Крипто зах зээл манай улсад эрчимтэй хөгжиж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.03-нд нийтлэгдсэн

Крипто зах зээл манай улсад эрчимтэй хөгжиж байна

Крипто зах зээл манай улсад эрчимтэй хөгжиж байна

Дэлхий нийтэд өнөө цаг үед койн, криптогийн талаар ярьдаггүй улс үндэстэн гэж бараг байхгүй болжээ. Тэгвэл өдрөөр биш цагаар хөгжиж буй энэ салбарын цаашдын ирээдүй мөн саяхан шуугиан тарьж нээлтээ хийсэн “ИХ БИТ”  ХХК-н IHC шинэ койны эргэн тойронд болсон үйл явдлын талаар “КойнХаб” ХХК-н гүйцэтгэх захирал О.Баттулгатай ярилцлаа.


-Ярилцлагаа  блокчэйн технологи болон крипто зах зээлийн талаар эхлүүлье. Сүүлийн өдрүүдэд койн иргэдийн мэдэхийг хүссэн, сонирхолтой сэдэв байлаа?

-Блокчэйн технологийг маш энгийнээр тайлбарлан хэлбэл энэ бол бүртгэлийн систем юм. Уг технологи дээр суурилсан крипто зах зээлийн үнэлгээ хоёр наяд ам.доллараар хэмжигддэг.  Манай улс тус салбарын хөгжилтэй хөл нийлүүлэн хамтдаа алхаж байна. Энэ бол маш сайн мэдээ төдийгүй манай улс блокчэйн технологи ашиглан дан ганц криптовалют бус бүх төрлийн IT төслүүдийн хөгжлийг хурдасган олон улсаас хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой юм.

-“ИХ БИТ” ХХК-н IHC койны эргэн тойронд юу болж өнгөрсөн бэ. Анх эхлэхдээ 30 тэрбумыг босгохоор зорьж байсан шүү дээ?

-IHC койны анхдагч захиалга авч эхэлсэн өдөр буюу  2021 оны наймдугаар сарын 25-нд Монгол Улсад крипто салбарыг сонирхож буй асар олон хүн байна, мөн хүмүүс их бага хэмжээгээр энэ салбарын ойлголттой болсон гэдгийг нотолсон өдөр болж өнгөрлөө. Энэ салбарт биднээс өмнө ажиллаж, иргэдэд сайн таниулж ажиллаж чадсан Trade, Dax  зэрэг биржүүдийг үүсгэн байгуулсан залуустаа бас талархах хэрэгтэй болов уу.

Уг өдөр нийт 30 тэрбум төгрөг босгохоор дотоодын Dax, Trade, Complex, Coinhub зэрэг 4-н крипто бирж дээр тус бүр 7,5 тэрбум төгрөгийн IHC койны анхдагч зах зээлийн захиалга нэгэн зэрэг явагдаж маш богино хугацаанд иргэдээс хэдэн зуун мянган хүсэлтүүд давхардан ирж дотоодын биржүүдийн системүүд өөр өөрсдийн бэрхшээлтэй тулгаран хэт ачааллаас үүдэлтэй технологийн давагдашгүй хүчин зүйлүүдтэй нүүр туллаа.

Монгол Улсад урьд хожид байгаагүй богино хугацаанд хэт их хандалтын ачаалал системүүд дээр ирж систем урьдчилан тооцоолох боломжгүй ажиллагааны горимд шилжих, доголдох, гацах, ажиллагаагүй болох зэрэг олон зүйл болж өнгөрсөн. Койнхаб биржийн системийн хувьд ч мөн ялгаагүй төсөөлөөгүй гэнэтийн их хандалтаас шалтгаалан IHC койны захиалгын хүсэлт илүү бүртгэгдсэн тохиолдол гарсан.

-Захиалгын хүсэлт нь илүү бүртгэгдсэн захиалагчдын хэтэвчнээс койн буцаагдсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Яг юу болсон юм бэ?

-Систем захиалгын хүсэлт илүү бүртгэсний улмаас захиалагчийн хэтэвчинд хуваарилагдсан койныг захиалгын хугацааны дагуу шүүж 25 тэрбум ширхэг IHC койны захиалга 11:00:43.493 секундэд дууссан байснаар буюу захиалгын хүсэлт системд бүртгэгдсэн дарааллаар хүсэлтүүдийг дахин шалгаж эхнээс нь баталгаажуулсан юм.

Манай биржийн хувьд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд захиалгын хүсэлт нь 11:00:43.493 секундад багтсан 1,253 хэрэглэгчийн захиалгын хүсэлтийг баталгаажуулах, системд илүү бүртгэгдсэн буюу 11:00:43.493 сэкундээс хойшхи захиалгын хүсэлтийн татагдсан мөнгийг шимтгэл суутгалгүй бүрэн хэмжээгээр буцаасан. Мөн мөнгөө гаргахад шимтгэл суутгахгүй байх хугацаа тогтоож хэрэглэгчээс ямар нэгэн зардал гаргахгүй байх, бодит хохирол учруулахгүй байх арга хэмжээг бүрэн авсан. Тодруулбал нэгэнт 11:00:43.493 секундээс хойшхи захиалгын хүсэлтийг биелүүлэх койн байхгүй, байхгүй зүйлийг хуваарилах боломжгүй тул болсон процессоос нэг ч хэрэглэгч, захиалагчид бодит хохирол учруулахгүй байлгах арга хэмжээ авсан. Гэвч захиалга нь амжилтгүй болсон хэрэглэгч нарын дунд нэлээдгүй бухимдлыг төрүүлсэн үйл явдал болсон.

 Дараагийн арга хэмжээ юу вэ? Аудитын байгууллагаар шалгуулах асуудал яригдаад байгаа. Танайх энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Бидний хувьд үйл ажиллагаа явуулж эхлээд нэг сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд энэ салбартаа олон шинэлэг зүйл хийхийг зорьж, системийн хүчин чадлын хувьд ч сайн байлгахыг зорьж цаашдаа Төв Азийн зах зээлд үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл хангаж ажиллаж байгаа. Энэ утгаараа захиалга нь амжилтгүй болсон хүмүүсийн яриад байгаа шиг маш муйхар зүйл хийж, койны шударга эзэмшигчдийн захиалгыг өөрчлөх, хэдэн хүн бүртгэлд нэмж оруулах төдий үйлдлээр биржийнхээ цаашдын ирээдүйг үгүй хийхгүй гэдгийг харилцагчид маань ойлгож, хүлээн авахыг хүсэж байна. Бүх шатны шалгалт оруулахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн, мөн аудитын байгууллагуудад  хүсэлтүүдээ гаргаад хариу хүлээгээд байж байна.

“НЭГ Ч ХЭРЭГЛЭГЧ БОДИТ ХОХИРОЛ АМСААГҮЙ”

 -Бодит хохирол нэг ч хэрэглэгчид учруулаагүй гэдгийг салбарын цөөнгүй хүмүүс бичсэн байна. Иргэдийн дунд койныг луйвар гэх буруу ойлголт яваад байна уу. Оруулсан мөнгөө буцааж авч чадах уу. Хэрэглэгчдийн зүгээс ямар санал гомдлыг хэлж байна?

-Шулуухан хэлэхэд нэг ч хэрэглэгч бодит хохирол амсаагүй. Бидний хувьд мэргэжлийн байгууллага, шинжээч нарт нь үзүүлээд захиалгад оролцсон хүмүүсийн хардлагыг эцэслэх шаардлага үнэхээр байгаа тул энэ асуудлыг орхилгүйгээр EY, PWC, KPMG, BDO зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн аудитын компаниудад цаг алдалгүй хүсэлтээ өгөөд хариу хүлээж байгаа. Гэхдээ хариу өгөх ажлын процессд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагддаг юм байна, мөн холбогдох талуудад, төрийн байгууллагуудад болсон бүх процессийн талаар дэлгэрэнгүй мэдээллүүд хүргэж танилцуулсан. Хэрэглэгчийн гомдол, бухимдал бол мөнгөө буцааж авахгүй, захиалсан койноо л авна гэх хүсэлтэй яваад байгаа. Мөнгийг бол даруй хэрэглэгчийн хэтэвчинд буцааж хийсэн мөн шимтгэлгүй гаргаж авах хугацаа тогтоосон, ихэнхи нь бүр биржийн хэтэвчнээсээ өөрийн банкны данс руугаа мөнгөө гаргаад авчихсан.

Тэгэхээр одоо мөнгөө буцааж авахгүй гэж гомдоод байгаа хэрэглэгчээсээ бидэнд койн нь байхгүй, хэмжээтэй, хязгаартай тоотой байсан нь захиалгын дарааллын дагуу тараагдсан, бид шууд гаргаад өгөх боломжгүй гэдгийг ойлгохыг хүсэж байна.

Харин хэн ч шалгаж тогтоогоогүй байхад биднийг гүтгэж бусдын хууль ёсны эзэмшилд очсон койныг шууд завшсан, өөрсдөө их хэмжээгээр авсан гэх зэргээр нийгэмд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттай болон бусад байдлаар маш ихээр худал мэдээлэл цацаж байгаа, мөн ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахын тулд холбогдох газруудад нь өгч шалгуулах ажлыг хийхээс өөр аргагүй байдалд хүрч байна.

-Танай байгууллага энэ салбарт яагаад орох болсон юм бэ. Шалтгаан нь юу байв?

-Бидний хувьд Дэлхий даяар явж буй энэ хөгжил дэвшлийг хараад суухыг хүсээгүй харин төв Азийн бүс нутагтаа түүчээлэн орохоор шулуудан нэг  сар хагасын өмнөөс олон улсын стандарт бүхий тодотголтойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Койнхаб биржийн хувьд Дэлхий нийтээр ашиглаж буй крипто биржийн үйлчилгээг Монголчууддаа байгаа газраасаа эх хэл дээрээ хялбараар авах боломжийг олгож байгаа олон улсын крипто арилжааны хөтөч юм. Манай бирж одоогийн байдлаар нийт тавин таван мянган харилцагчтай болж, өдөрт 4-5 тэрбум ₮-ийн арилжааг гүйцэтгэж байна.

-Үйл ажиллагаа эхлээд сар гарнын хугацаанд ямар ажлууд хийсэн бэ?

-Бид дотоодын хамгийн том 3 койн, Дэлхийд эрэмбээрээ топ 10-т бичигддэг 7 койн болон бусад нэр хүнд бүхий 2 койн зэрэг нийт 12 койныг бирж дээрээ арилжаалж байна. Цаашдаа ч сар бүр дотоод, гадаадын топ койнуудыг арилжаанд шинээр нэмэхээр төлөвлөн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Койнхаб бирж дээр USDT-н төгрөгтэй тэнцэх ханш нь 2860 байгаа бөгөөд дотооддоо хамгийн хямд гарц болоод зогсохгүй Дотоодын USDT арилжааны зах зээлийн 90 гаруй хувийг дангаар эзэлж байна. USDT гэдэг нь өөрөө бусад койныг худалдан авах суурь койн гэж ойлгож болно. Зөвхөн энэхүү үнийн бууралтаас сар гаруйн хугацаанд Монголын крипто хөрөнгө оруулагчид 200-c 500 сая төгрөгийн шимтгэлийн зардал хэмнэсэн үзүүлэлттэй байна.

 -Монгол улсад байгаа алтны нөөц, алт болон түүхий эдийн нөөцөд тулгуурлан уул уурхайд түшиглэсэн байгалийн баялгаар баталгаажсан койныг гарган олон улсад шууд зарах, эргэлтэнд оруулах боломжтой гэж харсан уу?

-Бид PAXG буюу дэлхийн алдарт Бринк компанийн Лондон дахь эрдэнэсийн санд бодитоор байрших цэвэршүүлсэн алтаар баталгаажсан койныг  Монголд анх удаа өөрийн биржээр дамжуулан оруулж ирсэн. Монголчууд өмнө нь хэзээ ч ийм хялбар, уян хатан байдлаар алт худалдан авч чаддаггүй байсан бол бид энэхүү койныг бирж дээрээ арилжаалснаар хүн бүрт уг боломжийг нээж өгөөд байна. Түүнчлэн бид, Монгол улсад байгаа алтны нөөц, алт болон түүхий эдийн нөөцөд тулгуурлан уул уурхайд түшиглэсэн байгалийн баялгаар баталгаажсан койныг гарган олон улсад шууд зарах, эргэлтэнд оруулах бүрэн боломжтой харагдаж байна. Ингэснээр алтыг экспортлох, түүхий эдийг борлуулахтай холбоотой гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, нөгөө талаараа дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг дотооддоо авч үлдэх өндөр ач холбогдолтой юм.

Мөн крипто валютын зах зээлийн үнэлгээгээрээ гуравдугаар  байранд бичигдэж буй ADA койныг бид лист хийсэн бөгөөд, CARDANO FOUNDATION байгууллагатай хамтран блокчэйн шийдэл ашиглан нийгмийн асуудлыг шийдэх төсөл хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж байна. . Энэ нь Манай улсын крипто зах зээлийн өсөлт Дэлхийд хэрхэн үнэлэгдэж байгааг харуулж байна.

Мөн биржийнхээ үндсэн койн болох CHB нэршилтэй койны анхдагч зах зээлийн захиалгыг амжилттай гүйцэтгэсэн. Уг койн нь Койнхаб биржийн арилжааны шимтгэлийн цэвэр орлогын 70%-ийг сар бүр койн эзэмшигчиддээ ногдол орлого хэлбэрээр тараадгаараа онцлогтой бөгөөд эхний ногдол орлогоо энэ оны есдүгээр сарын 25-аар тасалбар болгож, есдүгээр сарын 28-ны өдөр койн эзэмшигчиддээ тараахаар төлөвлөн ажиллаж байна.

 -Биржийн хийгдэх ойрын ажлуудыг дурдахгүй юу. Хэрэглэгчдэд зориулсан аппликейшн гаргаж байгаа гэв үү?

-Coinhub андройд аппликэйшн нь өчигдөр албан ёсоор нээгдэж байна. IOS аппликэйшн маань иргэдийн гарт очих гээд apple-с хариу хүлээж байгаа.

-Монголд виртуал хөрөнгийн зах зээлийг хөгжүүлснээр хөрөнгө оруулалтын шинэ боломжууд, олон сонирхолтой төслүүд бий болох байх. Цаашид юу хийх вэ?

-Бид кредит картын үйлчилгээг нэвтрүүлэхээр Монголын арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна. Үүнээс гадна цахим худалдааны сайтын харилцагчдын хөнгөлөлт урамшууллын систем шийдэл боловсруулан хөгжүүлж байна. Ер нь Манай улсад виртуал хөрөнгийн зах зээлийг хөгжүүлснээр хөрөнгө оруулалтын шинэ боломжууд, олон сонирхолтой төслүүд цаашид бий болно. Энэ чиглэлээр яригдаж байгаа төслүүд ч байгаа. Гол нь бид энэ зах зээлийн, салбарын үр өгөөжтэй байдлыг зөв олж мэдэх, үнэлэх, энэ талаар илүү түгээх, цаашид хөгжих боломжийг нь хаачихгүй байх дээр анхаарчна. Мөн энэ салбарт одоо ажиллаж байгаа хүмүүс бүгд хамтарч ажиллах цаг мөч тохиогоод байгааг энэ ярилцлагаар дамжуулж хэлэхийг хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Android аппликэйшн татах холбоос:  https://bit.ly/2WUeRU2

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
35
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж