"Мөрөн надаас тэс өөр эмэгтэй"

Хуучирсан мэдээ: 2021.09.03-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

"Мөрөн надаас тэс өөр эмэгтэй"

NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор жүжигчин бүсгүйг онцолж байна. “Хөхөөний үүр”, “Орилоон”, “Асрагч аав”, “Админ Z”, “Гэнэтийн зочид” зэрэг киноны дүрээр олонд танигдаж буй залуу жүжигчин бол Р.Нандинцэцэг юм. Тэрбээр хүүхэд насныхаа мөрөөдөлд хөтлөгдөн жүжигчин мэргэжлийг сонгосон тухайгаа ярьсан юм.

Жүжигчин бүсгүй "Жүжигчин хүн хамгийн түрүүнд хүн байх ёстой гэж багш нар маань зааж сургадаг. Тиймээс аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, тэвчээртэй байх нь маш чухал” гэдгийг үе тэнгийн залуустаа зөвлөв. Ингээд түүнтэй танилцъя.


РЭНЦЭНДОРЖ НАНДИНЦЭЦЭГ 1997.01.02

Төгссөн сургууль:

ШУТИС- харьяа хэлний боловсролын лицей сургууль /2014 он/

 Соёл урлагийн их сургууль /2014-2018 он/
Мэргэжил:

Жүжигчин

Одоо эрхэлж буй ажил:

Чөлөөт уран бүтээлч

Сошиал хуудас: 

Р.Нандинцэцэг, Naniuh0102  /фэйсбүүк, инстаграм/

БАГАДАА ЯМАР ХҮҮХЭД БАЙСАН БЭ. ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ ЯРИАГАА ЭХЭЛЬЕ?

-Багаасаа л урлагт хайртай хүүхэд байсан. Сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцохоос гадна хичээлээ орхигдуулахгүй олимпиадад оролцоно. Хүүхэд бүр л бага насандаа жүжигчин, загвар өмсөгч, дуучин болно гэж мөрөөддөг шүү дээ. Тэр мөрөөдлөөрөө жүжигчин мэргэжлээ сонгон суралцсан. Одоо эргээд бодоход ирээдүйн мэргэжлээ зөв сонгосон гэж боддог.

Миний хүүхэд нас Улаанбаатар хотод өнгөрсөн. Багадаа дуу цөөтэй, даруухан охин байсан. Тэгээд Соёлын урлагийн их сургуульд суралцаад л өөрийгөө задалж, нээлттэй болж эхэлсэн. Одоо хүн болгонтой нээлттэй харилцаж, аль болох хөгжилтэй байхыг хичээдэг.

АНХНЫ ДҮР

-Би Соёл урлагийн их сургуулийг 2018 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат багшийнхаа удирдлага дор төгссөн. Их сургуулиа төгсөөд гурав дахь жилдээ чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Миний хамгийн анхны гол дүр бол “Хөхөөний үүр” уран сайхны кино. Тэр кинонд тоглосноор жүжигчнийхээ гарааг эхэлсэн. Тухайн үед их сургуулиа дөнгөж төгсчихсөн байсан. Киноны зураг авалтыг долдугаар сард Өвөр Монголд нэг сарын хугацаанд хийсэн юм.

ҮЗЭГЧИД “ГЭНЭТИЙН ЗОЧИД” КИНОНЫ МӨРӨНГИЙН ДҮРЭЭР НЬ ИЛҮҮ ТАНИХ БИЗ. ЭНЭ КИНОНД ХЭРХЭН ТОГЛОХ БОЛСОН ТУХАЙГАА ЯРИАЧ?

-“Гэнэтийн зочид” уран сайхны киноны баг хамт олон маань маш сайхан уран бүтээлчид байсан. Хүн бүр хичээл зүтгэлтэй байж, нэгдэж ажиллаж чадсан. Залуу уран бүтээлчид нь ах эгч нараасаа суралцаж, их зүйлийг сурсан. Багийнхантайгаа дахин хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. “Гэнэтийн зочид” миний хамгийн анхны олон ангит кино л доо. Тэр дундаа 24 ангит кинонд тоглоход ачаалал ихтэй, жүжигчдээс хурд их шаарддаг, цаг, минут тутамд хувцас сольж, текстээ бэлдэнэ. Мөн олон камер зэрэг ажиллаж, олон хүнтэй харьцана гээд мэдрэмж, авхаалж самбаа их шаарддаг гэдгийг ойлгосон.

Бас зураг авалтын үеэр их тэвчээр шаардсан. Киноноос харахад гэр бүлээрээ гэртээ дулаахан байгаа юм шиг харагддаг ч Монгол кино үйлдвэрийн хүйтэн павилонд зураг авсан. Гадна зураг авалт нь зуны улирал шиг харагдаж байгаа ч намар, хаврын сэрүүн өдрүүдэд ажилласан. Ер нь бид гадна ч дотор ч маш их даарсан. Миний дүрийн хувьд надаас тэс өөр. Мөрөнгийн дүр нь ажил хэрэгч, тайван тогтуун зантай, боловсролтой эмэгтэйн дүр л дээ. Би жаахан аашлах гэхээр продюсер эгч “Нандиа дүр чинь жаахан өөр болох гээд байна. Жаахан ааштай эгч болох гээд байна шүү” гэж зөвлөж байсан. Ер нь миний хувьд энэ кинонд тоглосноор хүмүүст илүү танигдсан гэж хэлж болно. Ялангуяа бяцхан фенүүдтэй болсон.

ЯМАР ДҮРД ӨӨРИЙГӨӨ СОРИХЫГ ХҮСДЭГ ВЭ?

-Залуу уран бүтээлч хүний хувьд сурах зүйлс маш их байна. Өөрийгөө маш олон төрлийн дүрд тоглож, сорихыг хүсдэг. Жүжигчин хүн бүр түүхэн дүрд тоглохыг хүсч мөрөөддөг. Миний хувьд ч гэсэн түүхэн дүрд тоглох мөрөөдөлтэй.

Одоогийн байдлаар “Хөхөөний үүр”, “Гэнэтийн зочид”, “Орилоон”, “Насан туршдаа”, “Асрагч аав”, “Админ Z”, “Дурлалын галт тэрэг” зэрэг телевизийн видео контент болон бүрэн хэмжээний 12 уран сайхны кинонд тоглосон.

ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

-Манай аав, ээжийн талынхан урлагт их хайртай хүмүүс байдаг. Аав минь хөгжим тоглож, дуулдаг хүн байлаа. Гэхдээ урлагийн замыг сонгож, олонд танигдсан уран бүтээлч байхгүй. Би айлын бага охин. Дээрээ хоёр ах, нэг эгчтэй. Аав маань гурван жилийн өмнө бурхан болсон. Одоо ээжтэйгээ хамт амьдардаг.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Миний хувьд зав гарвал эрүүл мэнд, биеийн хөгжилдөө анхаарахыг хичээдэг. Сүүлийн уран бүтээл болох “Гэнэтийн зочид” 24 ангит уран сайхны киноны зураг авалтыг бүтэн жил дамнаж хийсэн. Одоо өөрийн эрүүл мэнддээ анхаарч фитнессээр хичээллэж байгаа.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Ер нь надад кинонд тоглох санал ирж байгаа. Миний хувьд киноны уран бүтээлээс түр завсарлаж, өөрийнхөө ур чадварыг дээшлүүлж, алдаа дутагдлаа засахад анхаарах бодолтой байна. Тиймээс ойрын хугацаанд түр уран бүтээлээ завсарлах бодолтой байгаа.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО

-Миний амьдралын зорилго маш энгийн. Хүн аз жаргалтай амьдрахыг л хүсдэг. Тэгэхээр би аз жаргалтай, тайван сайхан, эрүүл энх, сэтгэл амар амьдралыг л хүсч байна. Тэрнээс биш би холливудын алдартай жүжигчинтэй кинонд тоглохсон гэж мөрөөдөггүй.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Жүжигчин хүн хамгийн түрүүнд хүн байх ёстой гэж багш нар маань зааж сургадаг. Тиймээс аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, тэвчээртэй байх нь маш чухал.

Би “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж хэлэх дуртай. Залуу хүн эрч хүчтэй, цоглог, гал цогтой байх ёстой гэж боддог. Тэр их эрч хүч, энергийг хүн болгонд мэдрүүлж яваарай гэж хэлье.

Гэрэл зургийг Г.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж