“Азын” буюу сонирхол татахуйц дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж олсон хоёр тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр /2021.09.02/ Авто тээврийн үндэсний төвд боллоо.
АТҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Х.БАЯРХҮҮ:
-Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арванннэгдүгээр сарын 18-ны "Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх, улсын дугаар олгох" журмыг шинэчлэн баталсан. Үүний хүрээнд захирлын удирдамжаар нийт 999 улсын бүртгэлийн дугаарын сонирхол татахуйц 387 дугаарын жагсаалтыг баталж, дуудлага худалдаагаар нээлттэй оруулсан. Үндэсний дата төвийн данс системээр дамжуулан иргэдэд нээлттэй дуудлага худалдааг 2020 оны хоёрдугаар сарын 15-наас эхлэн зохион байгуулсан. Тодруулбал, УАС, УАР, УАО, УАТ серийн 1548 дугаар дуудлага худалдаанд орж, давхардсан тоогоор 5000 иргэн хандаж, 1126 дугаарыг худалдан борлуулсан. Нийт борлогдсон дугаараас хамгийн өндөр үнэ хүрсэн нь 45 сая төгрөг байсан бол хамгийн хямд нь 100 мянган төгрөг хүрсэн. Хуулийн хүрээнд Засгийн газрын усгай сангийн тухай хуулийн хүрээнд Хүүхдийн төлөө санд орлогоо төвлөрүүлж байгаа.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР:
-Азын гэгддэг автомашины дугаарын хувьд цөөнгүй маргаантай асуудал гардаг байсан. Сонирхол татсан дугаар авахыг хүссэн хүн танил тал, ашиг сонирхолын асуудал яригддаг байсан. Одоо нээлттэй дуудлага худалдааны журам батлагдсанаар энэ асуудал цэгцэрч байна. Анхны дуудлага худалдаа эхлэхэд автомашины сонирхол татахуйц нэг дугаар 400 гаруй сая төгрөг хүрч нийгэмд шуугиан тарьсан. Гэхдээ тухайн хүн нь дугаараа худалдаж аваагүй. Дуудлага худалдааны хувьд иргэн та 50 мянган төгрөгийн хураамж төлнө. Тэгээд дуудлага худалдаагаар өөрийн хүссэн дугаар авч чадалгүй, оролцох боломжгүй бол хураамжийн төлбөрийг буцаан олгож буй.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА:
-Өмнө нь Хүүхдийн төлөө фонд гэж байсныг олон жилийн дараа сэргээж байгаад салбарын сайдын хувьд туйлын баяртай байна. Сангийн хөрөнгийг хуульд заасны дагуу гурван хэлбэрээр зарцуулна. Тодруулбал, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах, олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ. Зам, тээврийн хөгжлийн яамнаас сонирхол татахуйц автомашины дугаарын дуудлага худалдаанаас орж ирж байгаа орлого нь хагас жилийн хугацаанд хоёр тэрбум төгрөг төвлөрүүлж, хүлээлгэн өгч байгаад баяртай байна. Цаашдаа ч энэ орлогоос сан маань арвижаад явах болно. Монголд жил бүр зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүдийн тоо өндөр байдаг. Өнгөрөгч 2019 онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, хохирсны 770 нь гэмтэж, 50 хүүхэд эндсэн гэх тоо байна. Тиймээс энэ хөрөнгөөс хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулах болно.
Холбоотой мэдээ