/МХЕГ/-аас ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд /ААН/ шалгалт хийсэн. Уг шалгалтыг зургадугаар сарын 15-аас наймдугаар сарын 1-ний хооронд явуулсан юм. Нийт 16 аймгийн 50 гаруй сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг 190 гаруй аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 474 зөрчил илрүүлэн, 553 заалт бүхий 64 албан шаардлага, 167 заалт бүхий 56 акт, 82.270 сая төгрөгийн торгууль, 6.480 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ. Шалгалтын талаар МХЕГ-ын гоелоги, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Баатарцогтоос тодрууллаа.
-Шалгалтын нэгдсэн дүн гарсан уу?
-Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудаас бусад бүх аймаг, сумдад үйл ажиллагаа эрхэлж буй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийг хамарсан шалгалтыг долоон үндсэн чиглэлээр ажлын хэсэг гарган ажилласан. Одоогоор шалгалтын нэгдсэн дүн гараагүй. Гэхдээ эхний зургаан чиглэлийн дүн гараад байгаа. Харин ашигт малтмалын лиценз ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бичиг баримтын бүрдлийн хяналт шалгалт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
-Шалгалтын үеэр ямар зөрчил дутагдал илэрч байна вэ?
-Ашигт малтмал ашиглах, зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө, технологийн горимыг мөрдөж ажиллаагүй, батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй, улсын комисс хүлээж аваагүй байхад уурхайн ажлыг эхлүүлсэн зэрэг зөрчлүүд байна. Мөн Геологи маркшейдерийн баримт бичгийг хөтөлдөггүй, “Ил уурхайн аюулгүйн ажиллагааны дүрэм” болон “Хүдэр, хүдрийн бус шороон ордыг далд аргаар ашиглах аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн холбогдох заалтуудыг зөрчиж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон түүнд нэмэлт тодотгол хийлгэж батлуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулаагүй, ус ашиглуулах дүгнэлт гаргуулаагүй, газрын төлбөрийг төлөөгүй, орон нутагтай газар эзэмших гэрээ хийгээгүй байна. Зарим тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд ой, усан сан бүхий газрыг ордыг сорчлон олборлох, археологийн судалгаа хийлгээгүй, хуучин олборлолт явуулж байгаад байгалийнхаа жамаар нөхөн сэргээлт хийгдсэн талбай дээр хаягдал эфелийг дахин ашиглахаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна. Нийт 190 гаруй аж ахун нэгжид шалгалт хийсний 167 байгууллагад нь МХЕГ-ын улсын байцаагч зөрчил арилгах талаар тодорхой хугацаа бүхий заалт хүргүүлсэн. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох, хэсэгчлэн зогсоох зэрэг арга хэмжээ авсан бөгөөд тодорхой хугацаа заан энэ хугацаанд зөрчил дутагдлаа арилгасан байхыг сануулсан. Зөрчил арилаагүй тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна.
-Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй гэсэн шүүмжлэл их байдаг. Энэ удаад ямархуу байна?
-Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг “Одод гоулд” ХХК, “Ханшижир” ХХК зэрэг алтны шороон орд олборлодог байгууллагууд байгаль орчны нөхөн сэргээлтийг сайн хийсэн байна. Харин Өвөрхангай аймгийн Уянга суманд ажилладаг “АУМ” ХХК, Архангай аймаг дахь “Монгол газар” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй “Монгол Болгар гео” ХХК-иуд байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй байна. Эдгээр газар хувиараа алт олборлогчид олон байдгаас харилцан уялдаатай ажиллах, байгаль орчны нөхөн сэргээлт хийх боломжоор хомс гэдэг нь харагдаж байсан. Ер нь бол дийлэнх уул уурхайн компаниуд байгаль орчны нөхөн сэргээлтийг хийгээгүй байгаа тул манай байгууллагаас “хаалтын төлөвлөгөө” гаргаж, түүнийгээ биелүүлэхийг шаардах болсон. “Уурхайн хаалтын төлөвлөгөө” гэж байдаг. Үүнд ашиглалтын дараа тухайн газар орноо нөхөн сэргээх, ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөн хийх, уурхай хаагдсны дараах тухайн нутгийн дэд бүтэц, нийгмийн асуудал зэргийг хэрхэн шийдвэрлэх зэргийг тусгасан зураг төсөл, маркшейдерийн хэмжилт бүхий төлөвлөгөөг байдаг. Ер нь сүүлийн 15 жилд ашигт малтмалын лиценз олгох болон түүнтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлэх, олборлолтын хэмжээ зэргийг л гол болгож ирсэн. Гэвч тодорхой хугацааны дараа дээрх ордын ашиглалтын хугацаа, нөөц дуусахад нөхөн сэргээлтийг орхигдуулдаг. Тиймээс одоо компаниудад “Уурхайн хаалтын төлөвлөгөө” боловсруулж, мэргэжлийн байгууллагаар батлуулан орон нутагт нь хүлээлгэн өгөхийг шаардаж байгаа.
П.Наран