Т.Сүхбаатар: Чөлөөлөх дайны ялалтыг жил бүр тэмдэглэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

Т.Сүхбаатар: Чөлөөлөх дайны ялалтыг жил бүр тэмдэглэх хэрэгтэй

Т.Сүхбаатар: Чөлөөлөх дайны ялалтыг жил бүр тэмдэглэх хэрэгтэй

1945 оны 8 дугаар сар. Дэлхийн II дайны төгсгөл ойртсон ч милитарист Японы тал Итали, Германтай байгуулсан гэрээндээ үнэнч байж, Холбоотнуудын эсрэг Номхон далай болон Хятадад дайны ажиллагаагаа явуулсаар байв. Түүгээр ч зогсохгүй ЗХУ, Монгол руу довтлох стратегийн төлөвлөгөөнөөсөө ухрахгүй байсан бөгөөд гагцхүү боломжтой цагийг хүлээж байлаа. Энэ бол 76 жилийн тэртээх Чөлөөлөх дайн эхлэхээс өмнөх үеийн цагийн байдал юм. Энэ тухай Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.СҮХБААТАРТАЙ ярилцлаа.


-Өнгөрсөн жил Чөлөөлөх дайны тэгш ой тохиож, улс даяараа тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ жилийн хувьд ойтой холбоотой төлөвлөгдсөн ямар нэгэн үйл явдал байгаа юу?

-Өнгөрсөн жил Чөлөөлөх дайны 75 жилийн ой тохиосон. Гэсэн ч цар тахлын нөхцөл байдлын улмаас өргөн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж чадаагүй. Гэхдээ ОХУ-тай хамтран “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэн, “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэргийг зохион байгуулсныг та бүхэн санаж байгаа болов уу. Ер нь Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайн зэрэг мартаж болохгүй түүхийн том үйл явдлуудыг тав, таван жилийн зайтайгаар тэгш ойг нь тэмдэглэчхээд орхидгоо болих хэрэгтэй. Үүний оронд жил бүр тэмдэглэн өнгөрүүлж, залуу хойч үедээ тусгаар тогтнол ямар их үнээр ирдгийг, дайн гэж чухам ямар зүйл болохыг мэдүүлэн таниулж, сурталчилж байх хэрэгтэй.

-Чөлөөлөх дайны түүхэн ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?

-Чөлөөлөх дайн гэдэг нь Дэлхийн II дайны Ази дахь төгсгөл юм. Энэ бол Зүүнхойд Хятадыг Японы армиас чөлөөлөх ажиллагаа байсан гэж ойлгож болно. Оролцсон хүч бүрэлдэхүүний хувьд ч чамгүй тоо дурдагдана. Тухайлбал, Оросын талаас 1,5 сая цэрэг гурван фронтоор дайнд оролцсон. Харин Японы Квантуны армиас нэг сая гаруй цэрэг нийтдээ 2,5 сая цэрэг оролцсон том дайн байлаа. Монгол ардын хувьсгалт цэргийн хувьд Зөвлөлтийн армийн Өвөр Байгалын фронтын бүрэлдэхүүнд дэслэгч генерал И.А.Плиевийн удирдлагад багтаж, Зөвлөлтийн нэгтгэл, ангиудын хамт морьт механикжуулсан группийг бүрэлдүүлсэн билээ. Тус группэд Монголын талаас Ардын хувьсгалт цэргийн 5, 6, 7, 8 дугаар Морьт дивиз, морьт тусгай хороод, 7 дугаар механикжуулсан хуягт бригад, танк, их буу, авто тээврийн болон холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, инженерийн тусгай салбар зэрэг ангиуд орсон. Манай Зэвсэгт хүчнийг БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нар командалсан.

-Тэгэхээр Хятадыг Япончуудаас чөлөөлсөн учир Чөлөөлөх дайн гэж нэрлэсэн байх нь…

-Аугаа их Эх орны дайн, Чөлөөлөх дайн гэх зэрэг нэршлүүд нь Дэлхийн II дайны үеэр болсон процессууд гээд ойлгочхож болно. 1941 оны 6 дугаар сарын 22-нд Герман Улс ЗХУ-руу дайрснаар оросуудын хэлдгээр Аугаа их Эх орны дайн эхэлсэн. Харин 1945 оны 8 дугаар сарын 9-нд ЗХУ Японд дайн зарлаж, стратегийн үйл ажиллагаа явуулсныг Чөлөөлөх дайн гэж нэрлээд байгаа юм. МАХЦ нь тус дайнд маш сайн бэлдсэн. Халхын голын байлдааныг бид зарлаагүй дайн гэж нэрлэдэг. Тэгвэл Чөлөөлөх дайныг албан ёсоор зарласан юм. 1945 онд Холбоотнууд Крымийн Ялтад хуралдаж Дэлхийн II дайны үр дүнг хэлэлцсэн. Энэ үеэр Америк, Их Британийн талаас ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оролцохыг хүссэн. Үүний хариуд ЗХУ хэд хэдэн болзол тавьсан байдаг. Тэдгээрийн дотор Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудал байсан.

Мэдээж Америк, Их Британийн тал ЗХУ-ын тавьсан бүх болзлыг хүлээн зөвшөөрөхөө амласан. Ингээд манай улсын тусгаар тогтнолыг Хятадуудад хүлээн зөвшөөрүүлэх ажлыг Америкийн тал гардан зохион байгуулахаар тохиролцсон юм. И.Сталин олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу 1945 оны 7 дугаар сард маршал Х.Чойбалсанг Москва хотноо хүлээн авч, тус дайнд хамтран оролцох санал тавьсан. Ингэхдээ Монголын төрийн тэргүүнийг тусгаар улсын хэмжээнд хүндэт харуул жагсан угтаж, хүндэтгэл үзүүлсэн. Энэ бол Хятадын талд Монголын тусгаар тогтнолыг ЗХУ нэгэнт хүлээн зөвшөөрсөн гэдгээ харуулсан том үйл явдал байлаа.

Монгол Ардын хувьсгалт цэрэг Халхын голын байлдаанаас олж авсан туршлага сургамж, алдаа дутагдлаа Чөлөөлөх дайнаар зассан. Хэдий тийм ч алдаа дутагдал гаргасан гэдгийг энд хэлэх нь зүйтэй. Тухайлбал Их Хянганы нуруу чиглэлд өргөн фронтоор давшихдаа тээврийн хангалт, бэлэн байдлаа дутуу хийсэн байдаг. Цэргүүд шатахуун, хоол хүнс тасалдах асуудалтай удаа дараа тулгарсан.  Гэсэн ч Монголчууд Цагаан хэрэм хүртэл давшиж чадсан нь гайхалтай.

-Энэ дайнаас төрсөн баатруудын тухай эргэн дурсвал…

-Чөлөөлөх дайны ахмад дайчид маш цөөрч байна. Тухайн үед 18-20 настай байсан залуус эдүгээ 100 гаруй настай буурлууд болсон. Тус дайнаар Монголын олон баатрууд тодорсон. Тухайлбал, Л.Аюуш баатрыг дурдаж болно. Тэрбээр Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнаж, дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар 11 удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгдсэн. Түүнд 1945 оны 9 дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цол хүртээсэн. Япончууд Жанчхүүгийн даваанд долоон жилийн турш 30 гаруй мянган олзны хятадуудаар маш хүчирхэг бэхлэлт байгуулсан. Нэг ёсондоо хориглолтын маш том системийг бий болгосон. Цар хүрээгээрээ Сталинградын бэхлэлтээс ч том гэж түүхчид үздэг. Хориглолт хийхэд хоол хүнс, ар талын хангалтууд нь бүтэн хоёр жилийн нөөцтэй байсан. Германы тусгай инженерүүд ирж, Япончуудад бэхлэлт барих аргыг зааж өгсөн байдаг. Ахмад дайчдын дурдатгалуудад танк, морин цэрэг явж байгаад том том нүх рүү цөмрөн унаж байсан тухай гардаг. Маш сайн өнгөлөн далдалсан бэхлэлт байсан гэдэг нь үүгээр харагддаг. Ийм том хориглолтын системийг бага хүнтэй МАХЦ дайран орж эзэлж авч чадсанаараа түүхэнд маш том гавьяа байгуулсан юм.

Мөн холбоочин М.Жанчив баатрыг дурдахгүй байхын аргагүй. Жанчхүүгийн даваанд болсон ширүүн тулалдааны үеэр манай анги, салбаруудын холбоог тасалж, хооронд нь харилцаагүй болгосноор буулгаж авах Квантуны армийн төлөвлөгөө байсан. Ангиуд ар талтайгаа яаралтай харилцаж, байлдааны чухал мэдээг дамжуулах үеэр дайсан холбоог тасалсан. Холбоог залгах гэж хэд хэдэн цэрэг явсан ч эргэж ирээгүй гэдэг. Ингээд тасарсан холбоог залгах үүрэг байлдагч М.Жанчивт ирсэн. Тэрбээр дамартай утсаа үүрэн дайсны галын өмнүүр мөлхсөөр тасарсан холбооны шугамд ирсэн ч тал бүрээс Япончууд буудаж, хүндээр шархдаж, өрөөсөн гараа алджээ. Амиа алдах нь тодорхой гэдгээ мэдсэн ч хүлээсэн үүргээ биелүүлэхээр тэрбээр тасарсан утасны үзүүрийг амандаа нийлүүлэн чанга зуугаад холбоо залгуулж байтал дайсны сум түүний амин газар оносон түүхтэй.

-Чөлөөлөх дайнд МАХЦ-ийн талаас хэдэн хүн амиа алдсан бэ?

-Нийтдээ 122 хүний хохирол амссан. Үүнээс яг дайны үеэр амиа алдсан 10 орчим цэрэг бий. Үүн дээр нэмээд шархадсан сураггүй алга болсон цэргүүдээ нэмэхээр 120 орчим болдог. Үүнийг сонсоод хүмүүс гайхдаг л даа , “Яагаад тийм том дайны үеэр Монголын талаас аравхан хүн амиа алдсан юм бэ?” гэж. Үүний хариулт нь тун энгийн. Миний дээр хэлсэнчлэн Монголын болоод Зөвлөлтийн цэргүүд тус дайнд маш сайн бэлтгэлтэй орсных юм. 1944 оноос хойш ЗХУ энэхүү дайныг болно гэдгийг мэдэж байсан. Тиймээс Алс Дорнодын төмөр замаар маш нууцаар их хэмжээний зэр зэвсэг татсан байдаг. Мөн одоогийн Сахалины ойролцоо төмөр замын шугамыг ой дундуур нэмж, хүчээ Японы тагнуулуудад мэдэгдэлгүй нууцаар бөөгнөрүүлсэн. Бүтэн нэг жил бэлтгэсэн дайнд Зөвлөлтийн 1,5 сая цэрэг Японы 1 сая цэргийн өөдөөс гэнэтийн маш хүчтэй цохилт өгч чадсан. Үндсэндээ Квантуны армийн бүх фронт сэтгэл зүйн хувьд бүрэн хямарч, байлдааны ажиллагаанууд нь доголдож эхэлсэн. Дээрээс нь зун байсан учир ихэнх цэргийн дарга нар нь амралтаа аваад Япондоо байсан. Тэгээд ч МАХЦ-ийг Их Хянганы нурууг давж чадна гэж тооцоолоогүй. Дайны үед 670 гаруй мянган япон цэрэг бууж өгсөн. Мөн монгол цэргүүдийн овжин зан чанар ч бага хохирол амсахад нөлөөлсөн. Тухайлбал, Навааны Кампаан дайсны батальон буюу 600 гаруй цэргийг ганцаараа буулгаж авсан. Ингэхдээ Монгол, Зөвлөлтийн цэргүүд та нарыг бүсэлсэн. Хэрвээ бууж өгвөл амь нас, хоол хүнсэнд чинь баталгаа өгнө гэх мэтээр ухуулсаар ширхэг ч сум гаргалгүй ялалт авчирч байлаа.

-Дайны үед МАХЦ зэр зэвсгийн хангалтын хувьд ямар байсан бэ?

-Монголчууд тухайн цаг үеийнхээ хамгийн сүүлийн үеийн зэр зэвсэгтэйгээр дайнд оролцсон. Тухайлбал, Монгол цэргийн музейд хадгалагдаж буй Америкийн “Тhompson” автомат нь үүний нотолгоо юм. Тухайн үед Америкийн тал ЗХУ-д зэр зэвсэг, техникийн тусламж үзүүлсэн. Үүний дүнд манай цэргүүд Америк, Герман, Оросын орчин үеийн зэвсэглэл, техникүүдээр хангагдаж байлаа.

-Олзны япончууд манайд их ажил хийсэн гэж сонссон…

-Дайны олзлогсдоос 20-иод мянган цэрэг Монголын талд шилжүүлэхээр тохирсон. Халхын голын байлдааны төлбөр болоод Чөлөөлөх дайны хохирлыг биеэр төлүүлэхээр манайхан 12 мянган япон цэргийг улс орны аж ахуйн бүтээн байгуулалтуудад ашигласан. Ерөө, Сэлэнгэ, Архангай, Улаанбаатарын ойр орчимд тэднийг байлгасан. Гэхдээ Монголчуудын сайхан сэтгэлийг Япончууд дурсан ярьдаг. Малчин ардууд хэдий дайсан ч япон цэргүүдэд хоол хүнс, дулаан хувцсаар тусалж, хүн гэдэг сэтгэлээр хандаж байсан. Дайн гэдэг бол зөвхөн улс төрийн эрх мэдэлтнүүдийн үйл ажиллагаанаас болж дэгддэг зүйл. Үүнд эгэл жирийн ард түмэн л хохирдог.

Чөлөөлөх дайнаар Квантуны арми бүрэн ялагдсанаар 1945 оны 9 дүгээр сарын 2-нд АНУ-ын Миссури хөлөг онгоц дээр Японы тал бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан. Үүнд Монголчууд ялагч улсын статустай оролцсон. Дэлхийн II дайныг дуусгахад Монголчууд Холбоотны талд бат зогсож, ялалт авч ирэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. Энэ нь цаашлаад НҮБ-ын гишүүн болоход том нөлөө үзүүлсэн. Мөн маршал Х.Чойбалсан давхар нэгэн зорилготой байсан нь Манжийн үед алдсан Өвөрмонголчуудаа эргэн нэгтгэх байв. Гэвч Орос, Хятадын ашиг сонирхолд ялагдсан. Хэдий тийм ч Монголчууд өөрсдийн тусгаар тогтнолоо их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлж чадсан. Харин Хятадуудын хувьд 1939 оны 9 дүгээр сарын 16-нд болсон гал зогсоох үеийн гэрээгээр олж авсан хилийг Монгол, ЗХУ-ын талууд хүлээн зөвшөөрвөл манай тусгаар тогтнолыг хариу хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн байдаг. Бид ч аргагүй эрхэнд хүлээн зөвшөөрч одоо байгаа тусгаар тогтнолоо олж авсан. Тиймээс түүхийн хувьд ач холбогдлоороо маш чухал дайн гэж ойлгох хэрэгтэй.

-Дайны дараа юу болсон бэ?

-Зүүнхойд Хятадыг япончуудаас бүрэн чөлөөлсөн ч Хятад дахь улс төрийн нөхцөл байдал амаргүй байв. Чан Кайшигийн Засгийн газрын ирээдүй бүрхэг болж ирсэн. Тэгээд ч Кримын бага хурлын дүнд Америкууд Монголын тусгаар тогтнолтой холбоотой асуудалд оролцохоос өөр аргагүйд хүрсэн. Ингээд Чан Кайшид Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол танай талд зэр зэвсгээр туслахгүй. Тийм тохиолдолд та нар Маогийн талд бүрэн ялагдана гэдгийг ойлгуулсан. Чан Кайши хувь хүн талаасаа манай тусгаар тогтнолыг шууд хүлээн зөвшөөрч болох байсан ч түүнд Хятадын ард түмэнд яагаад тэгэх болсноо тайлбарлах шаардлага үүссэн. Тиймээс Монголчуудын тусгаар тогтнолоо өөрсдөө хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгтэй гэж шаардсан. Ингээд 1945 оны 10 дугаар сард улс орон даяар санал асуулга явуулах улс төрийн шийдвэр гарсан. Энэ үед Монголд амьдарч байсан хятад, орос иргэд ч тусгаар тогтнолын төлөөх асуулгад оролцсон байдаг. Бүх нийтийн санал асуулгын дүнд Монголчуудын 99 хувь нь тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгсөн. Удалгүй 1949 онд Монгол, Хятад хоёр анх удаагаа дипломат харилцаагаа тогтоосон.

-Оросуудад манай улсын тусгаар тогтнол хэр чухал байсан бэ?

-Чан Кайшигийн Засгийн газрын Гадаад хэргийн сайд И.Сталинтай уулзахдаа асуусан байдаг. “Танайх яагаад Монголыг тусгаар улс болгох гээд байгаа юм бэ?” гэхэд нь “Учир нь бид урд хилийнхээ дагуу өргөн уудам буфер улстай болмоор байна. Япон 10, 20 жилийн дараа гэхэд дахин сэргэж олон улсын тавцанд хүчирхэгжинэ. Хятад ч мөн ялгаагүй. Тийм болохоор бид хилийнхээ дагуу хамгаалалт улстай байх нь чухал. Германыг хар л даа Дэлхийн I дайнд ялагдчихаад Дэлхийн II дайнд ямар хүчирхэг улс болон мандав. Яг үүнтэй адил зүйл Японд ч гэсэн болно” гэж хариулсан гэдэг. Яахын аргагүй тэд хэдхэн жилийн дотор хүчирхэгжиж 1960 он гэхэд олимп зохион байгуулах хэмжээнд үсрэнгүй хөгжиж чадсан.

М.МӨНХЗОРИГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж