-Ирэх арваннэгдүгээр сард улсын хэмжээнд хүн ам, орон сууцны тооллого явуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл өмнө нь шинэчилсэн бүртгэл гэж хүмүүсийг давхар чирэгдүүлж байна гэж шүүмжлэх хүн олон байна?
-Хүн амын тооллого, шинэчилсэн бүртгэл гэдэг хоёр ойлголт бол тус тусдаа зүйл шүү дээ. Шинэчилсэн бүртгэл гэдэг бол тухайн хүний эх нотлох баримт бичигт суурилсан бүртгэл бөгөөд иргэдийг бичиг баримтын зөрчилгүй болгох үндсэн зорилготой бүртгэл шүү дээ. Эх нотлох баримт гэж иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг хэлж байгаа юм. Энэ хоёрт түшиглэж бүртгэлийг хийж байна. Эдгээрийг үндэслэн тухайн хүний регистрийн дугаар, ургийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр байнгын оршин суугаа газрыг нь баталгаажуулж байгаа. Дээр нь бүртгэлийг давхцуулахгүйн үүднээс 10 хурууны хээ болон гэрэл зургийг авч байгаа. Харин тооллого явуулахын тулд олон баримтыг шаардахгүй.
-Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах болсон нь сонгуулийн үеэр гардаг будлианыг арилгах, түүнчлэн монгол хүний иргэний үнэмлэх гаргуулж авсан гадаадын тэр дундаа хятад иргэдийг илрүүлэх зорилготой явуулж байгаа гэх юм?
-Монгол хүний иргэний үнэмлэх авсан хятад иргэд олон байдаг гэдэгтэй санал нийлэхгүй байна. Харин манайхан өөрсдөө гадаадад ажиллаж, амьдрахын тулд бусдын бичиг баримтыг ашиглах явдал түгээмэл байдаг. Хүн амаа шинэчилж бүртгүүлснээр энэ байдлыг цэгцэлнэ. Сонгуулийн үеэр нэг хүн 2-3 газарт санал өгдөг байдал үнэхээр багасна. Яагаад гэхээр хүний хурууны хээ гэдэг хэзээ ч давтагддаггүй. Шинэчилсэн бүртгэлийн давуу тал энэ гэж болно. Гэтэл саяхан нэг хүн хоёр өөр газарт бүртгүүлэх гэсэн оролдлого гарсан. Бидний ажлыг шалгах гэсэн үү, эсвэл санаандгүй тохиолдол болсон уу хоёр өөр газарт бүртгүүлэхийг оролдсон. Үнэхээр тийм боломжгүй, хурууны хээ болон регистрийн дугаар давхцаад л гараад ирнэ шүү дээ. Иймд өөрийнхөө болон бусдын ажлыг алдуулж ийм болчимгүй үйлдэл бүү хийгээч ээ гэдгийг хэлмээр байна.
-Шинэчилсэн бүртгэлд хамрагдсаныхаа дараа өөр газар руу шилжихээр бол яах вэ?
-Бүртгэлийн дараа шилжилт хийлгэх тохиолдол байлгүй яахав. Тэр бүхэн чинь нэмэгдэж бүртгэгдээд явагдана.
-16 хүртэлх насны хүүхдийг ээжийнх нь нэр дээр бүртгэж байгаа. Гэтэл ээж нь эзгүй, гадаадад олон жилээр амьдарч байгаа тохиолдолд асран хамгаалагч, өвөө эмээгийнх нь нэр дээр бүртгэж болдоггүй юм уу?
-16 хүртэлх насны хүүхдийг ээжтэй нь хамт бүртгэж байгаа. Хэрэв ээж нь нас барсан бол мэдээж аавтай нь бүртгэж болно. Харин ээж нь гадаадад удаан хугацаагаар явсан, тэнд аж төрж байгаа бол өвөө, эмээтэй нь бүртгэж болохгүй. Ээж нь Монгол Улсын иргэн мөн л бол ирээд шинэчилсэн бүртгэлд ортол нь хүлээхээс аргагүй. Харин өвөө эмээ нь албан ёсны асран хамгаалагчаар тодорхойлогдсон бол өөр хэрэг л дээ.
-Тэгэхээр тэр хүүхэд ээжийгээ иртэл эх орны хишгээ авч чадахгүй хүлээнэ гэсэн үг үү?
-Өө яалаа гэж. Эх орны хишгийг бол өвөө эмээд нь итгэмжлэхээр олгож байгаа шүү дээ. Тухайн оронд байгаа манай улсын Элчин сайдын яамнаас итгэмжлэх өгдөг. Энэ дагуу өмнө нь 70 мянган төгрөгөө авсан байх. Түүнтэйгээ адилаар сар бүрийн 10 мянган төгрөгөө авч болно.
-1951 оноос хойш төрсөн бүх хүнээс төрсний гэрчилгээгээ авчирч бүртгүүлэхийг шаардаж байгаа. Гэтэл хүмүүс иргэний үнэмлэх авмагцаа төрсний гэрчилгээ шаардлагагүй гэж ойлгоод гэрчилгээгээ хямгадалгүй хаяж үрэгдүүлсэн байх нь элбэг. Тэгэхээр төрсний гэрчилгээ шаардах нь илүү ажил биш үү?
-Төрсний гэрчилгээ гэдэг бол хувь хүний хамгийн анхдагч бичиг баримт шүү дээ. Төрсний гэрчилгээн дээр тухайн хүний бүх мэдээлэл багтсан байдаг. Тухайлбал тэр хүний аав нь хэний хэн бэ, ээж нь мөн хэний хэн бэ, хэзээ хаана төрснийг нь хэдийд хаана бүртгүүлсэн бэ гэдгийг ганцхан төрсний гэрчилгээ л нотолдог. Бид АНУ-г сайны жишээнд дурдах дуртай байдаг. Төрсний гэрчилгээ хэрэггүй байсан бол эрх чөлөөг эрхэмлэсэн тус оронд төрсний гэрчилгээг халж л олохгүй юу. Яагаад гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, ногоон картаар нь бүртгэхгүй байна вэ гэдэг нь цаанаа учиртай. Одоог хүртэл АНУ-ын иргэн болоход төрсний гэрчилгээг зайлшгүй шаарддаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг анхдагч баримт бичиг бол төрсний гэрчилгээ.
-Саяхан 71 настай нэг хөгшин АНУ-ын иргэн болохоор төрсний гэрчилгээ шинээр авах гээд хөөцөлдөж явахтай таарсан. Тэгэхээр 1951 оноос өмнө төрсөн хүмүүст төрсний гэрчилгээг нөхөж олгох уу?
-Олгохгүй. Яагаад гэвэл 1951 оноос өмнө төрсөн хүмүүсийн талаарх мэдээлэл архивт огт байхгүй. Тэгэхээр тухайн хүний амаар гэрчилгээ бичих ямар ч боломжгүй. Харин энэ хүн манай улсын иргэн мөн гэдгийг регистрийн дугаар болон иргэний үнэмлэхээр нь хөөгөөд тодорхойлж болно. Түүнээс төрсний гэрчилгээг нөхөж өгч болохгүй.
-Гэрлэсэн хүмүүсээс “Гэрлэлтийн баталгаа”-г шаардаж байгаа нь гэрлэлтийн баталгаагаа үрэгдүүлсэн хүмүүст хүндрэл учруулж байна гэсэн гомдол бас байна?
-Манайхан бичиг баримтад хайхрамжгүй ханддагийн илрэл энэ л дээ. Тухайн хүний талаар төгс мэдээллийг бүртгэлд оруулахын тулд гэрлэлтийн баталгаа шаардах нь зөв. Албан ёсоор гэр бүл болсон нь үнэн юм чинь яагаад батлахаа авчраад бүртгүүлж болохгүй гэж.
-Шинэчилсэн бүртгэлд орсон хүмүүст бар код өгч байгаа гэлээ. Энэ нь ямар учиртай юм бэ. Иргэдэд регистрийн дугаар байхад л болоо юм биш үү?
-Бар код бол тухайн иргэнийг бүртгэсэн хуудасны дугаар юм. Түүнээс биш регистрийн дугаартай зэрэгцүүлэн иргэн хүнд өөрт нь олгож байгаа дугаар биш.
-Урьд нь улаан паспорттай байхад иргэдийг 25,45 насанд зургийг нь шинэчлэн наадаг байсан. Харин иргэний үнэмлэхийг дээрх насанд нь дахин шинэчилж байгаа юу?
-Шинэчилж байгаа. Нэг үе зургийг нь шинэчлэхгүйгээр сунгалт хийж байсан ч сунгалт хийгээд явах нь зохимжтой биш гэдэг нь харагдсан. Иргэд анх 16 насандаа иргэний үнэмлэх авдаг. Тэр хүн 25 нас хүрэхдээ их хувирсан байдаг. Мөн 16 настай зургаар нь 45 насанд нь танихад бэрх. Тиймээс 25,45 насанд иргэний үнэмлэхийг шинээр олгох нь зүйтэй гэж шийдсэн. Тухайн үед хийсэн иргэний үнэмлэхийг сунгалтыг хүчингүйд тооцож байгаа.
-Хүмүүс иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлэх нь элбэг байдаг. Үүнээс болж нэг хүн хэд хэдэн иргэний үнэмлэхтэй болчихож байгаа. Одоогоор алийг нь ч ашиглаад явж байхыг үгүйсгэхгүй шүү дээ?
-Зүй нь бол иргэний үнэмлэхийг хаяж гээсэн тохиолдолд 45 хоногийн дараа шинээр иргэний үнэмлэхийг нь олгох ёстой. Гэтэл хүмүүс 45 хоногийг хүлээдэггүй. Яагаад гэхээр гадаад паспортын материал өгөх гэж яваад юм уу банкнаас зээл хөөцөлдөж байгаад иргэний үнэмлэхээ гээчихдэг. Зээл болоод паспортаа авах гэж яарсан хүмүүст иргэний үнэмлэхийг нь гаргаж өгөхөөс аргагүй. Тухайн хүн иргэний үнэмлэхээ аль нэг дэвтрийнхээ завсарт хавчуулаад олоогүй ч юм уу, гээсэн байсныг нь хэн нэг хүн олоод өгчихдөгөөс 2-3 үнэмлэхтэй болчих нь бий. Гэхдээ хүн харахад гар дээр нь 2-3 иргэний үнэмлэх байгаа боловч хамгийн сүүлд авсан нь л хүчинтэй үйлчилнэ.
-Хүчингүй иргэний үнэмлэхийг магадлах аргагүйгээс хүмүүс залилуулаад өнгөрөх тохиолдол олон гарч байна. Иргэний бүртгэлийг сүлжээнд оруулах боломж байдаггүй юм уу?
-Онлайн сүлжээнд холбогдсон газрууд тухайлбал, хилийн боомтууд дээр бол үүнийг илрүүлэх боломжтой. Харин сүлжээгүй газарт хууртах явдал гарсаар байгааг үгүйсгэхгүй. Алсдаа бүх байгууллагууд онлайнаар холбогдчихвол хуурамч, хүчингүй иргэний үнэмлэхийг ашиглах боломжгүй болно.
-1951 оноос хойш төрсөн ч төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн иргэд лавлагааны дугаар ихтэй байна гэж гомдоллож байна. Яагаад лавлагаа гаргахад хүндрэлтэй байгаа юм бол?
-Манай лавлагааны төвөөр зөвхөн нийслэлийнхэн төдийгүй 21 аймгаас ирсэн иргэд үйлчлүүлж байгаа. Бичиг баримтаа хямгадаж, аригладаггүй хүн хичнээн олон байдгийг манай лавлагааны төвийн ачааллаас харж болохоор байгаа. Төрсний гэрчилгээгээ гээсэн, үрэгдүүлсэн бүх л хүн энд цуглаж байгаа.
-Лавлагааг өөрийн аймагтаа авч болохгүй юу?
-Улаанбаатар хотын баримтын төв архивт улсын хэмжээний бүх архив төвлөрдөг. Тиймээс эндээс л авахаас аргагүй. Хүндрэл, чирэгдэл учирлаа гээд байгаа гол шалтгаан нь тухайн хүн өөрийнхөө талаарх дэлгэрэнгүй мэдээлэлгүй байгаагаас гарч байна. Өөрийн болон ээжийнхээ талаар мэдээллийг үнэн зөв өгч байж лавлагаа шуурхай гарна. Гэтэл манайхан Лхамсүрэн гэдэг хүнийг Лхагвасүрэн гэж хайлгах тохиолдол байна. Мөн Дагва гэдэг хүнийг Давга гэж бичсэн нь ч бий. Хоёрдугаарт манай архивынхан тухай хүний мэдээллийг төрсөн оноор нь хайгаад олдохгүй тохиолдолд урагш, хойшхи таван онд хайдаг. Тэгэхээр лавлагаа гаргана гэдэг бол маш их хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг. Манай байгууллагаас сүүлийн гурван жилийн турш иргэний бичиг баримтын зөрчил арилгах сарын аяныг зохион байгуулсан. Тэр үед зөрчлөө арилгуулах боломж иргэдэд байсан.
-Хүний нэр буруу зөрүү бичсэн тохиолдол цөөнгүй гэлээ. Энэ бүхэн чинь орон нутгийн мэргэжилтнүүд болон танай иргэний мэдээллийн ажилтны буруу үйлдэлтэй холбоотой юм биш үү?
