Ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг цаг агаарын байгууллагаас анхааруулсан. Тиймээс ургац хураалтын ажил хойшлох эсэх болон ургац хураалт энэ жил дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодрууллаа.
-Ургац хураалт энэ сарын 15-н гэхэд жигдрэх төлөвтэй байна. Тооцооллоор улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь хангах боломжтой. Хүнсний ногооны хувьд өнгөрсөн жилүүдэд 40-50 хувийг хангадаг байсан бол одоо 60 орчим хувийг хангахаар урьдчилсан төлөв гараад байгаа. Энэ зун хур тунадас элбэг байсан учраас тариа ногооны болц тал дээр асуудал байхгүй. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой гэсэн. Нойтон цас орсон ч ургац хураалтад төдийлөн нөлөөлөхгүй. Өмнөх жилүүдтэй харьцуулбал энэ зун харин ч цаг агаар тогтуун байлаа.
ХАВРЫН ТАРИАЛАЛТ 4-5 ХОНОГ ХОЙШИЛСОН Ч УРГАЦ ХУРААЛТ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВЖ БАЙГАА
Ургац хураалтын ажиллах хүчний татан авалт, нөөц дээр голдуу анхаарч ажиллаж байна. Аж ахуй нэгжүүдийн холбогдох утас болон хэрэгцээт хүний нөөцийн мэдээллийг холбогдох яам, цэргийн анги, сургууль орон нутгийн хамаарал бүхий мэргэжилтнүүдэд ажиллах хүмүүсийн талаар мэдээллийг илгээж байгаа. Зах зээлийн хуулиа дагаад ургац хураах хүнд хэдэн төгрөгийн цалин, урамшуулал олгох вэ гэдгийг ажил олгогч байгууллага шийднэ. Сайдын жишээ авч ярьсан яриа бол бүх хүнийг өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллуулна гэсэн үг биш. Ерөнхийдөө урамшуулал цалингийн схем үйлчилнэ шүү гэдэг л мэдэгдэл. Тиймээс хэрэгцээт хүн хүч, техник хэрэгслээр хангалттай хангагдаж байгаа учир ургац хураалтын ажил төдийлөн удаашрахгүй гэж харж байна.
Энэ жил нийт 530 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүний 396 мянга га талбайд улаан буудай тариалсан байгаа. Хаврын тариалалт 4-5 хоног хоцорсон ч технологийн хугацаандаа эхэлсэн учраас хураалт хойшилно гэж санаа зовох шаардлагагүй гэж бодож байна.
ТАРИАЛАЛТ ХАНГАЛТТАЙ ХИЙСЭН УЧИР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАНА
2021 онд нийт 389.3 мянган га талбайд үр тариа, 17.9 мянган га талбайд төмс, 9.6 мянган га талбайд хүнсний ногоо, 66.5 мянган га талбайд малын тэжээл, 40 мянган га талбайд тосны ургамал, долоон мянган га талбайд жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган талбайд төлөвлөгөөний дагуу тариалалт хийсэн.
Үүнээс 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, гурван мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлсэн байгаа.
Хил гаальтай холбоотойгоор хүнсний ногооны үнэ өсч, тариалалт бага хийгдсэн байх гэж иргэд харж байж магадгүй. Ургац хураалтыг цар тахлын онцгой нөхцөлд ч хэвийн үргэлжлүүлэхийг хичээж ажиллаж байгаа. Ингэснээр дотоодын хүнсний ногоо болон гурилын хэрэгцээг бүрэн хангаж чадна.
Холбоотой мэдээ