Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Хойд тамир, Урд тамир гол болон Өгий, Тэрхийн цагаан нуурын усны түвшин наймдугаар сард их нэмэгджээ. Энэ нь олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 40-90 см ахиу түвшинд байгаа аж.
Наймдугаар сарын 27-29-ний өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Хар усан тохой гэдэг газарт үерийн усанд боогдсон 300 тооны хурга, 70 ишиг, 10 хонийг Онцгой байдлын газрын алба хаагчид завиар зөөвөрлөж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас анхааруулав.
Есдүгээр сарын эхний хагаст хур тунадасны ихэнх хувь орох магадлал өндөр. Сарын сүүлийн хагаст хур тунадас харьцангуй бага байх магадлалтай. Хур тунадас багатай хугацаанд малчид, тариаланчдад хадлан тэжээлээ бэлтгэж, тариа ногоогоо хураан, өвлийн бэлтгэлээ хангахыг зөвлөлөө. Мөн газар тариалангийн бүс нутагт амьдардаг малчид, иргэдийн хувьд цочир хүйтрэх тул онцгойлон анхааруулж, байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхийг Цаг уурын газраас мэдээллээ.