-Одоог хүртэл орон нутагт иргэний бүртгэлийг дагнасан улсын бүртгэгч ажиллахгүй байна. Хэн нэгэнд дайвар маягаар ажиллуулж ирснээс бүртгэлийг буруу хазгай хийх, алдаатай бичих, мэдээллийг буруу оруулах байдал давтагдсаар байна. Ялангуяа далаад оноос өмнөх үед хүмүүс Дагва- Даваг, Лхагва-Лхаваг, Сосорбарам- Сосорбурам, Цэвэгмид-Цэгмид гэхчилэн ойролцоо дуудлгатай нэрийг алдаатай бичсэн тохиолдол маш их байдаг. Эдгээрийг бид тухай бүрт нь засч залруулж яваа. Өнөөдрийг хүртэл иргэний бүртгэлийн дагнасан мэргэжилтэнгүй явж ирсний харгай нь энэ юм. Хэрэв дагнасан ажилтантай байсан бол тухайн хүнтэйгээ хариуцлага тооцоод явж болно. Гэтэл ажлын хажуугаар давхар хийснийх нь төлөө хариуцлга тооцох хэцүү. Сануулаж, анхааруулах төдийгөөр л явж ирсэн.
-Одоог хүртэл улаан паспорттайгаа байгаа хүмүүс байна гэх юм?
-Сар бүр 300-400 хүн улаан паспортаа иргэний үнэмлэхээр сольж байгаа. Бичиг баримтын зөрчилтэй учир иргэний үнэмлэхээ авч чадахгүй улаан паспорттайгаа яваа нэг хэсэг байхад олон жил гадаадад суурьшаад ирсэн болон шоронд олон жил хоригдоод гарч ирж буй хүмүүс голчлон байдаг.
-Цэрэгт татагдсан болон хоригдол хүмүүсийг шинэчилсэн бүртгэлд хэрхэн хамруулах вэ?
-Аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд суурин хүн амаа шинэчилсэн бүртгэлд хамруулах зорилтыг дэвшүүлсэн. Хэвтрийн өвчтэй хүмүүсийг гэрт нь очиж зураг болон гарын хээг нь авна. Тиймээс арваннэгдүгээр сард намрын цэрэг татлагад орох иргэд болон оюутнууд өөрийн амьдарч буй орон нутагтаа шинэчилсэн бүртгэлд орох нь зүйтэй гэдгийг сануулъя. Суралцахаар өөр газар орныг зорихоосоо өмнө шинэчилсэн бүртгэлд бүртгүүлчихвэл дараа нь элдэв хүндрэл гарахгүй амар шүү дээ.
-Бүртгэл хийхдээ сум хорооныхон хогны мөнгө төлөхийг шаардсан тохиолдол гарч байсан. Энэ нь зөв зүйл мөн үү?
-Урьд нь эх орны хишгийг бичихдээ хогны мөнгө, мод тарих мөнгө зэргийг төлөөгүйгээс бичилт хийхгүй байна гэсэн гомдол ирж байсан. Ийм зүйл байж болохгүй. Бүртгэлд хамрагдахын тулд бус иргэнийхээ үүргийг биелүүлж хогны мөнгөө төлөх нь тухайн хүний ухамсар шүү дээ.
-Регистрийн дугаар давхацсан, буруу бичигдсэн байна гэж зарим хүмүүс гомдоллодог?
-Манай улс анх 1988 онд иргэддээ регистрийн дугаар олгож эхэлсэн. Тэр үед төрийн байгууллагын ажилтнуудыг татан оролцуулж, бичилтийг хийлгэж байсан. Анх удаагаа регистр олгож байсан болохоор тухайн ажилтны анхаарал, болгоомжгүйгээс регистр давхардах, буруу бичигдэх, хүйс зөрүүлсэн тохиолдол гарсан байдаг. Тиймээс тухай бүрт нь засч залруулж байгаа.
-Регистрийн дугаараар нь хүйсийг тодорхойлж болох билүү?
-Болно. Регистрийн дугаарын арын хоёр тоо тэгш төгсгөлтэй бол эмэгтэй, сондгой төгсгөлтэй бол эрэгтэй хүн байдаг.
-Гадаадад төрсөн иргэд цөөнгүй байна. Тэднийг хэрхэн бүртгэх вэ?
-Гадаадад төрсөн хүүхэд залуусыг тухайн оронд суугаа Элчин сайдын яам болон Консулын газраас бүртгэл явуулж, төрсний гэрчилгээ олгож байгаа.
-1950-аад оны сүүлч, 1960-аад оны эхээр Өвөрмонгол, Буриад улсаас элэг нэгтнээ гэж орж ирсэн иргэд олон байдаг. Тэдэнд төрсний гэрчилгээ байхгүй. Гэтэл заавал төрсний гэрчилгээ авчир гэж шаардаад байна гэх юм?
-Өвөрмонгол, Буриад улсаас 1950-1960 онд орж ирсэн хүмүүс бий. Тэднийг Монгол Улсын иргэнээр бүртгэсэн зарлигийн дугаар гэж байх ёстой. Үндэсний архивын газраас зарлигийн дугаарыг аваад шинэчилсэн бүртгэлд хамрагдах учиртай.
Д.Цээпил