Хичээлийн шинэ жилийн эхний өдрийг хоёр жил танхимын сургалтаа хүлээсэн сурагчид догдлол дүүрэн угтаж байна. Гэсэн ч халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, хоногт батлагдсан халдварын тоо 3700-гаар нэмэгдэв. Энэ үед эрсдэлийг тооцоолж, танхимын сургалтад ангийн тал хүүхдийг хамруулж байгаа нь зөв хэдий ч сургуулийн орчинд халдвар тархах магадлал өндөр байж болохыг эцэг эхчүүд хэлж байгаа юм. Covid-19-ийн мутацилагдсан халдвар тархаж буй үед хүүхдийн өвчлөл нэмэгдвэл хэрхэн зохицуулалт хийх талаар Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа.
НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН 20.5 ХУВИЙГ ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ ЭЗЭЛЖ БАЙНА
-Хүүхдийн өвчлөл болон мутацилагдсан хэлбэрийн талаарх судалгааг эрдэмтдийн зөвлөл болон Эрүүл мэндийн яамнаас тогтмол хийсээр байна. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 20.5 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Цар тахлын онцгой нөхцөлд эрсдэлийг тооцоолж, аль болох боломжит хувилбараар хүүхдүүдийг хичээл, сургуульд нь хамруулахыг зорьж байгаа юм. Ер нь сургуулийн орчинд хүүхэд өвчлөх эрсдэл харьцангуй бага. Хамгийн гол нь гэр бүлийн хүрээнд эцэг эх, асран хамгаалагчийн дунд халдвар зөөвөрлөгдөх хэлбэрээр хүүхэд тусах магадлал өндөр байна. Тиймээс эрсдэлийг тооцоолж, эцэг эхчүүд өөрсдөө халдвар хамгаалалтын дэглэм сайн баримтлах хэрэгтэй. Өөрсдөө баар, ресторан, олон нийтийн газраар үйлчлүүлж, халдвараар өвдчихөөд хүүхдэдээ халдаах эрсдэл өндөр байна. Сургалтын байгууллагын үйл ажиллагааг аль болох доголдуулахгүй байхаар зорьж буй учраас иргэн бүр хариуцлагатай байх хэрэгтэй. Хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр. Тэр дундаа вакцинжуулалтад хамрагдаагүй бүлгийнхэн. Тиймээс дор бүрнээ халдварын нөхцөл байдлыг харгалзах нь зөв.
ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДАЖ ЭХЭЛСЭН 12-ООС ДЭЭШ НАСНЫХАН ШИНЭЭР ХАЛДВАР АВАХ НЬ БАГАСЧЭЭ
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 42785 хүүхэд Covid-19-өөр өвчилсөн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Халдвар авсан хүүхдүүдийн дийлэнх буюу 64 гаруй хувь нь вакцинжуулалтад хамрагдаагүй 0-11 насныхан байна. Харин вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн 12-оос дээш насныхан шинээр халдвар авах нь багасчээ. Мөн Covid-19-тэй зэрэгцээд улирлын томуу, томуу төст өвчнөөр амархан өвчлөх, дархлаа сулрах магадлалтайг салбарынхан сануулж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг эрсдэлээс сэргийлж, халдвар хамгааллын дэглэм сахихад анхаарах зүйтэй гэдгийг салбар яамныхан зөвлөлөө.
Холбоотой мэдээ