Сурагчдын хараа муудаж, самбарт бичсэнийг гаргахгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

Сурагчдын хараа муудаж, самбарт бичсэнийг гаргахгүй болжээ

Сурагчдын хараа муудаж, самбарт бичсэнийг гаргахгүй болжээ

Хоёр жилийн хатуу хөл хорионы хамгийн том хохирогч нь хүүхдүүд.  Сургууль, цэцэрлэгийг нь хааснаас болж тэд гэрээсээ ч гарах "эрхгүй" болсон. Тиймээс дөрвөн хананы дунд утас, компьютертэй өдөр, шөнөгүй найзалснаас болоод хараа нь муудсан хүүхдүүдийг  ангийн багш нь  хичээлийн жил эхэлсэн эхний өдрөөс л  анзаарах  болжээ.

Дунд ангийн багшийн хэлснээр “Манай ангид бусад хүүхдийг бодвол өндөртөө ордог, хараа нь ч асуудалгүй хүүхдийг би бага ангиас нь эхлээд  хоёрдугаар салааны хойноосоо гуравдугаар ширээнд суулгасан. Харин өчигдөр /2021.09.01/ хичээлдээ ирээд самбар дээрх бичсэн зүйлийг сайн харж чадахааргүй  болтлоо хараа нь муудсан байна. Арга буюу самбартай ойрхон,  өөрийнхөө ширээний дэргэд  суулгаж хичээлийг нь хийлгэсэн. Манай ангид хараа нь муудсан хүүхэд ганц, нэгээр тогтохгүй бий. Самбар дээр бичсэн зүйлийг сайн харахгүйгээс гадна дэвтрийн шугам давуулж, хазгай муруй бичих зэргээр хүүхдийн хараанд өөрчлөлт орсон байна” гэдгийг санаа нь зовнингүй ярив. Багшийн зүгээс тухайн хүүхдүүдийн ар, гэрийнхэнд харааг нь яаралтай  шалгуулахыг  зөвлөсөн байна.

Ингээд багшийн ширээний дэргэд сууж хичээлээ хийсэн хүүхдийн ар, гэрийнхэн нь харааг нь шалгуулахад баруун талын нүд нь -1.75, зүүн нүд нь -2.00 гарчээ. Энэ нь мэдээж  11 настай  хүүхдэд муу үзүүлэлт  гэдгийг ч хараа зүйн төвийн эмч нь онцолсон байна.

Улмаар шил тааруулж дөрвөн сарын дараа эргэн үзүүлэхээр тогтон, тэд салцгаасан аж.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ДУНД НАСТАЙ ХҮН, ХҮҮХЭД ХОЁРЫН ТОО БАРАГ ТЭНЦҮҮ

 

Нүдний их эмч Д.Янжиндулам “Үйлчлүүлэгчдийн дунд настай хүн, хүүхэд хоёрын тоо бараг тэнцүү байдаг. Хүүхдийн хараа муудаж буй нь сургуульд орох үеэс илүүтэй илэрдэг. Самбар дээрхийг харж чадахгүй эсвэл буландаж харж байгаагаар нь мэдэх боломжтой. Тиймээс ихэнхдээ 6-8 настай хүүхдүүд хараагаа шалгуулахаар ирдэг. Хараагаа тогтоолгочхоод ахин шил тааруулахаар ирдэг  16-17 насны хүүхдүүд ч бий. Нэг удаа шил таарууллаа гээд хараа тогтдоггүй. Хүүхдийн бие махбодь эрчимтэй өсдөг учраас 20-21 хүртлээ байнга өөрчлөгдөнө гэсэн үг. Тааруулж зүүсэн шил тодорхой хугацааны дараа таарахаа боливол дахин тааруулах шаардлагатай. Орчин үед хүүхдүүдийн хараанд өөрчлөлт орж байгаа нь хотжилт, нийгмийн хөгжилтэй холбоотой. Тодруулбал, хүүхдүүдийн  хараа муудахад гар утас, компьютер  тоглоом олон цагаар сууж тоглох, зурагт ойроос үзэх нь нөлөөлдөг.  Нүд булчинлаг эрхтэн. Тиймээс нүдний дасгалыг тогтмол хийж байх ёстой.

Харин нүдний хамгийн сайн дасгал нь алсын зүйлд хараагаа бэлчээх. Гэвч хотжилт, хүн амын бөөгнөрөл, суурин амьдралаас шалтгаалан нэг нэгнээ халхлан байрлах өндөр барилгууд нүдний хараа бэлчээх орон зайг  олгохгүй болсон.

Харааны шил удаан зүүх нь хүүхдэд төвөгтэй санагддаг учраас  байнга зүүх дургүй. Гэтэл эцэг эх нь энэ байдалтай нь эвлэрч “Манай хүүхэд нүдний шил зүүх дургүй. Зүүхээрээ дургүйцээд байх юм” гэлцдэг. Хүүхдийнхээ харааг зөв хөгжүүлэхийн тулд эцэг эх нүдний эмчийн зөвлөгөөг дагаж, хэлсэн зүйлийг нь баримтлах ёстой. Шил тогтмол зүүснээр гэрлийн хугарал зөв болдог. Хүмүүс нүдний шил зүүх нь харааг эмчлэх эмчилгээний нэг арга гэдгийг төдийлөн ойлгодоггүй. Хүүхэддээ тогтмол зүүлгэх шилийг дургүйцэж төвөгшөөхөөр нь хайр­цагт нь хийгээд хадгалчихдаг. Уг нь хадгалах биш хараагаа зөв хөгжүүлж, эмчлэх зорилготой” гэлээ.

СУДАЛГАА: ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД СУРАГЧДЫН ГАР УТАСНЫ ХЭРЭГЛЭЭ НЭМЭГДСЭН

Өнгөрөгч 2020 оны  долдугаар сард НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбар, Боловсролын хүрээлэнгийн судлаачдын баг хөл хорионы үед  хүүхдүүдийн сэтгэлзүй  хэрхэн өөрчлөгдсөн  талаарх судалгааг хийжээ. Уг судалгаанд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн 325 сурагч, тэдний 136 эцэг эх, 81 багш  хамрагдсан байна.

Судалгааны онцлох хэсгээс дурдвал  “Хөл хорионы үед хүүхдүүд цахим орчинд хэтэрхий их цаг зарцуулж, цахим хэрэглээг хэтрүүлэн буруу хэрэглэж хаалттай групп, чат үүсгэн хараа хяналтгүйгээр харилцах, бие биеэ шоолох, доромжилсон өнгө аястай зүйлс бичих, нэгнийгээ гомдоох зэрэг үе тэнгийнхний харилцаанд сөрөг өөрчлөлтүүд гарчээ. Нөгөө талдаа эцэг, эхийн хараа хяналт буурснаар гэр бүлийн харилцаанд сөрөг өөрчлөлт гарсан гэж судалгаанд хамрагдсан багш нарын 31 хувь нь үзжээ. Тухайлбал, эцэг, эхчүүд хүүхдүүдээ эрсдэлтэй нөхцөлд байлгах, бага ангийн хүүхдэдээ анхаарал хандуулж, өсвөр насны хүүхдэдээ цаг зав гаргахгүй байснаар хүүхдийн цахим хэрэглээ нэмэгдсэн байна. Ялангуяа нэгдүгээр ангийн сурагчдын гар утасны хэрэглээ нэмэгджээ. Тэдний 72 хувь нь гар утсаар тоглож, бичлэг үзэх нь нэмэгдсэн гэж хариулсан байна. Нэгдүгээр ангиас бусад ангийн сурагчдын 66 хувь нь фэйсбүүкийн хэрэглээ нэмэгдсэн, 50 хувь нь цахим тоглоом (Mobilelegend, PUB G, Force Horizon)-ын хэрэглээ нэмэгдсэн, 60 хувь нь бусад цахим сүлжээ (инстаграм, юүтүб, тикток, твиттер гэх мэт)-г ашиглаж, өдрийг өнгөрүүлж байна” гэдгийг онцолсон байна.

АНХААРАЛ ХАЛАМЖ ТААРУУ ЭСВЭЛ ХЭТ ЭРХЛҮҮЛДЭГ ГЭР БҮЛИЙН  ХҮҮХЭД ДОНТОХ ЭМГЭГТ ӨРТДӨГ

Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн /СЭМҮТ/ Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, сэтгэл засалч эмч Л.ЦэрэндолгорӨсвөр нас бол харилцааны хэрэгцээ өндөр байдаг үе. Бусадтай харилцаж нийгмийн харилцаанд оролцохынхоо хэрээр бие хүн болж төлөвшдөг нас. Гэтэл  хөл хорионы үед бүх юм хоригдчихсон учраас гар утасны хэрэглээ нь нэмэгдсэн. Фэйсбүүк, чат, тик токоороо өөрийнхөө сэтгэл зүй мэдрэмжээ илэрхийлж, найз нөхөдтэйгөө групп чатаараа харилцдаг. Мөн онлайн ертөнцөд тоглож эхэлдэг. Энэ нь наанаа харилцаа өрнүүлээд байгаа юм шиг боловч хэтрүүлбэл сөрөг нөлөөтэй. Гэхдээ огт ашиглаж болохгүй гэж хориглох нь өрөөсгөл.

Зөвөөр ашиглавал харилцааны зөв хэрэгсэл. Тиймээс томчууд бид өсвөр насны хүүхдүүдэд гар утас, компьютрийг зөв зохистой хэрэглүүлж төлөвшүүлж өгөх ёстой. 3-6 насны хүүхдүүд өдөрт 30-40 минут, 6-12 насны хүүхэд 90-120 минут утас үзэх нь тохиромжтой.

Манай төв дээр хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийг хамруулсан сүүлийн таван жилийн судалгаа бий. Үүнээс харахад өсвөр насны 11-15 хүртэлх насны хүүхдүүд дэлгэцийн хамаарлаас болж хэвтэн эмчлүүлж байгаа нь илүү өндөр хувьтай байдаг. Энэ насны хэвтэн эмчлүүлэгчдээс 99 хувь нь эрэгтэй хүүхэд. Судлахаар эцэг, эхийн хүүхдэдээ тавьж байгаа хараа хяналтын асуудлууд гарч ирдэг. Анхаарал халамж муутай эсвэл хэт эрхлүүлдэг гэр бүлийн хүүхэд донтох эрсдэл илүү өндөр байна гэж судалгаа харуулсан. Хүүхдийн аливаа юманд хязгаар тавих чадвар төрөлхийн сул байдаг. Тэрийг нь насанд хүрсэн хүмүүс гэртээ, сургууль зэрэг нийгмийн бичил орчинд нь сургаж, хэвшүүлж өгөх ёстой” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж