Тэртээ 1980-аад онд ЗХУ-ын эзлэн түрэмгийллийг сөрөн тэмцэж явсан гол удирдагчдын нэг, хожим Талибан болон Аль Каидагийн захиалгаар хөнөөсөн Ахмад Шах Массудын ууган хүү Ахмад Массудыг ХҮМҮҮС буланд онцолж байна. Тэрбээр эцгийнхээ замналыг үргэлжлүүлэн мужахид дайчдыг нэгтгэж, Талибаны өөдөөс дахин босохдоо бэлтгэж байгаа билээ.
Ахмад Массуд эцгийнхээ арга барилаар мужахид дайчдыг удирдан зохион байгуулж, Панжшир мужид Афганистаны үндэсний эсэргүүцлийн фронтыг төвлөрүүлжээ. Цахим орчинд тарсан зургууд болон эх сурвалжуудын мэдээллүүдээс харахад өнгөрсөн сарын 15-нд талибууд нийслэл Кабул хотыг эзэлж, засгийн газрыг нураахад амь хэлтэрч зугтсан дэд Ерөнхийлөгч асан Амрулла Сале түүнтэй хамтарчээ. Ийнхүү тэд өдгөө Талибаныг эсэргүүцэх партизаны хөдөлгөөн үүсгэн байгуулж байгаа гэнэ.
Массуд талибуудын удирдлага дор эрх чөлөө хэрхэн үгүй болохыг тайлбарлаж, Вашингтон Пост сонинд “Би өдгөө Панжшир мужид эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн мужахид дайчдыг цуглуулан Талибаны өөдөөс дахин нэг удаа зэвсэг атган босохоор бэлдэж байна. Бид хэзээ нэг өдөр ийм зүйл болно гэдгийг эртнээс таамаглаж, эцгээ өнгөрснөөс хойш зэвсэг, сумаа цуглуулж байлаа. Талибан бол зөвхөн афганчуудын асуудал биш. Тэд бол дэлхийн асуудал. Талибаны дэглэм тогтмогц Афганистан гэдэг улс ямар ч эргэлт буцалтгүйгээр радикал исламын алан хядлагын төв болно. Ардчилал, хүний эрхийн эсрэг хуйвалдаануудын үүр уурхай болно. Бидний эсэргүүцэл үүгээр эхэлж байна. Бид бууж өгөх гэдэг үг мэдэхгүй” хэмээн захидал бичжээ.
Бага нас
Ахмад Массуд 1989 онд цэргийн удирдагч Ахмад Шах Массудын ууган хүү болон мэндэлж, араасаа таван ч дүү дагуулжээ.
1998 онд эцэг нь нутгийнхаа нэгэн агуйд цэргүүд, холбоотнуудаа цуглуулан хуралдахад есхөн настай Массуд аавыгаа дагалдан явсан гэдэг. Хуралд ирсэн эцгийнх нь холбоотнууд дунд Францын философич Бернард Хенри Леви байсан бөгөөд тухайн үед тэрбээр “Хүн өөрийнхөө эрх чөлөөний төлөө тулалдаж байхдаа нийт хүн төрөлхтний эрх чөлөөг сахин хамгаалж байдаг” хэмээн хэлж байжээ. Энэ үг одоо ч Массудын сэтгэлд хоногшин явдаг бөгөөд Леви ч одоог хүртэл холбоотныхоо хүү Массудын үйл хэргийг идэвхтэй дэмждэг гэнэ.
Тиймдээ ч Массуд баруунаас тусламж хүсэхдээ дээрх үгийг санагалзаж "Бид нээлттэй нийгмийн төлөө маш удаан тулалдаж байна. бид охид бүсгүйчүүд нь сурч боловсорч, эрдэмтэн болж болдог, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлдэг, залуус хүүхдүүд нь дуу хөгжим сонсож, дураараа бүжиглэдэг нийгэмд амьдарч, талибуудын цаазын ял гүйцэтгэж байсан цэнгэлдэх хүрээлэнд жинхэнэ хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулдаг улсад амьдрахын тулд тулалдсан. дахиад ч тулалдах болно" хэмээн ярьжээ.
Боловсрол
Тэрбээр дунд сургуулиа Иранд төгсөж, Нэгдсэн Вант улсын Сэндхарст хатан хааны цэргийн академид нэг жил сурсан аж. Түүний дараа Массуд Лондон дахь Хааны коллежид 2012 онд элсэн орж, 2015 онд дайн судлалаар эрдмийн зэрэг хамгаалж, мөн дараа жил нь буюу 2016 онд Массуд Лондонгийн их сургуулиас олон улсын улс төр судлалын баклаврын зэрэг хүртсэн байна. Аль аль зэргээ авахдаа тэрбээр Талибаны тухай диссертаци бичиж байжээ.
Ажил амьдрал
Массуд тэр жилдээ буюу 2016 онд эх орондоо эргэн ирж, Массуд сангийн гүйцэтгэх захирлаар томилогдсон аж.
Харин 2019 оны гуравдугаар сараас эхлэн Массуд албан ёсоор улс төрд хөл тавьжээ. Түүний хувьд төрсөн нутаг Панжшир муждаа багагүй нэр хүндтэй байсан бөгөөд ийнхүү улс төрд орох нь цаг хугацааны л асуудал байсан гэнэ.
Эцгийнхээ Швейцарыг үлгэрлэдэг үзэл бодлыг үргэлжлүүлэн баримталж, Афганистаны дотоод эрх мэдлийн харилцааг өөрчлөх зорилготой байв. Тэгэхдээ Массуд засгийн газрын хэт төвлөрлийг тарааж, Кабулд бүх эрх мэдлийг төвлөрүүлэхийн оронд муж бүрд эрх мэдлийг илүү ашигтай байдлаар хуваарилж, нөөц боломжуудыг ашиглах, цаашлаад улсын хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг дээрх төлөвлөгөөгөөрөө хангах санаатай байлаа.
2019 онд Афганистаны энх тайвны үйл явцын чиглэлийг шүүмжилж, афганчуудын жинхэнэ ашиг сонирхолыг хүндэтгэх хэрэгтэй хэмээн үзэж байв. Тийнхүү Массуд 2019 оны есдүгээр сард анх 1990-ээд онд талибуудыг эсэргүүцэн тулалдаж байсан умард холбоодын загвараар мужахид удирдагчдын шинэ эвсэл байгуулснаа зарлажээ.
Талибаны эсрэг хоёр дахь хөдөлгөөн
Талибаны эсрэг хоёр дахь эсэргүүцэл буюу Панжширын эсэргүүцэл гэж нэрлэгддэг түүний эвсэл АНУ цэргээ татахаас өмнө Афганистанд үүссэн цөөн хэдэн бие даасан цэргийн эвслийн нэг юм. Харин энэ онд АНУ цэргүүдээ татаж, Афганистаныг орхиход талибууд улам хүчирхэгжсээр өнгөрсөн сард Афганистаны дийлэнх газар нутаг, тэр дундаа нийслэл Кабул хотыг эзлэн авахад Массуд болон дэд ерөнхийлагч асан сале нар Панжшир мужид нэгдэж, Талибаны засаглалыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм.
Тэгэхдээ Массуд АНУ-аас цэргийн болон ложистикийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн билээ. Мөн тэрбээр олон улсад Афганистан дахь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, олон нийтийг хэлмэгдүүлэн устгахаас сэргийлэх, олон улсын алан хядагчдад орогнох газар өгөхгүй байхыг уриалжээ.
Массуд өнгөрсөн сарын 22-нд хэрвээ Талибан өөрсөдтэй нь эрх мэдэл хуваах гэрээ хийхгүй бол иргэний дайн гарах аюултайг сануулж, тэр үед дайныг зогсоох ямар ч аргагүй болохыг мэдэгдэж “Бид ЗХУ-ыг ялсан. Тиймээс одоо Талибаныг ч ялж чадна” хэмээн анхааруулжээ.
Түүний байгуулсан Афганистаны үндэсний эсэргүүцлийн фронт хэдэн мянган дайчидтай гэгддэг. Өдгөө тэрбээр АНУ, Франц, Европ, Арабын орнуудад Афганистаны үндэсний эсэргүүцлийн фронтыг дэмжихийг уриалж, Талибантай албан ёсоор хэлэлцээр хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.
Эх сурвалж: INDIANEXPRESS TOLONEWS THETIMES ASIATIMES NEWYORKTIMES CBS WASHINTONPOST
Холбоотой мэдээ