СУРВАЛЖЛАГА: Эрэлттэй мэргэжлийн ЭЗЭД | News.MN

СУРВАЛЖЛАГА: Эрэлттэй мэргэжлийн ЭЗЭД

СУРВАЛЖЛАГА: Эрэлттэй мэргэжлийн ЭЗЭД

СУРВАЛЖЛАГА: Эрэлттэй мэргэжлийн ЭЗЭД

"Би гагнуурын Зб ангид суралцдаг. Манай гэрийнхэн гагнуураар сурахыг зөвлөсөн. Тэгээд гагнуурчин болохоор шийдэж, мэргэжилдээ дуртай болсон"  Б.Гончигсумлаа ярилаа. Тэрбээр МСҮТ-ийн оюутан. "Сайн гагнуурчин болж цалин өндөр авах"-ыг хичээж яваа түүний эзэмшиж буй мэргэжил бол хөдөлмөрийн зах зээлд ажлын байр олонтой, эрэлт ихтэй байдаг аж. 

Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлаас болж сургууль төгссөн залуучууд хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Сургууль төгссөн залуусын дийлэнх нь өндөр цалинтай ажилд орохыг хүлээж байхад, нөгөө хэсэг нь гадаад улсад хөдөлмөр эрхлэх аргыг эрэлхийлэх боллоо. Харин МСҮТ, коллежид мэргэжил эзэмшсэн мэргэжлийн ур чадвар сайтай, төгсөгч хөдөлмөрийн зах зээлд мэргэжлийн дагуу ажилтай болох боломж дээд боловсрол эзэмшсэн хүмүүсээс 30 нь хувиар илүү байна.

Иймээс энэ удаагийн сурвалжлагаар Барилгын Политехникийн коллежийн нэг өдөртэй танилцсанаа хүргэе. Оюутан, сурагчдын хичээл эхлэхээр бужигнаж, МСҮТ-ийнхэн, хичээлийн шинэ жилдээ бэлтгэн тун завгүй харагдана. Биднийг очиход барилга, гагнуурын тэнхимийнхэн сургуулийнхаа өнгө үзэмжид анхаарч, өрлөг, будаг хийж байна. 67  жилийн түүхтэй энэхүү МСҮТ-ийнхэн, барилгын салбарт чадвартай мэргэжилтэн бэлтгэдгээрээ танигдсан билээ. Тус сургууль нь барилгын 10 мэргэжлээр бүрэн дунд боловсролтой мэргэжилтэй ажилтан, долоон  мэргэжлээр тусгай дунд боловсролтой техникч, 10 мэргэжлээр мэргэжил олгох түр сургалтууд явуулдаг. Сурагчид болон багш нартай ярилцлаа.

ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙЖ БАЙГАА БОЛОХООР АЖЛААСАА УРАМ АВДАГ

Б.Гончигсумлаа " Миний хувьд есдүгээр ангиасаа мэргэжил эзэмшиж байгаа учир, хөдөлмөрийн зах зээлд хурдан ажлын байртай болох байх. Ажил олгож буй компаниуд биднээс хувийн бэлтгэл “сайн” байхыг шаарддаг. Удахгүй дадлагадаа гарах гэж байна. Сайн гагнуур  хийгээд сурчихвал цаашдаа олон улсын тэмцээнд оролцох бодолтой байна" гэж мөрөөдлөөсөө хуваацлаа.

НИЙТ ТӨГСӨГЧДИЙН 80 ГАРУЙ ХУВЬ НЬ АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДДАГ

Тус сургуулийн Гагнуурын тэнхимийн эрхлэгч Д.Намхайдорж "Манай сургууль 1954 онд байгуулагдсан. 2000 гаруй оюутантай. Энэ хичээлийн жилд 800 орчим сурагч элссэн. Гагнуурын тэнхимд цахилгаан болон, гагнуурын багш нар харьяалагддаг. Нийтдээ нэг хичээлийн жилд 200 гаруй залуус гагнуураар суралцаж төгсдөг.

Зах зээлд гагнуурын мэргэжлийн эрэлт хэрэгцээ их байна. Гагнуурын мэргэжил, уул уурхай, хүнд механизм, барилга гэх мэт олон салбарт хэрэглэгддэг учраас аль ч салбар руу хөрвөх чадвартай. Тиймээс эрэлттэй мэргэжилд тооцогддог. Мэргэжлийн боловсролын салбарт жил бүр “Монгол ур чадвар”, “дэлхийн ур чадвар” гэсэн тэмцээн зохион байгуулагддаг. Манай сургуульд өрөг чиглэлийн хүүхдүүд жил бүр ур чадварын тэмцээнд түрүүлдэг. Суралцаж буй хугацаанд 1.5-2-5 жилийн сургалттай. Гагнуурын мэргэжил 2-5 болон насанд хүрэгсэд буюу нэг жилийн анги байдаг. ЕБС-ийн хүүхдүүдээс давуу зүйл нь юу вэ гэхээр манай сургуулийг төгсч байгаа хүүхдүүд ажлын байран дээр ажиллах, бүрэн бололцоотой болж, хүлээн зөвшөөрөгддөг. Яагаад гэвэл ХАБ-ийг маш сайн мөрдүүлдэг. Гагнуурын мэргэжлээр төгсөгчдийн 70 орчим хувь нь ажлын байраар хангагддаг. Нийт сургуулийн төгсөгчдийн 80 орчим хувь нь ажлын байраар хангагддаг гэсэн судалгаа байдаг"-ийг сонирхууллаа.

Нийгэмд хамгийн их эрэлттэй мэргэжлийн дунд гагнуур, цахилгаан, барилгын засал чимэглэлийн мэргэжил эрэлт, хэрэгцээтэй байна. Сүүлийн үеийн хүүхдүүд сургуульд элсэхээсээ өмнө судалгаатай, өөрсдийн зорилготой орж ирж байна. Гагнуурын мэргэжлийн цалин доод тал нь нэг саяас, 2.8 сая төгрөгийн ханштай байна.

Энд ч төмөр дуугарч, тэнд ч будаг үнэртэж, суралцагчид завгүй гүйлдэцгээнэ. Хүүхдүүд багшийнхаа үгийг дуулгавартай сонсож, няхуур ажиллах аж.  “МСҮТ, Коллежууудад есдүгээр ангиа төгссөн 15,16-тай хүүхдүүд элсдэг. Сурагчийн ширээнээс өндийж, хөдөлмөрийн зах зээлд хөл тавих гэж буй хүүхдүүдийг шууд ажил олгогчийн шаардлага хангасан чадвартай, үг даадаг нэгэн  болгож төгсгөх амаргүй. Гэхдээ маш сайн төлөвшсөн боловсон хүчин эндээс л гардаг гэдэгт огт эргэлздэггүй” гэж хэлсэн өөр нэгэн сургуулийн багшийн үг нэгийг бодогдуулав.

ТУХАЙН ХҮНЭЭС ЗҮТГЭЛ ГАРАХГҮЙ БОЛ АМЖИЛТАД ХҮРЭХГҮЙ

О.Наранбаатар  тус сургуульд 2015 онд өрөг угсрагч мэргэжлээр элссэн. Дараа нь 2018 онд анхан шат төгсөөд, угсралтын техникчийн ангид суралцжээ. Тэрбээр Монгол ур чадварын тэмцээнд 2017 онд түрүүлсэн юм байна. Харин одоогоор 2022 онд Шанхайд болох ур чадварын тэмцээнд бэлдэж байгаа аж.

-Энэ мэргэжлийн давуу тал онцлог нь юу вэ. Яагаад сонгох болов?

-Анх есдүгээр ангиа төгсөөд судалж байж орсон. 2015 онд МСҮТ-д суралцагчид 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй байснаа больсон үе л дээ. Энэ мэргэжлийн давуу тал нь их. Жишээ нь, үеийн хүүхдүүд ЭЕШ өгөхөөр бэлдэж байхад би төгсөөд мэргэжлийн ур чадвар эзэмшсэн, 12 дугаар ангийн гэрчилгээгээ авчихсан байсан. Ингэснээр цаг хугацаа хожиж, мэргэжилтэй болсон. Саяхан инженерийн дипломоо гардан авсан.

-Хөдөлмөрийн зах зээл ажиллах хүчний дутагдалтай байна. Компаниуд та бүхнийг ажиллуулах сонирхол хэр байх вэ?

-Маш өндөр байдаг. Манай сургуулиас албан байгууллагууд маш их хүүхэд авдаг. Манай сургуулийн онцлог нь онол, практикийг хослуулдаг давуу талтай.

-Барилгын салбарын ачаалал, цалин хөлс хэр байдаг вэ?

-Ачаалал мэдээж өндөр байна. Жишээлбэл, бие бялдарын ачаалал ихтэй. Шуудай цемент өргөхөөс эхлээд, тоосго, блок зөөх жишээний. Тэгэхээр бие бялдарын хөгжилд ач холбогдол өгөх хэрэгтэй. Ажлын ачаалал даадаг болгохын тулд манайд сургалтын дадлага ордог. Үүний дагуу цалин өндөр авдаг. Ер нь өрлөгийн ажил үнэлгээ өндөртэй байдаг.

-Энэ мэргэжлийг сонирхож буй хүмүүс зөндөө бий байх?

-Энэ мэргэжлийг сонирхоод орж ирсэн бол хичээх хэрэгтэй. Ер нь барилгын мэргэжил сонгоод орж ирж буй хүүхдүүд хичээх хэрэгтэй. Тухайн хүнээс зүтгэл гарахгүй бол амжилтад хүрэхгүй. Барилгын мэргэжлийнхэн голдуу эрчүүд. Монголд барилгын салбар эрчимтэй хөгжиж буй учраас барилгын мэргэжлийн ажилтан цөөдөж байна. Тэгэхээр их дээд сургууль төгсөөд ажилгүй байгаа хүмүүсээс, барилгын мэргэжил эзэмшсэн хүн хамаагүй олон ажлын байртай байна. Манай сургуулийг төгсөх юм бол хоосон дипломын гол болохгүй.

ТОКАРИЙН МЭРГЭЖЛИЙГ ЭРЭГТЭЙ ГЭЛТГҮЙ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС ЭЗЭМШИЖ БОЛДОГ

Харин О.Мөнгөнчимэг токарчинаар суралцдаг.  "Би токарийн мэргэжлээр сурдаг. Манай мэргэжлийн давуу тал нь энэ мэргэжил нь төмрөөр ямар ч зүйлийг зорж хийж болдог. Энэ мэргэжилд манай аав дуртай. Есдүгээр анги төгсөөд орж ирсэн. Анх ороход хэцүү мэргэжил санагдсан. Одоо сураад эхлэхээр хэцүү санагдахаа больсон. Миний хувьд удахгүй дадлагадаа гарах гэж байна. Багануурт очиж ажиллана. Токарийн мэргэжлийг эрэгтэй гэлтгүй эмэгтэй хүмүүс эзэмшиж болдог" гэж тэрбээр хуучиллаа.

ТОКАРЧНЫ ЦАЛИН ӨНДӨР, АЧААЛАЛ ИХТЭЙ

-Би барилгын коллежийн багш н.Басхүү байна. Манай мэргэжлийг сонгосон хүмүүс төмрөөр янз бүрийн зүйл хийдэг. Маш нарийн мэргэжил юм.  Одоогийн байдлаар гуравдугаар курсийнхэн сургалтын дадлагаа хийж байна. Токарийн мэргэжил эрэлт хэрэгцээ маш их байдаг. Хүүхдүүдээ өөрсдөө сургаж авдаг. Хоёрдугаар курст хоёр сарын дадлага хийдэг. Дадлага хийх хугацаандаа тухайн компанитай танилцаад зуны цагаар ажлаа хийгээд, мэргэжлээрээ ажиллаж байна. Өнгөрсөн жил цар тахлын үеэр хичээл цахимаар явсан. Есдүгээр сарын нэгнээс гурван сарын дадлагатай. Токарчны цалин өндөр ч тэр хэрээр, ачаалал ихтэй.

Ийнхүү тус сургуулиар зочилсон цөөн хоромд хүүхдүүд их, дээд сургуульд яаран орох бус, нийгэмд мэргэжлээ зөв сонгож, нарийн мэргэжлээр суралцахын ач холбогдлын илүү ойлгодог болсон мэт бодогдов.

Сурагчдын хувьд эрэлттэй мэргэжлээр үнэгүй суралцаж төгсөөд аль компанийн саналыг нь хүлээж авах вэ гэдэг сонголттой л нүүр тулдаг аж. Жил бүр 32-36 мянган оюутан их, дээд сургууль төгсдөг. Тэдгээрийн 60 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэх судалгаа бий. Харин эсрэгээрээ МСҮТ, политехник коллеж төгссөн оюутнуудын 70 хувь нь төгсөөд шууд ажлын байртай болдгийг статистик дүн харуулж байна.  Иймээс ч мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэхэд төрөөс түлхүү анхаарахад хөгжлийн бодлогоо чиглүүлжээ. Халамжаас хөдөлмөрт буюу ирээдүйдээ халамжаар амьдрахгүйн тулд мэргэжлээ зөв сонгох нь туйлын чухал. Хичээвэл хүн бүрт боломж бий. Мөрөөдөлдөө хүрэх илүү дөт зам хангалттай байна. Гагцхүү агуулга бус хэлбэр хөөж, сонголтоо хийхгүй байх нь зорилгодоо хүрэх зөв чиг гэдгийг онцлое.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-02 185.220.102.246

!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-02 202.21.108.62

Ажлын цагийн үнэлгээг ахиулж тогтоож бна уу. Тогтмол өгнө гээд бдг шүү. Уг нь үнэлгээт ажлын хөлстэй бвйгаад тэгээд хөдөлмөрийн хөлс дээрэмдээд байхгүй бол залуус ажиллана шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж