"Иммуноглобулин"-ыг 0-11 насны бүх хүүхдэд тарих боломжгүй

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

"Иммуноглобулин"-ыг 0-11 насны бүх хүүхдэд тарих боломжгүй

"Иммуноглобулин"-ыг 0-11 насны бүх хүүхдэд тарих боломжгүй

Монгол Улсын нийт хүн амын 64.4 хувь буюу хоёр сая 94 мянга 239 иргэн өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын хоёр тунд хамрагдаад буй. Гэвч хоногт бүртгэгдэх халдварын тоо буурахгүй, өсч байна. Үүнийг Эрүүл мэндийн яамнаас Дельта болон бусад хувилбарын вирусийн тархалт өссөнтэй холбож байгаагаас гадна вакцинд хамрагдаагүй масстай холбоотой хэмээн тайлбарлаж байгаа. Тиймээс вакцин хийлгээгүй зорилтот бүлэг буюу 0-11 насны хүүхдүүдийг Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иммуноглобулин уургийг тарихаар болсон билээ. Энэ уургийг үйлдвэрлэх ажил эхэлсэн эсэх талаар мөн хэзээнээс тус насны бүлгийн хүүхдүүдэд хийж эхлэхийг НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоогоос тодрууллаа.

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэрт 0-11 насныханд хийх иммуноглобулин уургийг үйлдвэрлэх ажил эхэлсэн үү?

-Биобэлдмэлийн үйлдвэрийн үйл ажиллагаа 11 жил зогссон. Өнгөрсөн зургадугаар сард Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулснаар эргэн ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар иммуноглобулиний үйлдвэрлэл амжилттай явагдаж байна.

Технологийн 45-50 хоногийн хугацаанд үйлдвэрлэл хийгдэж, түүнээс хойш 10 гаруй хоног шинжлүүлнэ. Ойролцоогоор хоёр сард нэг удаа үйлдвэрлэлийн дахин татан авалт нийлүүлэгдэнэ.

Цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх, дархлааг нь дэмжих байдлаар хийхээр төлөвлөсөн. Гэхдээ 0-11 насны хүүхдүүдэд бага тунгаар урьдчилан сэргийлэх зориулалттай хийх гэж байгаа энэ уургийг бүх хүүхдэд хийх боломжгүй. Судалж байгаад зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдэд эхлээд хийнэ. Учир нь дотоодын үйлдвэрлэл маань хүчин чадлын хувьд тийм ч өндөр биш учраас бүх хүүхдийг уургаар хангах хэмжээнд одоохондоо үйлдвэрлэх боломжгүй.

-Энэ уургийн онцлог нь юу вэ, Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх дархлаа тогтооно гэсэн үг үү?

-Халдвараас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой гэснээс Covid-19-өөс сэргийлэх дархлаа тогтоно гэсэн үг биш. Хүний биед байдаг иммуноглобулин уургийг буцаагаад өөрт нь тарина. 0-11 насны хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүний Covid-19-ийн эмчилгээнд шууд хэрэглэх боломжтой. Гэхдээ үйлдвэрлэлээс эхний ээлжид тус уураг маань гарлаа гэхэд дахин хэд хэдэн лабораторид шинжилгээнд хамрагдана. Лаборатори болон МХЕГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар гээд олон зэрэг шинжлүүлж байж хүнд хийх боломжтой гэсэн дүгнэлтэд үндэслэн хийнэ.

-Монголын Биобэлдмэлийн үйлдвэрийн хүчин чадал нь өдөрт ойролцоогоор хэчнээн тун уураг үйлдвэрлэх боломжтой вэ?

-Яг нарийн статистикийг хараахан гаргаагүй байгаа. Ерөнхийдөө одоогийн байдлаар үйлдвэрлэл дөнгөж эхэлж байна. Тиймээс массыг хангана гэхээс илүүтэй үйлдвэрлэлийн нөөцөөс хамаарч хэрэгцээт бүлгийг хангах юм. Дунджаар тооцоолбол 60 хоногт 2000 ширхэг гарна гэвэл эрсдэлтэй бүлгийн оносон хүүхдэдээ тарихгүй бол хомсдол үүснэ.

-Имммуноглобулин уургийг хэзээнээс тарьж эхлэх вэ? Сайн дурын дархлаажуулалт шиг хийнэ гэж ойлгож болох уу?

-Хүссэн хүн бүр хийлгэх боломжгүй учир сайн дурын дархлаажуулалт шиг байхгүй. Уургийг хүүхдүүдэд хэзээнээс тарьж эхлэх талаар тодорхой хугацаа байдаггүй. Ямартай ч энэ сарын дундаас эхний ээлжийн хүүхдүүдийг хамруулна. Биобэлдмэлийн үйлдвэр ажиллах хүчний нөөц мөн үйлдвэрлэлийн хүчин чадал бага. Гэхдээ 25 залуус маань хичээж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар үйлдвэрт иммуноглобулиныг л хийж байна. Цаашид  дотоодод үйлдвэрлэх бусад эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг судалж байгаа.

Монгол Улсын хувьд иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагад тулгуурлаж, дархлаа тогтоогүй хүүхдүүдийн тодорхой хувьд хийхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж