Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас Хүүхдийн төлөө сангийн талаар тодрууллаа.
-Шинэ жилээр "Хүүхдийн төлөө фонд" төрийн бус байгууллага ард иргэдээс багагүй хандив цуглуулсан. Тэр мөнгө тусгай сангийн дансанд орсон уу. Хүүхдийн нэрээр цугласан уг мөнгийг төрийн бус байгууллагынхан нь хууль бусаар зарцуулаад, шамшигдуулаад өнгөрөх вий гэсэн болгоомжлол байна?
-Хүүхдийн төлөө фондыг олон жилийн дараа дахин сэргээж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад багагүй хугацаа шаардагдсан. Шинэ жилийн үетэй давхцсан, дээр нь хууль нь батлагдаагүй байсан тул төрийн бус байгууллагыг Соёлын яамны дэд сайд байгуулж, хандивын тоглолтыг зохион байгуулсан.
Тэрхүү тоглолтоор 1.3 тэрбум төгрөг цугласан. Тэр мөнгө Хүүхдийн төлөө сан болж албажсан хойно Засгийн газрын тусгай санд байршуулна.
Өнөөдрийн байдлаар хуулийн дагуу процессууд нь албажиж, төрийн сан дээр тусгай данс үүссэн. Сангийн эхний санхүүжилт нь сонирхол татахуйц дугаарын дуудлага худалдааны орлого байлаа. Тун удахгүй "Хүүхдийн төлөө фонд" төрийн бус байгууллага татан буугдаж, санд 1.3 тэрбум төгрөг санд байрших байх.
-Жүжигчин Г.Ундармаа, найруулагч Б.Баатар нар хэвлэлийн хурал хийж, фондын мөнгийг шилжүүлсэн гэж байсан шүү дээ.Сангийн мөнгөний зарцуулалтыг олон нийт хянах боломжтой юу?
-Хүүхдийн төлөө сан байгуулж, төрийн бус байгууллагаас тусгай сан руу хандивын мөнгийг шилжүүлэх болно гэсэн шүү дээ. Одоо хамтын гэрээ, зарцуулалтын албан бичгийн шатандаа явж байгаа. Удахгүй шилжиж орж ирэх байх. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу бүх зарцуулалт бусад сантай адилхан нээлттэй ил тод байна.
-Хүүхдийн төлөө сангийн мөнгийг юунд зарцуулах вэ?
-Хуульд зааснаар Хүүхдийн төлөө сангаас гурван чиглэлээр зарцуулалт хийнэ. Тодруулбал, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах, олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ.
Тусгай сан нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд Ерөнхий сайдын ивээл дор байдаг. Засгийн газрын журмаар мөнгийг хэрхэн зарцуулж, сонгон шалгаруулах вэ зэрэг бүх зохицуулалтыг нарийн тусгасан. Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгч буй мөнгөнөөс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, бүтээн байгуулалтад зориулахаар төлөвлөсөн.
-Сангийн мөнгөнөөс хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулна гэлээ. Яг ямар бүтээн байгуулалтад зарцуулах юм бэ?
-Хүүхдийн төлөө сангийн зарцуулалтын төлөвлөгөө одоогоор гараагүй. Зарцуулалтын журам батлагдаж, сонгон шалгаруулалт явуулна. Мөн албан ёсны ажлын хэсэг байгуулагдана. Дансанд анхны орлого 1.5 сая төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас шилжүүлсэн. Удахгүй 500 сая төгрөгийг шилжүүлнэ.
Холбоотой мэдээ