Энэ хичээлийн жилд нийслэлийн 286 ерөнхий боловсролын сургуульд 341 мянган сурагч суралцана. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор танхим болон цахим хэлбэрийг хослуулан хичээллэх хуваарийг Боловсролын яамнаас гаргасан. Анги танхимын ачаалалтай олон бүлэг, сурагчтай дээрээс нь автозамын түгжрэлтэй энэ үед нийслэлийн сургуулиудад сурагчдад үйлчлэх автобус хэзээнээс явж эхлэх нь эцэг эхчүүдийн анхаарлыг татаж байна. Уг нь тендер зарлаж, төсөв санхүүг нь баталж өгсөн ч сургуулийн шинэ автобусны таталт болон хэзээнээс үйлчилгээнд явах нь тодорхойгүй байгаа юм. Хүүхдийн хэчнээн автобус хэзээнээс явж эхлэх талаар нийслэлийн Боловсролын газраас өгсөн мэдээллээр:
-Сургуулийн автобус төсөл гурав дахь хичээлийн жилдээ үргэлжилж байна. Өнгөрсөн хоёр хичээлийн жилд цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоож, зориулалтын үйлчилгээнд гэхээс илүүтэй цагдаагийн алба хаагчдыг хүргэх зэрэг чиглэлд явж байсан. Харин 2021-2022 оны хичээлийн жилд есдүгээр сарын 6-н буюу ирэх Даваа гаригаас сургуулийн 37 автобус явж эхэлнэ. Уг нь 1-нээс автобус үйлчлэх ёстой байсан ч анги бүлгийн зохицуулалт, сурагчдын тоо, зорчих хөдөлгөөний маршрут хараахан эцэслэгдэж гараагүй учир хий дэмий үргүй зардал гаргахгүй байх үүднээс долоо хоногоор хойшлуулсан.
СУРАГЧИД ХОЁР БҮЛЭГТ ХУВААГДСАН УЧИР СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ ТОО 3-ААР ЦӨӨРСӨН
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор "Их тойруу"-д байршилтай 17 ерөнхий боловсролын сургууль, мөн нийслэлийн захын дүүргүүдэд байрлах ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчлэхээр болсон байгаа. 29 сургуульд мэдэгдэл хүргүүлсэн. Одоо сургуулийн удирдлага, алба хаагчид тус үйлчилгээнд хэчнээн хүүхэд хамрагдах болон бусад шаардлагатай мэдээллийг нэгтгэж байгаа.
Сургуулийн автобусаар зөвхөн бага ангийнхан бус, бүх сурагч үйлчлүүлэх боломжтой. Өнгөрсөн хичээлийн жилд 40 автобус үйлчилж байсан. Сурагчид хоёр бүлэгт хуваагдан хичээлж буй учраас одоогийн байдлаар автобусыг нэмэх талаар яригдаагүй. Хүүхэд тээвэрлэх зориулалтын автобусны татан авалт хил гааль болон төсөв санхүүгээс хамааралтай байдаг. Ямартай ч 2024 он хүртэл жил бүр тодорхой хэмжээний төсөв гаргаж 75 сургуулийн автобустай болохоор төлөвлөж байгаа гэсэн юм.
Өндөр өртөг бүхий сургуулийн автобусын татан авалт энэ онд хийх ёстой байсан ч энэ жил Covid-19-тэй холбоотойгоор нэг ч автобусыг нэмж оруулж ирээгүй байна. Нийслэлээс энэ талаар тодруулахад сургуулийн автобус төсөл хэрэгжилтийн шатанд явж байгаа. Батлагдсан төсөв санхүүгийн хүрээнд татан авалтын хийнэ гэхээс өөр хариулт өгсөнгүй. Тэгвэл тоо нь нэмэгдээгүй харин ч буурсан сургуулийн автобусыг авахаар төлөвлөсөн энэ жилийн санхүү юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байна.
Холбоотой мэдээ