Хууль тогтоогчид нь ”нинжа” нар уу?

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Хууль тогтоогчид нь ”нинжа” нар уу?

Говь-Алтайн Дарви суманд 28 настай залуу амиа алдав. Хорь гаруй хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдэж, 30 гаруй хүнийг цагдаагийнхан баривчлан саатуулсан байна. Айлын өвөлжөөнөөс алт олдсон сургаар гадны “зочид” дайран очиж, цаад айл нь өвөлжөөгөө ухуулахгүй гэсний хариуд шууд л буу гаргаж ирээд буудчихдаг болж.

Увс амгийн Өмнөговь суманд мөн нутгийн иргэд, “нинжа” нар Хятадын хөрөнгө оруулалттай компанийн газар руу дайран үймээн дэгдээж, буудалцсаны улмаас 17 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх. Үймээнийг Орлого багийн иргэдийн хурлын төлөөлөгч нар өөрсдөө зохион байгуулж, 300 гаруй “нинжа”-г арваад “УАЗ-469”, хоёр “ЗИЛ-130” машинаар зөөсөн гэнэ. Энэ чинь юу болж байна аа. XIX зууны Америкийн нийгэм, “Зэрлэг өрнөд”-ийн тухай кинон дээрээс л иймэрхүү дүр зургийг хардаг биш үү. Гэтэл өнөөдөр чинь XXI зуун. Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулах тухай ярьж байгаа үе. Энэ утгаараа орчин үед хүний амь нохойн амьтай дүйж үнэлэгдэх учиргүй байлтай. Хэрвээ төр нь төр шиг төр байгаад, иргэд нь иргэн шиг эрхээ ч эдэлдэг, үүрэг хариуцлагаа ч хүлээдэг, өөрийгөө хүндэлсэн үнэ цэнэтэй хүмүүс байсан бол цэн алтны төлөө нэгийгээ золбин нохой шиг буудаж алаад зогсч байхгүй нь тодорхой.

Гэвч төр өөрөө иргэнээ хамгаалахын оронд жагсааж байгаад буудчихдаг жишиг өнгөрөгч сонгуулийн дараа тогтсон гэж болно. Онц байдал зарласныг ашиглан цагдаагийхан таван хүнийг буудан хөнөөсөн ч үүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй. Тиймээс одоо иргэд өөрсдөө буу авч яваад дургүйг нь хүргэсэн хүнээ дор нь буудаж болдог болсон байна. Өнөөдөр алттай шорооноос болж хүн буудаж байгаа улс маргааш юуны төлөө буудалцах вэ. Ажилгүй, боловсролгүй байгаа нь энэ хоёр аймаг биш, Монгол даяараа юм болохоор маргааш Хөвсгөлд, нөгөөдөр Архангайд буудалцахгүй гэх баталгаа алга. Улс орноо чиглүүлж, удирдах ёстой төрийн эрхмүүд, дарга мяндагтангуудынх нь толгой халуураад бурхан багшид бүгдийг даатгачихаад зуныг зусан энд тэнд овоо тахиж, найр наадам хийж явах хойгуур хоногийн хоолгүй хоосон хонох гэж байгаа ардууд ёстой буугаа гаргана уу, сэлмээ сугална уу хамаагүй болно гэсэн үг.

Учир шалтгаан, уялдаа холбоогүй юм гэж байдаггүй.Тиймээс түгшүүрийн харанга дэлдэж байгаа энэ үймээн самуун, уулаар нэг тарсан нинжа нараа цэгцлэхгүй бол “буу нь байхад сум нь байгаа ч уу, сум байлаа гээд буудаа ч билүү, буудлаа гэхэд оноо ч уу” гээд ангайж суудаг цаг ард хоцорсныг дээрх хоёр аймагт гарсан тохиолдол харуулж байна. Одоо уулын мухарт буудалцаж байгаа улс маргааш хаалгыг чинь дэлгэж орж ирээд, халуун хөнжлөөс чинь суга татан буу тулгахад гайхах газаргүй болох нь. Уг нь монголчуудын өвөг дээдэс төрийн сүлдэндээ залбирч, уул усаа онголж, шүтэж ирсэн номхон ард түмэн. Гэтэл сая сонсох нь ээ Төвхөний хийдийн туурин дээр бас л лиценз олгосноос болж хийдийн лам нар эксковаторын шанаган дор хэвтжээ ч гэх шиг хачин юмс сонстох боллоо. Бусад нь байг гэхэд ядахнаа бурхан шашнаа залчихсан газраа ухаж сэндийлэхдээ хүртлээ дор орсон хэрэг үү, бид.

Жилийн жилд УИХ дээр босгож ирдэг нэг асуудал байдаг нь бичил уурхайн тухай хууль журам гаргаж, энэ жалгын нэг тарсан “нинжа” нарыг журамлах асуудал. Гэвч манай ноёдыг хоёр гурван парламент дамжуулсан хуулиа гаргаж чадахгүй мунгинаж байх хойгуур “нинжа” нар өөрсдөө хил хязгаараа бий болгож, хуулиа тогтоогоод, хүчтэй машин, хурдан буугаар асуудлаа шийдээд эхэлчихжээ. Харин манай хууль тогтоогчид тэдний араас үхэр тэрэгний хурдаар мөлхөж явна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг ч цэн алтны төлөө хүний амийг юман чинээ тоохоо больж, шийдчихсэн бүхэл бүтэн үеийг бэлтгэчихээд одоо харин өнөөдөр гүйцэж очих нь юу л бол.

Б.СЭМҮҮН  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж