Монголын ураныг эзэмшинэ хэмээв

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Монголын ураныг эзэмшинэ хэмээв

Үе үе дуулиан болон дэгддэг Монголын ураны орд газруудтай холбоотой мэдээлэл өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэвлэл, мэдээллийн байгууллагынхны анхааралд дахиад л гарч ирэв. Жирийн уншигчдын хувьд учрыг нь тухайлан ойлгоход нэг талаар бэрх, аалзны тор шиг сунжралдсан ураны ордтой холбоотой маргааныг өнгөрсөн сард буюу долдугаар сарын 19-нд Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцсэн. Айраг, наадамдаа пологтсон монголчууд энэ шүүх хурлын талаар бараг мэдэхгүй өнгөрсөн бол гадаадын хэвлэлийнхэн анхаарал хандуулжээ. Уг шүүх хурлаар ураны ордын маргаан гэдэг үгтэй бараг ихэр юм шиг сонсогдох болсон “Хан ресорсез”-ын нэр тод сонсогдож байна. Монгол Улсын Захиргааны хэргийн  шүүхээс Цөмийн энергийн газар уг компанийн эзэмшиж байсан лицензийг хүчингүй болгосон нь хууль зөрчжээ гэж үзсэн.

Харин Цөмийн энергийн газар үүнийг эсэргүүцэн дараагийн шатны шүүхэд давж заалдах гэж байгаа талаар өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ. Харин ням гаригт буюу өчигдөр Оросын “Риа новости” агентлаг Монгол Улс ураны чиглэлээр зөвхөн Оростой л хамтран ажиллана гэсэн утгатай мэдээлэл гаргасан байна. Үүнд:  Оросын Засгийн газар Төрийн дума буюу парламентынхаа доод танхимд Монгол Улстай хамтран “Дорнод Уран” ураны хамтарсан компани байгуулах тухай Засгийн газар хоорондын гэрээг танилцуулсан байна. Энэ гэрээнд Оросын төрийн өмчийн “Росатом” корпорацийн захирал Сергей Кириленко болон Монголын Цөмийн энергийн газрын дарга Содномын Энхбат нар 2009 оны наймдугаар сарын 25-нд Улаанбаатар хотод гарын үсэг зурсан.  Монгол Улс өмнө нь өөр оронтой хэзээ ч ураны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж байгаагүй юм. Орос-Монголын ураны хамтарсан уурхай жилд 2,000 тонн уран олборлохоор төлөвлөж байна.

Уурхайд Оросын талаас “Атомредметзолото (АРМЗ), Монголын талаас “МонАтом” ХХК нар тэгш  эрхтэйгээр хувь нийлүүлэх болно гэж мэдээлсэн байх юм.

Энэ мэдээнд дурдсанчлан ОХУ-ын ерөнхийлөгч Медведевийн айлчлалын үеэр Монгол Орос улс цөмийн энергийн салбарт хамтран ажиллах талаар санамж бичигт гарын үсэн зуран, хоёр улсын хамтарсан “Дорнод уран” хамтарсан компани байгуулахаар болсон нь яалт ч үгүй үнэн. Гэхдээ “Хан ресорсез”-ын лицензийг хүчингүй болгосныг хууль бус гэж Монголын Захиргааны хэргийн шүүх үзсэн гэсэн мэдээлэл гарсны дараа дахин сөхөж гаргаж ирж байгаа нь анхаарал татна. Угтаа энэ мэдээнд монголчууд оросуудтай л ураны салбарт хамтарч ажиллана гэсэн утга санааг хүчтэй гаргаж иржээ. Угаас Оросын хэвлэлүүд гэнэ гэнэ ийм ил цагаан утга агуулга бүхий зорилгот мэдээллүүд гаргадаг. Өмнө нь ч Тавантолгойд монголчууд оросуудтай хамтрана гэсэн утгатай мэдээллийг ч гаргаж манай албаны хүмүүсийг алмайруулж байсан. Тодорхой төвшинд оросууд өөрсдийн зорилгыг хэвлэлээрээ дамжуулан илэрхийлж, дарамт эсвэл төөрөгдөл үүсгэхийг чармайж байна гэсэн хардлага төрүүлэхүйц мэдээлэл хэдэнтээ гарч байсан билээ. Энэ удаад ч ураны салбарт дангаараа ноёрхохыг хүссэн сонирхлоо ийн илэрхийлсэн хэрэг үү гэсэн хардлага төрүүлэхээр.

Хэдийгээр хоёр тал хамтарсан компани байгуулахаар тохирсон ч эдүгээ хүртэл “Дорнод уран” компаниа байгуулж чадаагүй байгаа. Ийн байгуулж чадахгүй буйгаа сэжүүр дам дамаа “Хан ресорсез”-ийн хэмээх маргаантай холбогдож ирдэг. 

“Хан ресорсез” Дорнодын ордуудын нэгийг эзэмшдэг “Төв Азийн уран”  компанийн 58 хувийг эзэмшдэг. Дээрх мэдээнд дурдагдсан “АтомРедМетЗолото” АРМЗ компани мөн л энэ компанийн тодорхой хувийг эзэмшдэг. Манай хуулийн дагуу бол Дорнодын орд стратегийн орд учраас төр 51 хувийг нь мэдэлдээ авах ёстой. Үүнээс үүдээд өнгөрсөн жилээс хөшигний цаана баахан далд хэрүүл өрнөсөн. “Хан ресорсез” өөрсдийн эзэмшиж буй хувиас зохих хэсгийг нь төрийн мэдэлд шилжүүлэхэд бэлэн байгаа боловч “АРМЗ” өөрсдийн хувийг Монгол Улсын төрд шилжүүлэхээс татгалзаад байна гэсэн мэдээ нисч байсан. Үнэхээр “Хан ресорсез” Монгол Улсын төрийн мэдлийн “Мон-Атом” компанитай өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд Санамж бичигт гарын үсэг зурж, “Хан ресорсез” болохоор өөрсдийн зүгээс шалтгаалах бүх зүйлийг хийхэд бэлхэн гэдгээ илэрхийлж байв. Харин “АРМЗ” ямар нэгэн тайлбар хэлээгүй. Дашрамд дурдахад АРМЗ нь ОХУ-ын ураны бүх ордыг эзэмшдэг төрийн мэдлийн “Росатом” компанийн харьяалалд байдаг. Албан бус эх сурвалжийн мэдээллээр “АРМЗ”-ын  гэдийлтээс болж “Дорнод уран”-ыг байгуулах асуудал гацаанд ороод байгаа. Түүнчлэн зөвхөн оросууд Монголын ураны салбарт ноёрхох байр суурь эзлэх нь гэсэн хардлага дэгдэж байсан. “АРМЗ” өмнө нь лицензийн гол эзэмшигч байсан “Хан ресорсез”-д 33 сая ам.доллар төлөн гол эзэмшигч болох санал тавьж байсан ч үүнийг “Хан ресорсез” зөвшөөрөөгүй гэж гадаадын эх сурвалж мэдээлсэн байна. Түүнээс гадна Хятадын “CNNC” “Хан ресорсез”-ын хувьцаанаас худалдан авах санал гаргаж байсан ч Монголын парламентад стратегийн орд газарт бүртгэн авах ёстой ордын хувьцааг тэд дур зоргоороо арилжаалах ёстой юу гэсэн маргаан дэгдээж байсан юм. Юутай ч энэ мэт сунжирсан маргаанаас болж “Хан ресорсез”-ын хувьцааны үнэ үе үе хэлбэлзэлтэй байгаа. Монгол Улсын Цөмийн энергийн газар ч “Хан ресорсез” лицензийн талаар Захиргааны хэргийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдана гэж байгаа учраас маргаан цаашид ч үргэлжилсээр байх бололтой.     

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж