гэмгүй байх. Дээр өгүүлсэн тооноос та анзаарсан бол гурилын компаниудад тараасан улаанбуудайн тонн бүрт гарч байгаа 70 мянган төгрөгний алдагдлыг хэн “хааж” байгаа билээ? Мэдээж татвар төлөгч бид. Засгийн газар, тэр тусмаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мөнгө тарьдаггүй, улаанбуудайг бол бүр ч тарьж ургуулдаггүй. Харин төсвийн буюу татвар төлөгч бидний мөнгөөр нөөцийн хэмээх улаанбуудай бэлтгэнэ хэмээн бөөн будилаан тарьж, чамгүй ч их мөнгө хийдүүлдэг. Нөөцийн хөрөнгөнөөс идэж шамшигдуулсан хэрэг ч сонсогдож, өдгөө шалгагдаж байгаа.

Тариаланчдаас аваад хулганын баасаар хачирласан буудайгаар зарах гэж бас бөөн ажил болдог. Чанартай, чанаргүй хамаагүй төсвийн мөнгөөр “бөөндөн” авсан буудайг эргүүлээд зарах гэтэл авах эзэн олдохгүй сандаргасан нь ч бий. Үйлдвэрлэл эрхлэгчид мэдээж хэрэг чанарын шаардлага хангахгүй, жил өнжсөн буудайг өндөр үнээр авахыг хүсэхгүй нь зүй. Тиймээс гурил үйлдвэрлэгчид болоод яамныхан хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээнд сууж байсан санагдана. Эцэст нь энэ удаад “ашгүй” гурилын үнэ жаахан өсөнгүүт үйлдвэрүүдэд нөөцийн буудайгаа “шахаж” байгаа нь энэ.

Үүн дээр жамаараа явах ёстой зах зээлийг үе үе бужигнуулан будилуулдаг төрийнхний будилааны алсуур хор нөлөөг тооцоход бас хэцүү. Ард иргэддээ хямдхан гурил идүүлэх гэж мэрийж  байгаа мэт харагдах гүйцэтгэх засаглалынхны хийсэн алхам болгон ардаа сүүдэр дагуулж, зах зээлийг хямрааж буйг сүүлийн ганц хоёр жилийн жишээн дээр харья.

Дэлхий даяар улаанбуудайн ургац алдсан тээр жил буюу 2008 онд манай мэргэн төрийнхөн стратегийн бүтээгдэхүүнээ нөөцөлж байхгүй бол горьгүй нь хэмээлцэн төсвөөс тэрбум тэрбумаар нь хөрөнгө гарган нөөц бэлтгэсэн. Нэмэрт нь тариаланчдыг урамшуулна хэмээн тонн бүрд 60 мянган төгрөг олгохоор болсон. Сайхан зорилготой мундаг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ яаж ийгээд л будилаан нугалаа гаргаж амждаг төрийнхөн буудай өндөр үнээр худалдан авна гэсэн хүлээлт үүсгэж, гурил үйлдвэрлэгчдийг түүхий эдээ ердийн зах зээлийн үнээр худалдаж авах аргагүй болтол нь хямрааж орхисон. Яаманд буудайгаа өндөр үнээр шууд өгч, нэмэрт нь бас урамшуулал авна гэж хөөрөлхсөн тариаланчид өнөөдөр гурилын үнэ өсгөсний буруутан болоод байгаа гурилын үйлдвэрийнхэнд буудайгаа өгөхгүй хэмээн гэдийж байв, өнгөрсөн намар. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр яаманд буудайгаа өгсөн тариаланчид төлбөрөө авч чадахгүй намар, өвөлжингөө хэрэлдэж, хавартай золгосон. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас мөнгөө авч чадахгүй байгаа учир тариаландаа гарч чадахгүй нь хэмээн бөөн маргаан дэгдээсээр хавартай уралдан хагас хугасыг нь авч чадсан байх. Ингэж тариаланчдад нь ч амласан мөнгөө өгөхгүй луу унжиж, үйлдвэрлэгчдийг ч хямд үнээр түүхий эдээ бэлтгэх боломжийг хааж баахан будилаан хутган бэлтгэсэн нөөцөө тэд өнөөдөр үйлдвэрлэгчдэд эргүүлэн шахаж, гурилын үнэ хямдруулсан гавьяаны эзэд болж буй хэрэг.

Ийнхүү байнга будилаан хутгаж байдаг төрийнхөн энэ удаад дэмжиж туслаад байхад гурилынхаа үнийг өсгөөд байна гэж гурил үйлдвэрлэгчдийг буруутан болгохыг чармайж байх шиг. Гэвч нэг талаас хямдхан улаанбуудай нийлүүлж, гурил үйлдвэрлэгчдээ хазаарлаж байгаа ч нөгөө талд тариаланчдаа бас дахиад дөнгөчихөж магадгүй нь.

ОХУ улаанбуудайн экспортоо зогсоож, Монголд тэнгэр хангай ивээлээ хайрлаж буйн буянаар энэ жилийн ургацаа гайгүй үнэд хүргэж арилжаалах байсан тариаланчдад төрөөс шахсан хямдхан улаанбуудай “шавар хаах” нь тодорхой. Нэгэнт түүхий эдээ төрөөс хямдхан авсан үйлдвэрлэгчид бидний буудайг өндөр үнээр авахгүй л болов уу гэсэн айдастай байгаа аж. Тэд дэлхийн зах зээлд буудайн үнэ хямд байхад өндөр үнээр авна гэж биднийг баахан дэвэргэчихээд одоо үнэ өсөөд ирэхээр нь хямдруулна гэж зүтгэх энэ төрийн албатуудыг яана даа гэж зүхэж суугаа биз.

Ийнхүү нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг гурилын үнэ нэмэгдэв гэсэн сургаар авсан гэх арга хэмжээ нь энэ удаад тариаланчдыг хямраах нь. 

Уг нь газар тариалангийн салбараа, тариаланчдаа “аврах” гэж л ажил хийгээд байгаа мэт төрийн албаныхны алхам болгон газар тариалангийн салбарынхныг хярамцаг болтол нь будилуулсаар л байх нь. Яаж ч бодсон “энэрэнгүй” төрийн  маань урт “гар” хүрсэн болгоноо будилаантуулчих юм даа, бадарчин явсан газар балагтай гэдэг шиг…  Буудайн үнийг будилуулж ханадаггүй төрийнхөн одоо бас дахиад юу хийх гэж зэхэж байгаа бол доо.

А.АЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж