"Нүүрсний алтан боломжийг ашиглаж чадахгүй байна"

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

"Нүүрсний алтан боломжийг ашиглаж чадахгүй байна"

"Нүүрсний алтан боломжийг ашиглаж чадахгүй байна"

Нүүрс бол Монгол Улсын амин чухал түүхий эд. Улсын төсвийн орлогын гол эх үүсвэрийг нүүрсний экспортоос бүрдүүлж, улмаар цалин, тэтгэвэр, халамж тавьж байна. Гэвч цар тахлын үед нүүрсний экспорт гацаанд орж байгаа нь эдийн засагт хүндхэн цохилт. Тэр тусмаа Монгол Улсын гол түнш БНХАУ удаа дараалан нүүрс нэвтрүүлэхийг хориглосон шийдвэр гарч, экспорт тэг зогссон. Нүүрсний экспорттой холбоотой асуудлаар “Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.  


Дэлхийн зах зээл дээр  нүүрсний үнэ өссөн. Энэ алтан боломжийг Монгол Улс  ашиглаж чадаж байна уу?

-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөн ч Монгол Улс нүүрсээ хилээр гаргаж чадахгүй байгаагаас сайхан боломжийг ашиглаж чадахгүй байна. Нүүрс эрэлттэй, Хятадын зах зээл дээр үнэ нь өссөн байлаа гээд Монголын борлуулж буй нүүрсэнд нөлөөлөхгүй. Цар тахал, дэд бүтцийн асуудлаас болж бид маш бага хэмжээгээр нүүрс экспортлож байна. Энэ нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн өсөлт маш бага хэмжээгээр л нөлөөлнө гэсэн үг.

-Харамсалтай юм аа, нүүрсний "мангас" Хятадтай хил залгаа хэрнээ ийм сайхан боломжийг ашиглаж чадахгүй байна гэдэг.

-Хилийн цаана нүүрсний үнэ өссөн сайхан боломж бүрдсэн ч Монгол Улс алтан боломжийг ашиглаж чадахгүй байна. Харин ОХУ-д нүүрсний экспорт өсч байгаа. Цар тахлын үед нүүрсний экспорт нэмэгдэх боломжтойг хойд хөршийн экспортоос харагдаж байна. Ялгаа нь дэд бүтэцтэй л холбоотой.

ОХУ  хүн хоорондын контакт үүсэхгүйгээр далай болон хуурай газраар  нүүрсээ тээвэрлэх боломжтой байхад бид дэд бүтцээ шийдээгүйн улмаас  машинаар нүүрсээ гаргадаг, зохион байгуулалт сул, хүнд нөхцөлд ажилладаг. Үүнээс болж алтан боломжийг ашиглаж чадахгүй байна.

Төмөр замын бүтээн байгуулалт нэлээд хийгдэж байгаа ч Хятадын талтай хаанаас яаж залгах нь тодорхойгүй байна. Үүнийг 2022 оны долдугаар сард гэж төлөвлөж байгаа. Гэхдээ товлосон хугацааг хүлээлгүй аль болох төмөр замаа хурдан залгаж дуусгах, ашиглалтад оруулах ёстой. Нүүрс тээвэр гацаанд орсон тул аж ахуйн нэгжүүд өөрсдөө дэд бүтцээ маш хурдан хугацаанд шийдэх гарц олж контейнер тээврийн асуудлыг өөрсдийн хөрөнгөөр босголоо. Одоогоор Тавантолгойн ордоос Гашуунсухайтын боомтоор нүүрс экспортолж байна.  Гашуунсухайт боомтын  дэргэд  контейнер тээврийн терминалыг барих ажил дуусч байна. Ойрын 10 хоногт багтаад ашиглалтад орох болов уу гэсэн хүлээлт байна.

-Контейнер тээврийн терминал гэдэг нь юу юм бэ?

-Контейнер тээвэр, терминал нь  ачсан нүүрсээ талбай дээр буулгана. Хятадын талаас нүүрсээ ачиж авна. Өөрөөр хэлбэл, хоёр орны жолооч нар уулзахгүй. Монгол жолооч нар ачсан нүүрсээ терминал дээр буулгачхаад явна. Цаанаас нь Хятадын жолооч нар нүүрсээ ачаад явна. Монголын жолооч нар нүүрсээ экспортлохын тулд хилээр нэвтрэх шаардлагагүй.

“Энержи Ресурс”  компани энэ ажлыг тэргүүлж ажилласан. Цар тахлын үед хувийн хэвшил нь хурдтай ажиллаж дэд бүтцийнхээ асуудлыг шийдлээ. Төрөөс нүүрсний тээвэрт зориулсан гарц 24 цагаар ажиллуулах асуудлаар Хятадын талтай хэлэлцэж эхэлсэн. Энэ ажил хэрэгжвэл Тавантолгойн нүүрсний  тээвэрлэлт тодорхой хэмжээгээр нэмэгдэх найдвар бий. Мөн Шивээхүрэнгийн боомтод Мак компанийн хөрөнгө оруулалтаар контейнер байгуулж төрийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Одоогоор терминал байгуулах талбайн ажлыг эхлүүлээд байна. Мөн Хятадын талаас жолоочгүй машин явуулах шинэ технологийн тухай яригдсан. Төрөөс Хятадын талтай техникийн санал солилцож, терминал байгуулбал үлдсэн хугацаанд нүүрсний үнийн өсөлтөөс ашиг олох боломжтой. Цар тахлын үед контейнер терминал байгуулахгүйгээр нүүрсний экспорт жигдрэхгүй. Алтан боломжийг ч алдана. Аж ахуйн нэгжүүдийн тухайд бүх  чадлаараа ажиллаж байна.

-Хятадын талаас  нүүрс тээвэрлэлтийг удаа дараалан зогсоож  экспорт гацлаа.  Тэг зогсолтоос хэр их хэмжээний алдагдал хүлээсэн гэж тооцож байна?

-Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн ч 10 сая гаруй тонныг л хилээр гаргачхаад байна. Цар тахлаас хойш хоёр жил экспорт тэг зогслоо. Үүнээс болж 10, 20 сая тонн нүүрсний алдагдалд орсон гэж үзнэ. Энэ бол өчнөөн тэрбум ам.долларын маш их мөнгө. Төр, хувийн хэвшлийн бүгд л орлогоо алдаж байна.

Контейнер терминалтай болсноор богино хугацаанд алдагдлаа нөхөж чадах уу?

-Терминал байгуулснаар бид өнгөрсөн найман сарын хугацаанд алдсан боломжоо нөхөж чадахгүй. Амжихгүй. Өнөөдрийн нөхцөлд контейнер терминалыг яаралтай ашиглалт оруулахаас өөр арга байхгүй. Тиймээс аж ахуйн нэгжүүд хөрөнгө босгож контейнер терминал байгуулсан. Үүнд төрөөс ач холбогдол өгч дэмжлэг үзүүлж байна. Тэгэхээр үлдсэн хугацаанд 30 сая тонн нүүрс экспортлох боломж бий. Үүний тулд маш сайн ажиллах хэрэгтэй.

 Тавантолгой-Гашуунсухайт боомтод терминал ашиглалтад орсноор өдөрт 500-100 нүүрс тээврийн машин гарах боломжтой. Мөн Шивээхүрэнгийн боомтын контенейр терминал ашиглалтад орно гэж тооцвол 30 сая тонн нүүрс экспортолж болно.

Халдварын нөхцөл байдал дахин хүндрэхгүй гэх баталгаа байхгүй. Улмаар нүүрс тээвэрлэлт дахин зогсч болзошгүй. Энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд яах ёстой вэ?

-Хүний оролцоогүй нүүрс экспортлох дэд бүтцийн асуудлыг дэлхий дахинд шийдсэн. Монгол Улсын хувьд төмөр замаа одоо ч барьж дуусаагүй. Энэ асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, контейнер терминалыг хугацаа алдахгүйгээр ашиглалтад оруулах ёстой. Ингэснээр цар тахлаас шалтгаалахгүй орлоготой байна.

Терминал байгуулахгүйгээр бид халдвар хамгааллын дэглэмд хэчнээн анхаараад ч нэмэргүй. Хил дээр хорио тогтоож, харуул хамгаалалт гаргахаар Covid-19 халдвар  нэвтрэхгүй гэсэн үг биш.Үүнтэй холбогдуулан нэг зүйл хэлэхэд, Оюутолгой компанийн зэсийн баяжмалыг тээвэрлэсэн хоёр жолоочоос Covid-19 илэрсэн. Харин нүүрс тээврийн жолооч нараас Covid-19 илрээгүй байхад Хятадын тал  Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээвэр нэвтрүүлэхийг хориглосон. Үүнээс харахад Засгийн газар Хятадын талтай харилцаа холбоогоо сайжруулах хэрэгтэй гэж харж байна. Нүүрс тээврийн компаниуд бүхий л чадлаараа ажиллаж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж байгаа.

-Монгол Улс төмөр замгүйн улмаас нүүрсний экспортоос олсон ашиг орлогын дийлэнхийг тээвэрлэлтийн зардалд явчихдаг. Хэрэв төмөр зам ашиглалтад орвол нүүрсний экспорт хэдэн хувиар өсөх бол?

-Гашуунсухайт боомт, төмөр замаар тус бүр 30 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө бий. Ингэж тооцвол Монгол Улсын нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэх дүр зураглал харагдаж байгаа юм. Гэхдээ БНХАУ 70 гаруй сая тонн коксжих нүүрсийг гадаадаас импортолдог. Экспортоор Монгол Улс, Австрали тэргүүлдэг байсан бол өнөөдөр ОХУ, Канад тэргүүлж байна. Тиймээс Монгол Улс БНХАУ-д 60 гаруй сая тонн нүүрс экспортлох боломжгүй. Төмөр замтай болсноор  нүүрс тээвэрлэлтийн хэмжээ өсч болно. Гэхдээ зах зээлийн хязгаарлалт бий. Үүнд уялдуулан ажиллах болов уу. Бидний хувьд жилд 42 сая тонн нүүрс экспортлох нь дундаж үзүүлэлт. Өнөөгийн байдлаар уул уурхайн компаниуд 50 сая тонн нүүрс хилээр гаргах боломжтой. Энэ бол маш том орлого.

Хилийн цаана нүүрсний үнэ өссөн ч манай улс нүүрсээ гаргах боломжгүй байгаа. Гэтэл нүүрсний үнэ өсөхийн хэрээр гэрээний дагуу тонн тутмаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ суутгадаг. АМНАТ бодох жишиг үнийг үндэслэлгүй тогтоодог. Энэ асуудал байнга яригддаг. Уул уурхайн компаниуд нүүрсээ хямдхан зардаг болохыг шүүмжилдэг ч бодит байдал дээр нийцэхгүй байгаа юм.

Нүүрсний үнийг 20 янзаар тогтоох боломжтой. Гэтэл Монголын нүүрсийг гуравхан ангиллаар үнэлдэг. Үүнээс болж өндөр үнээр зарах сайн нүүрсийг хямд,  маш хямдхан нүүрсэнд өндөр үнэ тогтоох гажуудал гардаг. Улмаар  зарим борлуулах боломжгүй их чулууны  хольцтой муу нүүрсийг хаядаг. Хэрэв хаягдал нүүрсийг хямд зарвал төр, аж ахуйн нэгжийн аль алинд нь ашигтай.

Мөн байгалийн нөөцийг бүрэн ашиглаж хог гаргахгүй. Гэтэл хямд зарж буй чанаргүй нүүрсэнд өндөр АМНАТ тогтоочхоор уул уурхайн компаниуд муу нүүрсээ гаргахаа больсон. Муу нүүрсийг олборлож зарахад компани алдагдалд орж байгаа учраас хаяж байна. Жишиг үнийн асуудалд аль нэг компани бага татвар төлөх гэж байгаа юм биш. Тиймээс хэрэгжиж буй хуулийн хүрээнд нүүрсний үнийг олон төрлөөр тогтоох хэрэгтэй.

Цар тахалд уул уурхайн компаниуд хэр их нэрвэгдсэн бэ. Энэ  асуудалд төрөөс ямар бодлого шийдвэр гаргаасай гэж ассоциацын зүгээс хүсч байна?

-Covid-19 халдварын нөлөөгөөр уул уурхайн олон компани үйл ажиллагаагаа зогсоосон. Уул уурхайн компанийн сул зогсолтын зардал нь асар их гардаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бүгд санхүүгийн хүндхэн байдалд орсон. Гэсэн ч ажилчдаа сул зогсоож цалинг нь олгох, улсад орлого төвлөрүүлж татвараа төлсөөр байгаа.

Хэрэв нүүрсний экспорт жигдрэхгүй удаан хугацаанд гацаанд орвол хэчнээн том компани байсан ч тэсэхгүй. Яагаад гэвэл, техникийн арчилгаа засвар, эргэлтийн хөрөнгө бүгд л санхүүгийн зээлээс үүдэлтэй. Бүх үйл ажиллагаа нь хоорондоо уялдаатай учраас яаралтай арга хэмжээ авахгүй бол томхон хямралд өртөж болзошгүй.

Төрийн зүгээс өнгөрсөн жил “ногоон гарц” төслийг хэрэгжүүлж, Хятадын талтай хэлэлцэж, терминал байгуулахад гарцын асуудлыг шийдвэрлэж өглөө. Төрийн зүгээс  Хятадын талтай маш сайн хамтарч ажиллах, халдвар хамгааллын дэглэмийн хяналтад тус улстай хамтарч ажиллах нь чухал. Дээр нь цар тахлын үед аж ахуйн нэгжүүд хямарсан үед жишиг үнэтэй холбоотой АМНАТ зэрэг дарамтаас чөлөөлөх хэрэгтэй.

Монгол Улсын орлогын дийлэнхийг  нүүрсний экспортоос төвлөрүүлдэг. Цаашид нүүрсний зах зээл хэр ирээдүйтэй харагдаж байна вэ. Дэлхийн дулаарлаас үүдэн улс орнууд нүүрснээс татгалзаж эхлээд байна. Энэ нь Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

-Эрчим хүчний нүүрсний хэрэглээний өсөлт буурч байгаа болохоос хэрэглээний нийт хэмжээ дэлхий дээр буураагүй. Урт хугацаанд эрчим хүчний нүүрсний хэрэглээ тогтвортой байна. Гэхдээ энэ бол манай зах зээлд тийм ч их  нөлөө үзүүлэхгүй. Учир нь бид эрчим хүчний нийлүүлэгч биш. Хятад бол маш их хэмжээний эрчим хүчний хэрэглээний нүүрс хэрэглэдэг. Өөрсдөө дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч. Гадаадаас олон газраас эрчим хүч авдаг. Манай улс коксны нүүрсээ  ч гаргаж чадахгүй байна шүү дээ.

Хэрвээ төмөр замтай болчихвол хэрэглээний эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт нэмэгдэх байх. Одоогоор Сүхбаатар аймагт хүрэн нүүрс гаргаж байна. Мөн Замын-Үүдэд эрчим хүчний нүүрс гаргаж байна. Хэдийгээр урд хөрш нийлүүлэгч олонтой ч тодорхой хэмжээний хэлбэлзэл үүсэхэд Монголд маш их нөлөө үзүүлнэ.

Хятадын эрчим хүчний хэрэглээний нүүрс зарим үед хомстол үүсдэг. Ийм тохиолдолд Монгол Улс  их хэмжээний бэлэн нүүрс гаргахын тулд дэд бүтцийн асуудлаа шийдсэн байх ёстой. Нүүрсний зах зээлд эрчим хүчний хэрэглээний нүүрс тодорхой хувийг эзлэх ч коксжих нүүрс шиг томоор төсөөлөх хэрэггүй. Коксжих нүүрсний зах зээл ирэх хэдэн арван жилд тогтвортой байна. Ус төрөгчөөр ган хайлуулна гэсэн зүйл байдаг. Гэхдээ ус төрөгчийг нүүрс, нефтьтэй тэнцэхүйц хэмжээний өртөгтэй гаргаж авахын тулд хугацаа хэрэгтэй. Технологийн хувьд ч болоогүй. Коксжих нүүрсний тухайд ойрын үед эрэлт өндөр байна. Энэ жилийн хувьд үнэ өссөн, эрэлттэй байна.  Энэ боломжийг Монгол Улс дэд бүтцийн асуудлаас болж ашиглаж чадахгүй байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэд бүтцийн асуудлаа шийдэх ёстой байсан төр засаг муу ажилласан гэдэг нь цар тахлын үед харагдаж байна. Цар тахлаас ч өмнө дэд бүтцийн асуудлаа шийдэх хугацаа маш их байсан. Covid-19 халдвар дэгдсэн үед ч бид дэд бүтцээ шийдэж болохоор хангалттай хугацаа өнгөрлөө. Нүүрсний зах зээл ирээдүйтэй байхад яагаад төмөр замаа барьж дуусахгүй байна  вэ? Хэрэв төмөр замаа ашиглалтад оруулсан бол Хятадууд нүүрс авч л байвал  бид 50, 60, 100 сая тонн нүүрс ч экспортолж чадна. Төмөр замгүй ч хилийн боомтууд хэвийн ажиллаж байх үед Монгол Улс 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой гэх тооцоог бид гаргасан. Техникийн хувьд уурхайнууд 80 сая тонн нүүрс гаргах боломжтой. Нөөц боломж бидэнд асар их байгаа ч зах зээлийн хязгаарлалтаас шалтгаална.

Монгол Улс нүүрсний нөөцийг шинээр нэмэгдүүлсэн үү?

-Уул уурхайн компаниуд хайгуул хийж байгаа.

Жил бүр нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia” чуулга уулзалт зохион байгуулж жаргал зовлонгоо төрдөө дуулгадаг байсан. Одоо бүр байхгүй боллоо шүү дээ?

-Хятадын худалдан авагчидтай улиралд нэг удаа цахимаар хуралддаг. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан уулзалтууд зохион байгуулна.

Монголын хамгийн том орд бол Тавантолгой. Энэ орд дээр IPO гаргах гэсээр байтал хамаг нүүрсээ  нүүрсийг сорчилж зөөсөөр үнэгүйдчихлээ?

-“Эрдэнэс Тавантолгой” компани баяжуулах үйлдвэрээ аль болох хурдан барьж ашиглалтад оруулах хэрэгтэй. Тээврийн дэд бүтэц муу, баяжуулах үйлдвэргүйгээс болоод муу чанарын нүүрсийг хол газар тээвэрлэж зарах боломж нь хязгаарлагдмал. Тиймээс сайн нүүрсээ олборлож зарахаас өөр арга байхгүй. Иймд төрөөс дэд бүтцийн бодлогоор төлөвлөж буй ажлаа богино хугацаанд хэрэгжүүлэх, баяжуулах үйлдвэрийг барих хэрэгтэй. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компани түүхий эдээ бүгдийг нь ашиглах боломж бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж