Ажлын цагийн зохицуулалт буюу түгжрэл бууруулах гарц

Хуучирсан мэдээ: 2021.09.03-нд нийтлэгдсэн

Ажлын цагийн зохицуулалт буюу түгжрэл бууруулах гарц

Ажлын цагийн зохицуулалт буюу түгжрэл бууруулах гарц

Нийслэлийн төр, захиргааны байгууллага, харьяа газар, агентлагууд, дүүргүүдийн албан хаагчид зуны цагийн хуваариараа ажиллаж байна. Өмнөх жилүүдэд есдүгээр сарын 1-нээс эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжиж, 09:00-18:00 цагт ажилладаг байсан бол энэ жилийн хувьд авто замын ид ачааллын үед бусадтай зэрэгцэн түгжрэл үүсгэхгүй байх шийдвэрийг Хотын дарга гаргалаа.

Ялгаатай цагийн хуваарьт шилжих нь урин дулааны улиралд байгалийн гэрлийг ашиглаж, эрчим хүч хэмнэхийн дээр авто замын түгжрэлийг бууруулах, бүх машин нэгэн зэрэг хөдөлгөөнд оролцохоос сэргийлэх бас нэгэн алхам. Судалгаагаар нийслэлийн төр, захиргааны байгууллагын алба хаагчдын 55.6 хувь нь хувийн машинаараа ажилдаа ирж, очдог гэнэ. Нийт 48 мянган албан хаагчдын хэмжээнд тооцвол 26.6 мянган хүн автомашинаар зорчдог аж. Тэгэхээр нийслэлийн харьяа газруудын ажлыг 08:00 цагаас эхлүүлснээр 26.6 мянган машин 08:00 цагаас өмнө хүрэх ёстой газартаа хүрсэн байна гэсэн үг. Нийслэлийн төдийгүй улс орны хэмжээнд анхаарал татаж буй түгжрэлийг шийдэхэд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид өөрсдөө түүчээлсэн нь үнэхээр дэмжүүштэй хэрэг. Энэ шийдвэрийг үзэглэсэн мөчөөс сайшаал, зэмлэл зэрэг дуулдаж байна. Зарим иргэний санал, сэтгэгдлээс  сийрүүлбэл:

… Зөв зөв. Жаахан эртэч болмоор байна аа, манай улс.

… Эртээ урьдын цагт дунд сургууль, үйлдвэр, аж ахуйн газрууд 08:00, ясли, цэцэрлэг, албан конторууд 09:00, их, дээд сургуулиуд 08:40 цагт ажил нь эхэлдэг байлаа. Автобус 06:00 цагт явж эхэлдэг байлаа.

… Би Баянбүрдээс Налайх руу явж ажилладаг. Өглөө Баянбүрдээс эхний автобусанд суухад 07:00 цагт хөдөлж,  Офицер дээр 7:30-д очдог. Цаашаа Офицероос Налайхад 08:20-д очдог. Бүх автобуснууд эцсийн буудлаасаа 06:45-д хөдлөөд 07:00 цагийн  үед Баянбүрд дээр ирдэг учраас ийм юмаа. Төрийн албыг эрт эхлүүлэхэд төвөгшөөх юм алга. Харин нийтийн тээврийн газар эцсийн буудлаас өглөө арай эрт 06:45-д биш, ядаж 06:30-д хөдөлдөг болгож өгөөч, Д.Сумъяабазар дарга аа.

… Төр, хувь гэхгүй 07:00-16:00 цагт ажилладаг болгомоор. Ар гэртээ цаг зарцуулж чадахгүй, харих гэж түгжирсээр байтал 19:00 цаг, хоолоо хийж идэх гэсээр байтал 21:00-22:00 цаг. Ингэж идсэн хоол хоол болох уу. Буруу хооллож эрүүл мэндээрээ хохирсоор л байна шүү. Иргэдээ зөв амьдралын хэвшилд оруулахад нэмэртэй л шийдвэр юм.

Ажлыг эрт эхлүүлж, эрт дуусгах, ингэхдээ төрийн албаныхан эртэч байхаар шийдвэрлэсэнд иргэдийн олонх нь талархаж байна. Харин төрийн албан хаагчдын хувьд хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цаг, ажил эхлэх цагтай давхцах, үйлчлүүлэгч иргэд өглөө эрт ирж үйлчлүүлэхгүй хэр нь орой ажил тарах үеэр олноороо ирэх гэхчлэн бэрхшээлийг голчлон өгүүлж байна. Тэдний хувьд ажил эрт эхэллээ ч орой цагтаа тардаггүй гэсэн гомдол зонхилж байх юм. Ажлыг цагт нь багтаан үр бүтээлтэй амжуулна гэдэг маш том соёл төдийгүй ажилтан, албан хаагчид, ар гэр, үр хүүхдэдээ тавих анхаарал халамж сайжирч, ажилтнуудын сэтгэл ханамж ч өндөр байдаг ажээ.

Мэдээж энэ мэт бэрхшээл бий. Гэвч олонхын эрх ашгийг цөөнхөөс дээгүүрт тавьдаг нь ардчиллын зарчим. Дондог, Долгорын гэрт тохиолдсон бэрхшээлээс үүдэн хот даяараа түгжрэн бачимдаж явах уу, тэднийг хүүхэд багачуудаа хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгт нь өгүүлж, нийтээрээ шинэ алхам хийж, шийдэл гарц хайх уу гэдэг ондоо асуудал юм. Мөн энэ хичээлийн жилээс нийслэлийн 25 цэцэрлэгийг ээлжийн багштай болгож, 07:00-20:00 цагт ажилладаг байхаар зохицуулсан. Цэцэрлэг, сургуулийн цагийг эцэг эхчүүдийн ажлын цагаас 30 минутаас нэг цагийн зөрүүтэй тогтооход л хүмүүсийн бухимдал, замын түгжрэлтэй хамт алга болох билээ. Нөгөөтээгүүр, ажилчдын автобус, байгууллагын цэцэрлэг гэсэн бас нэгэн шийдэл байж болох. Ажилтан, албан хаагчдыг байгууллагын унаагаар зөөж болохын дээр дэргэдээ цэцэрлэгтэй болчихвол төрд данстай албан хаагчид маань сэтгэл хоёрдохгүйгээр ажлаа хийх боломж бүрдэх юм.

Энэ бүхнээс үүдэн Ерөнхий сайдын зүгээс түгжрэлийг бууруулах ойрын хугацааны зорилтод  хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх, томоохон худалдаа үйлчилгээ, худалдааны төвүүдийн эхлэх цаг болон ажиллах өдрүүдийг зөрүүлэх талаар судалж, даруй шийдэлд хүрэхийг даалгасан.

Ажлын цагийн зохицуулалт хийж, байгууллагуудад ялгаатай цагийн хуваарь тогтоох нь түгжрэлийн оргил ачааллыг 10-15 хувиар бууруулна гэж олон улсын судлаачид тогтоожээ. Олон улсад төрийн байгууллага, хувийн хэвшил, дэлгүүр, худалдааны төв болон түгээлтийн ажлын цагийг зөрүүлэх нь түгээмэл жишиг юм. Жишээ нь, ихэнх өндөр хөгжилтэй орнууд түгээлтийг үүрийн 04:00 цагаас өглөөний 07:00 цагийн хооронд хийдэг. Тэр бүү хэл сургууль, цэцэрлэгүүд ч бүгд нэг цагт бус, ялгамжтай байдлаар нээж, хаадаг байна. Энэ мэт туршлагыг нэвтрүүлж, шинэчлэл хийж байж л түгжрэл буурна.  Өөрт тулгарч буй асуудал болгоныг бусдад нялзаан төвөгшөөгөөд байвал түгжрэлд хувь нэмэхээс хэтрэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж