Хятад: Технологийн компаниудад хориг тавьж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

Хятад: Технологийн компаниудад хориг тавьж байна

Хятад: Технологийн компаниудад хориг тавьж байна

Хятад улс технологийн компаниуддаа олон талт арга хэмжээ авч эхэлснээс хойш тус улсын олон арван жилийн түүхтэй пүүс, компаниуд тодорхойгүй бөгөөд тогтворгүй орчинд үйл ажиллагаагаа явуулж байна. Эрх баригчдын ээлж дараалан гаргаж буй зохицуулалтад дараах салбаруудын үйл ажиллагаа багтаж байгаа юм.

ЦАХИМ ТОГЛООМЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Тоглоомын донтолтыг “Оюун санааны хар тамхи” гэж үзсэн Хятадын эрх баригчид 18-аас доош насны тоглогчдын онлайн тоглоомд зарцуулах хугацааг долоо хоногт гурван цаг байхаар хязгаарласан юм. Тодруулбал, Баасан гариг болон амралтын хоёр өдрөөр тус бүр нэг цаг хүртэл хугацаанд тоглох зөвшөөрөл олгосныг тус улсын хэвлэлүүд Даваа гаригт мэдээлжээ.

ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хятадад унадаг дугуй, машин болон утасны цэнэглэгчгүй байгаа хүмүүст зориулсан түрээсийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд байдаг бөгөөд хямд үнийг санал болгодогоороо өргөн олон хэрэглэгчдийг татдаг. Тухайлбал, гудамжаар явж байгаад утсаа цэнэглэх шаардлага гарвал утас цэнэглэх бүхээгт байх кодыг уншуулан төлбөр төлөх бөгөөд төлсөн мөнгөний хэмжээнээс шалтгаалан цэнэглэгчийг тодорхой хугацаанд ашиглаж болох юм. Тэгвэл БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын төрийн захиргаанаас уг төрлийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад илүү өргөн хүрээний зохицуулалт явуулахаар болсноо мэдэгдсэн билээ.

ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУД IPO ГАРГАХАД АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙНА

Хятад улс мэдээллийн аюулгүй байдал нь алдагдах эрсдэлтэй интернет компаниудыг гадаадад, тэр дундаа АНУ-д бүртгүүлэхийг хориглох тухай дүрэм боловсруулж байгаа талаар мэдээлэлд ойр эх сурвалжаас хэлжээ. Нэрээ нууцлахыг хүссэн түүний хэлснээр, энэхүү хоригт үзэл суртлын асуудал гаргасан компаниуд ч мөн багтах төлөвтэй байгаа аж.

ҮҮЛЭН ТООЦООЛОХ СИСТЕМ

Хятад улс “Alibaba”, “Huawei”, “Tencent Holdings” зэрэг технологийн аварга компаниудад шууд заналхийлж буй "Төрийн өмчит үүл" гэсэн нэртэй үүлэн тооцоолох системийг бий болгож байна.

“Reuters” агентлагийн мэдээлснээр Хятадын Тяньжин хотын удирдлага төрийн компаниудыг мэдээллээ ирэх он гэхэд “Alibaba Group”, “Tencent Holdings” зэрэг хувийн хэвшлийн оператор компаниудаас гаргаж төрийн дэмжлэгтэй үүлэн системд шилжүүлэхийг шаардсан байна.

ПЛАТФОРМ ЭДИЙН ЗАСАГ

Хятад улс цахим худалдааны компани, сошиал медиа платформ зэрэг зорилтот хэрэглэгчид рүү довтолж, тэдний сэтгэл санааны байдалд нөлөөлдөг гэж үзсэн технологийн компаниудад хийх зохицуулалтыг чангатгахыг эрмэлзэж байна.

Интернет сүлжээний мэдээллийн албаны Баасан гаригт хийсэн мэдэгдэлд эдгээр компанийг бизнесийн ёс зүй, шударга ёсны зарчмуудыг дагаж мөрдөхийг шаардсан бөгөөд их хэмжээний мөнгө үрэх, цаашлаад олон нийтийг үймүүлэх зорилгоор мөнгөө ашиглахад нь хэрэглэгчдийг өдөөн турхирахыг хориглоно гэжээ.

"Alibaba" компани бизнес эрхлэгчдийг өрсөлдөгч вэбсайт дээр бараа бүтээгдэхүүн худалдахыг хориглож "хоёроос нэгийг сонгох" шаардлага тавьсны улмаас Зах зээлийн зохицуулалтын төрийн захиргаанаас өнгөрсөн дөрөвдүгээр сард 2.75 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ.

Зохицуулагчид хэрэглэгчийн эрх, хөдөлмөрийг зөрчсөн гэж үзсэн бусад жижиг компаниудыг ч мөн торгох арга хэмжээ авч байна. Энэ оны тавдугаар сард “JD.com” сайтыг хоолны талаар худал мэдээлэл тараасан гэж буруутган 300 мянган юанийн торгууль ногдуулжээ. Зохицуулагчид мөн хоол хүргэлтийн компаниудад ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг илүү сайн хангах шаардлагыг тавьдаг аж.

АЛДАРТНУУДЫН ФЕН КЛУБ

Хятадад урлаг, соёлынхонтой холбогдсон хэд хэдэн дуулиан дэгдсэний дараа алдартнууд болон тэдний шүтэн бишрэгчдийг "эмх замбараагүй” үйлдэл гаргасан тохиолдолд хатуу арга хэмжээ авахаар болсноо эрх баригчид Баасан гаригт мэдэгдсэн билээ. Мөн үүнтэй холбоотойгоор алдартай оддын жагсаалтыг гаргахыг хориглосон байна.

СУРГАЛТ

Бээжин хувийн болон ашгийн сургалтын үйлчилгээ явуулдаг компаниудыг гадаадад хөрөнгө босгохыг хориглосон журам гаргасан. Уг журмын дагуу сургалтын төвүүд ашгийн бус байгууллагад бүртгэлтэй байх ёстой аж. Мөн нийтийн сургуульд орсон хичээлийн хөтөлбөрийг дахин заах, амралтын болон баярын өдрүүдэд хичээллэхийг хоригложээ.

Өндөр өрсөлдөөнтэй боловсролын систем нь сургалтын үйлчилгээний нэр хүндийг эцэг эхчүүдийн дунд өндөрт өргөж өгсөн ч төрөөс төрөлтийг дэмжих зорилгоор хүүхэд өсгөх зардлыг бууруулах тодорхой алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэн нь энэ аж.

ОНЛАЙН ЗЭЭЛ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Ant” группыг үнэт цаасны арилжаа хийхээр бэлтгэж байх үед Хятадын банкны зохицуулагчид онлайн зээлийг илүү хатуу байдлаар зохицуулах хууль журмуудыг гаргасан байна.

Энэхүү журмаар муж дамнасан болон иргэд хоорондын онлайн зээлд хязгаарлалт тавьсан байна. Дараагийн өдөр нь Хятадын Ардын банк “Ant” группын “IPO”-г зогсоов. Мөн энэ оны дөрөвдүгээр сард зохицуулагчид “Ant Financial”-ийг төлбөрийн бизнесээ хувийн санхүүгийн бизнесээс салгахыг уриалжээ.

МАШИН ДУУДАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Энэ оны зургадугаар сард машин дуудах үйлчилгээний аварга компани “Didi”-ийг Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгүүлснээс хэдхэн хоногийн дараа Хятадын кибер орон зайн захиргаанаас шинэ хэрэглэгчидтэй болохыг нь хориглосон байна. Үүний улмаас тус компанийн хувьцааны ханш 20 хувиар унахад хүрчээ.

Шинжээч, хөрөнгө оруулагчдын хэлж буйгаар “Didi”-ийн эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээ нь дайсагнасан шинж чанартай гэхээс илүүтэй Хятадын компаниудын томоохон мэдээлэл хилийн чанадад алдагдахаас сэргийлсэн алхам гэжээ.

Зохицуулагчид анх үүнийг хэрэглэгчийн хувийн нууцад халдсантай холбоотойгоор уг шийдвэрийг гаргасан гэж мэдэгдэж байсан ч үүний дараахан нь өргөн мэдээлэлтэй Хятадын компаниудыг хилийн чанадад бүртгүүлэхээс өмнө аюулгүй байдлын шалгалт хийж байх шаардлагыг хүргүүлжээ.

Үүний зэрэгцээ Хятадын зах зээлийн зохицуулагчид “Didi” болон бусад аварга компаниудыг жижиг компаниудыг худалдаж авсан мэдээллээ ил болгоогүй хэмээн буруутгаж 500 мянган юанийн торгууль тавьсан байна.

BITCOIN

Өнгөрсөн тавдугаар сард Хятадын санхүүгийн зохицуулагч гурван банкнаас онлайн төлбөр тооцооны компаниудыг төлбөр тооцоо хийх зорилгоор криптовалют ашиглахыг хориглосон журам гаргажээ.

Мөн крипто валют болон фиат валютын хооронд солилцоо хийх үйлчилгээг хаасан бөгөөд санхүүгийн менежерүүдэд крипто валютад хөрөнгө оруулалт хийхийг хоригложээ.

Дараагийн хэдэн долоо хоногт мужийн захиргаанаас “Bitcoin” олборлолтыг хязгаарлах журмуудыг танилцуулав. Улс орны санхүүгийн нөхцөл байдлын талаархи шар мэдээллийг хүргэдэг “Global Times” сонин уурхайн олборлолтын 90 хувийг богино хугацаанд хаах гэж байгаа талаар мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж