Путин хууль хүчнийхэндээ мөнгөн урамшуулал олгов

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

Путин хууль хүчнийхэндээ мөнгөн урамшуулал олгов

Путин хууль хүчнийхэндээ мөнгөн урамшуулал олгов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх сард болох парламентын сонгуулийг угтаж хууль хүчний байгууллагын албан хаагчдадаа нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох болсноо өчигдөр мэдэгдэв. Ийнхүү Кремлийн вэбсайтад нийтлэгдсэн Путины гарын үсэгтэй тогтоолын дагуу тус улсын гал сөнөөгч, цагдаа, прокурор, цэргийн албан хаагчид тус бүр 15 мянган рубль буюу 200 ам.долларын урамшуулал авахаар болсон байна.

Энэхүү тогтоолд дурдсанаар, хүлээн авч буй хүмүүсийн нийгмийн хэрэгцээг хамгаалах зорилгоор уг урамшууллыг олгохоор болжээ. Кремлийн удирдагч хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд багагүй сөхөрч буй тэтгэврийн насныханд энэ төрлийн урамшуулал олгохоо өнгөрсөн сард мөн мэдэгдэж байв. Орос улсад инфляцийн түвшин 6.5 хувиар өссөн нь Төв банкны дөрвөн хувь байна гэсэн тооцооллоос давжээ.

Өдгөө 68 настай Путин 1999 оноос хойш ОХУ-ын ерөнхийлөгч болон ерөнхий сайдын албыг ээлжлэн хашсаар ирсэн. Түүний ноёрхлыг хадгалж үлдэхэд гол үүрэг гүйцэтгэдэг Нэгдсэн Орос намыг парламентын сонгуульд ялуулахын тулд ийн тусалж байна гэж шинжээчид үзэж байгаа юм. Тухайлбал, улс төрийн шинжээч Кирилл Рогов "Эхо Москвы"-д өгсөн ярилцлагадаа дээрх урамшууллыг сонгогчдын чухал хэсэгт чиглэсэн “хахууль” гэжээ. Харин Кремль үүнийг сонгуультай холбоогүй болохыг онцлов.

Үүнээс гадна, өнгөрсөн зургадугаар сард болсон намын их хурлаар Путин амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн төслүүдэд нэмэлт зардал гаргах амлалт өгсөн юм. Гэвч тус улсын эдийн засаг олон жилийн турш зогсонги байдалд орж, бодит орлого буурсантай холбоотойгоор Нэгдсэн Орос намын рейтинг сэхэхгүйгээр унасан байх вий гэсэн болгоомжлол бий.

Тиймээс Кремль юуны өмнө өрсөлдөгчдөө зайлуулах тактик хэрэглэсэн байж болзошгүйг олон улсын шинжээчид сануулж буй. Путин энэ оны эхээр хэт даврагч бүлэглэлийн гишүүд, тэр дундаа Кремлийг шүүмжлэгч Алексей Навальный болон түүний холбоотнуудыг сонгуульд оролцохыг хориглосон хууль тогтоомж гаргасан юм. Шүүмжлэгчид үүнийг сөрөг хүчнийг устгах зорилготой алхам гэж харж байгаа ч Кремлийн зүгээс үүнд ямар нэг зорилго байхгүйг онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж