Эхлэл шигээ төгссөн 20 жилийн дайны хохирол

Хуучирсан мэдээ: 2021.09.03-нд нийтлэгдсэн

Эхлэл шигээ төгссөн 20 жилийн дайны хохирол

Эхлэл шигээ төгссөн 20 жилийн дайны хохирол

Алан хядах Аль-Каида бүлэглэлийн гишүүд 2001 оны есдүгээр сарын 11-нд дэлхийн худалдааны төвийн барилгыг онгоцоор мөргөн сүйрүүлсэн мөчөөс эхэлсэн Афганистаны дайн 2021 оны наймдугаар сарын 15-нд нэг мөр өндөрлөв. Тэгэхдээ талибуудын удирдлагад орохгүй гэсэндээ АНУ-ын цэргийн онгоцны дугуйнаас зүүгдэж ниссэн хоёр ч хүн өндрөөс унаж нас барснаар төгсгөл болов.

Одоогоос 20 жилийн өмнө Аль-Каида бүлэглэлийн толгойлогч Осама Бин Ладены тушаалаар есдүгээр сарын 11-нд дэлхийн худалдааны төвд болон ойролцоо нь ажиллаж байсан 2606, барьцаалагдсан дөрвөн онгоцонд зорчиж явсан 246 гэм зэмгүй иргэн амиа алдсан билээ. Барилга нурж эхлэхэд олон хүн цонхоороо үсэрч амиа егүүтгэж буй нь хэвлэлийнхний дуранд бууснаар хожим “Унаж буй эр” гэх нэрээр нэгэн зураг алдаршиж, аймшигт үйл явдлыг сануулсаар ирсэн юм. Улмаар АНУ эмгэнэлтэйгээр амь үрэгдсэн олон мянган иргэн, тэдний хагацал үзсэн гэр бүлийнхний өшөөг авах зорилгоор 2001 оны аравдугаар сарын 7-нд Афганистан руу цэрэг илгээн дайн эхлүүлсэн.

Тэгвэл бараг 20 жилийн дараа өндрөөс унаж нас барж буй афганчуудын зураг цахим орчинд тарж, дэлхийг дахин нэг удаа цочирдуулав. Энэ удаад харин талибуудын харгис хуульд захирагдаж, эрх чөлөөгөө алдахгүй гэсэндээ АНУ-ын цэргийн онгоцны дугуйнаас зүүгдэж ниссэн нэг биш хүн нислэгийн үеэр унаж амиа алдсан юм. Хоорондоо 20 жилийн зайтай дээрх хоёр зураг ямар ч үгнээс илүүг илэрхийлж байгаагаараа дэндүү адилхан. Эхний зураг хүн төрөлхтөнд терроризм гэдэг ямар аймшигтайг  батлан харуулсан бол  хоёр дахь зураг дайн хэмээгч хэр зэрэг эмгэнэлтэй болохыг сануулж, АНУ-ын хамгийн урт үргэлжилсэн дайн чухам юуны төлөө байсан талаар олон асуулт ардаа үлдээлээ.

Нийт 19 жил, 10 сар, 25 хоног үргэлжилсэн дайны эцэст АНУ-ын цэрэг, дипломатч нар ум хумгүй зугтаж, нутаг буцахад ард нь Афганистан улс хөл толгой нь олдохгүй үймээн самуун болж үлдэв. Талибаны ялалтаар өндөрлөсөн урт удаан дайны хохирлыг тоймлоё.

85 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ ЗЭВСЭГ ДАЙНЫ ОЛЗ БОЛСОН

Индиана мужаас Конгресст сонгогдсон Жим Банксын хэлснээр АНУ-ын буруу тооцоолсон Афганистаныг орхих ажиллагаанаас болж талибуудын гарт 75 мянган цэргийн автомашин, хуягт танк, 200 гаруй онгоц, нисдэг тэрэг, 600 мянга гаруй хүнд, хөнгөн галт зэвсэг, дуулга хантааз, шөнийн дуран гэх мэт цэргийн иж бүрэн хувцас хэрэглэл очжээ.

Хэдийгээр цэргүүд нутаг буцахынхаа өмнө эвдэлсэн гэж мэдэгдэж байгаа ч тоог нь бодож үзвэл Талибан АНУ-ын ойрын холбоотнууд төдийгүй дэлхийн бүх улс орны 85 хувийнх нь армид байдгаас олон “Black Hawk” цэргийн нисдэг тэрэгтэй үлдсэн юм. Мөн зарим ажиглагчид Афганистанд үлдсэн зэвсэг, техникийн үнэ 85 тэрбум ам.доллараас хол давж магадгүй гэнэ.

ДОР ХАЯЖ 47 МЯНГАН ЭНГИЙН НОМХОН ИРГЭН АМЬ ҮРЭГДЭВ

Браун их сургуулийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор Афганистаны дайн эхэлснээс хойш дор хаяж 47 мянган гэм зэмгүй афган иргэн харамсалтайгаар хорвоог орхижээ. Хэдийгээр одоо дайн дууссан гэж буй ч хор уршиг, үр дагавар нь үргэлжилсээр. Жишээлбэл, тэсрээгүй үлдсэн бөмбөг, зэвсэг санаандгүй байдлаар гэнэт дэлбэрэх зэрэг осолд иргэд,  хүүхдүүд олноор өртөн амь насаа алдаж, амьд үлдсэн нь насаараа зэрэмдэг болж байна. Түүнээс гадна дайны хөлд Афганистаны эдийн засаг хүнд цохилтод орж ард түмэн амьжиргааны түвшнээс доогуур, эрүүл ахуй хомс, бохир орчинд эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээ авч чадалгүй амьдарч байна.

ОЙРОЛЦООГООР ЗУРГААН САЯ АФГАН ЭХ ОРНООСОО ЗУГТСАН

Дайн эхэлснээс хойш Афганистанд дүрвэхийг хүссэн хүмүүсийн тоо гамшгийн хэмжээнд хүрчээ. Ялангуяа Европ руу зугтах хүмүүсийн цуваа тасрахаа байжээ. Нийт 38 сая хүн амтай тус улсад 5.9 сая гаруй хүн орон гэрээсээ дайжиж, өөр мужид, эсвэл өөр оронд шилжин суурьшсан аж.

АНУ-ЫН 2400 ЦЭРЭГ ХОРВООГ ОРХИЖ, 20 МЯНГАН ЦЭРЭГ ЭРЭМДЭГ ЗЭРЭМДЭГ БОЛОВ

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор 2001 оны аравдугаар сараас эхлэн өнөөг хүртэл Афганистанд 2400 гаруй цэрэг ясаа тавьж, 20 мянга гаруй цэрэг цус урсгасан гэнэ. Мөн 3800 гаруй дипломат ажилтан,  НАТО зэрэг холбоотны 1100 гаруй цэрэг амиа алджээ. АНУ-ын бэлтгэсэн Афганистаны үндэсний армийн 64 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчид талибуудын гарт амьсгал хураажээ.

ТООЛЖ БАРАХГҮЙ ОЛОН БӨМБӨГ ХАЯВ

Дайны сүүлийн жилүүдэд АНУ Афганистаны тодорхой байршлуудад агаараас цохилт өгөх кампанит ажлаа эрс эрчимжүүлжээ. Жишээлбэл, 2019 онд л гэхэд нийт 7423 бөмбөг хаясан нь 2015 оныхоос даруй найм дахин их тоо юм.

ХЭДЭН ЗУУН МЯНГАН ТАРИАН ТАЛБАЙ УСТАВ

НҮБ-ын тайланд дурдсанаар Афганистаны мансууруулах бодисны үйлдвэрлэл 2020 онд 6300 тонноор хэмжигджээ. Тухайн үед Афганистан дахь нийт хар тамхины тариан талбай 224 мянган га байсан нь 2019 оныхоос 37 хувиар их гэсэн үг.  Ийнхүү Афганистан дэлхийн хамгийн том намуу цэцгийн төв болсон байна. Харин өдгөө Талибан төрийн эрхэнд гарснаар энэ бүхнийг бүрэн үгүй хийх юм.

ТООЦОХ БОЛОМЖГҮЙ АСАР ИХ ХӨРӨНГӨ ХУРУУНЫ САЛААГААР УРССАН

Нийт хоёр их наяд гаруй ам.доллар зарцуулсан Афганистаны дайн ашиг хонжоо хайгчдын атгаг санаагаар дүүрсэн байлаа. Жишээлбэл, 2007 онд АНУ-ын нисэх хүчин Афганистан дахь “Camp Pheonix” баазад хуаран бариулахын тулд нэгэн хувийн компанид 18 сая ам.доллар төлжээ.

Гэвч тус компанийн удирдлагууд хамтран гүйцэтгэгч нартайгаа үгсэн тохирч, ажилчдынхаа цалинг суутгаж байгаад хожим хоёр сая ам.доллартай хил даван зугтаж, гадаад оронд тансаг орон сууц барин амьдарчээ. Харин цалингаа авч чадаагүй хохирсон ажилчид гэр бүлээ тэжээхийн тулд цэргийн баазаас генератор гэх мэт үнэ хүрэх эд зүйлсийг хулгайлах болсон байна. Тийнхүү барилгын ажил цалгардсанаас болж тухайн үед НАТО-ын цэргүүд бүтэн жил гаруй орон сууцгүй, хээр хоносон гэдэг.

Харамсалтай нь энэ бол хэдэн арван энэ төрлийн луйврын ердөө л нэг нь. Түүнчлэн 2019 онд нэгэн эх сурвалж “Navistar Defence” хэмээх фирм Ирак, Афганистанд ашиглаж байсан цэргийн хуягт машины эд ангиудын үнийг хуурамчаар өсгөж, Пентагоноос 1.3 тэрбум ам.долларын ашиг авсан талаар мэдээлж байлаа.

Эх сурвалж: RT.COM WASHINGTONPOST INDIATODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж