Ираны шинэ ерөнхийлөгч Эбрахим Раиси саяхан засгийн газрын бие бүрэлдэхүүнийг шинээр томилсон билээ. Уг томилгоогоор тус улсын Гадаад хэргийн сайдын албыг хүлээн авсан Хоссейн Амир-Абдоллахиан хамгийн анхны мэдэгдлээрээ АНУ-тай тохиролцоонд хүрэхээр хичээж буй цөмийн гэрээний асуудлыг хөндсөн байна. Сар гаруйн өмнө тус улсын шинээр сонгогдсон тэргүүн Раиси тангарагаа өргөснөөс хойш уг хэлэлцээр мухардалд ороод байгаа юм. Хоссейн Амир-Абдоллахиан “Иран барууныхантай тохиролцоонд хүрэхийг хүсч байгаа ч яарахгүй” гэжээ.
Тэрбээр Ираны төрийн мэдлийн телевизэд өгсөн ярилцлагадаа "АНУ-ын тал шинэ засгийн газар байгуулагдаж, үйл ажиллагаа тогтворжих хүртэл наандаж хоёроос гурван сар шаардлагатай гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ Ираны засгийн газар болон гадаад хэргийн яам энэ асуудлыг үргэлж хэлэлцэх болно” гэжээ. Ийнхүү түүний ярианаас талуудын цөмийн асуудлаар Вена хотод өрнүүлж буй хэлэлцээр хоёроос гурван сарын дараа үргэлжлэх нь тодорхой болов.
Амир-Абдоллахиан энэ дашрамд, Израилийн ерөнхий сайд Беннетийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр Байдений хэлсэн үгэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Айлчлалын өмнөхөн Беннет АНУ-ыг Ираны цөмийн хэлэлцээрийг орхиж “Б” төлөвлөгөөнд шилжихийг уриалж байв. Харин Беннеттэй хийсэн уулзалтынхаа үеэр Байден "Ирантай явуулж буй дипломат ажиллагаа бүтэлгүйтвэл АНУ өөр төлөвлөгөөнд шилжих болно" гэж мэдэгдсэн аж. Ираны гадаад хэргийн сайд уг мэдэгдэлд тун эгдүүцэж, АНУ-ыг өмнөх алдаанаасаа суралцан Ирантай эелдэг харилцахыг сануулсан байна.
Тегераны хувьд хэлэлцэх дараагийн сэдэв нь хэлэлцээрийг хэн удирдах вэ гэдэг асуудал юм. Ираны өмнөх төрийн тэргүүн Хассан Роуханиг ерөнхийлөгч байх хугацаанд тус улсын гадаад хэргийн яам АНУ-тай энэ асуудлаар яриа хэлэлцээ хийж байсан юм. Гэвч сүүлийн үеийн мэдээллээр энэ эрх мэдлийг Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлд шилжүүлэх төлөв ажиглагдсан байна. Амир-Абдоллахиан өөрийн орны эрх ашигт нийцсэн гэрээ байгуулахын тулд цөмийн хэлэлцээрт оролцох Ираны төлөөлөгчид хатуу чиг шугам баримтлах ёстойг анхааруулжээ.
ЭХ СУРВАЛЖ: AXIOS
Холбоотой мэдээ