Хөрөнгийн зах бол өрсөлдөөнд давуу байдал олгох талбар мөн

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах бол өрсөлдөөнд давуу байдал олгох талбар мөн

Хөрөнгийн зах бол өрсөлдөөнд давуу байдал олгох талбар мөн

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2018 оноос хойш компаниуд 500 гаруй тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байна. Мөн биржийн зах зээлийн үнэлгээ 4.5 их наяд төгрөгийг давжээ. Ийнхүү компаниуд банкны зээлээс гадна хөрөнгийн зах дээр хувьцаа, бонд гаргаж урт хугацаатай санхүүжилт татах болсон нь маш зөв эхлэл юм.

Олон улсад хийгдсэн судалгаанаас үзэхэд хөрөнгийн бирж дээр гарсан компани нь өрсөлдөөнд маш том давуу тал олж авдаг байна. Тухайлбал, бирж дээр хувьцаагаа гаргасан компани нь өрсөлдөгчтэйгээ харьцуулахад илүү урт хугацааны санхүүжилттэй болдог. Мөн харилцагч нараа компанийнхаа эзэн болгож хувиргах боломжтойгоос гадна бирж дээр бүртгэлтэй компанийн хувьцааны ханш болон үйл ажиллагааны мэдээлэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гарч байдаг нь маркетингийн давуу талыг бий болгодог аж.

Хөрөнгийн бирж дээр гарч байгаа компаний чанар, үнэлгээг хянах чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлдэг. Хөрөнгийн зах маань идэвхжихийн хирээр тооны бус чанарын асуудал илүү чухал болж байна.

Банкууд болон том компаниуд хөрөнгийн зах дээр хувьцаагаа гаргах тухай яригдаж байгаа энэ цаг үед хувьцааны үнэлгээний асуудал хөрөнгө оруулагчид, захын оролцогчдын анхаарлыг татах нь зүй ёсны хэрэг. Иргэд, хөрөнгө оруулагчид хувьцааг боломжийн, бодит үнээр худалдан авч байж л хөрөнгө оруулалтаас өгөөж олох боломж бүрдэнэ. Бодитой санхүүгийн үзүүлэлтүүд, бизнесийн үнэлгээнд суурилж хувьцааны үнэ тогтддог. Хувьцаагаа гаргаж байгаа компаниуд аль болох өндөр үнээр иргэдэд хувьцаагаа худалдах гэхээсээ илүүтэйгээр хувьцаа авсан иргэдийн хөрөнгө тогтмол өсч, хувьцаат компаниудад талархалтай хандах нөхцөлийг бүрдүүлэхийг зорих нь зүйд нийцнэ. Ингэж байж хөрөнгийн зах дээр иргэд /хөрөнгө оруулагч/ болон хувьцаа гаргагч аль алинд нь ээлтэй орчин бүрдэж улмаар улс орны эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах юм.

Хөрөнгийн зах нь өөрөө гадны хөрөнгө оруулалт татах нэг чухал суваг учир хөрөнгийн бирж дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангуудыг татах үүднээс холбогдох дүрэм, журмууддаа олон улсын тайлагнал, ил тод байдлын стандартыг нэвтрүүлэх ажил хийгдэж байна.

Эцэст нь хэлэхэд, хөрөнгийн зах дээр ажиллаж байгаа үнэт цаасны компаниуд нь иргэд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг дээдлэн, хөрөнгийн захын бүтээгдэхүүний чанарт анхаарч, мэргэжлийн өндөр ёс зүйг баримталж ажиллавал хөрөнгийн зах эрчимтэй тэлж хөгжинө.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж