Үндэсний аудитын газар нь 2019 оноос аудиторуудын чадавхыг бэхжүүлэх зорилгоор цахим сургалтын системийг хөгжүүлэн, амжилттай нэвтрүүлж, төрийн байгууллагуудын дунд сайн туршлагыг түгээж байна. Энэ талаар Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын захирал, Тэргүүлэх аудитор Б.Бундхорол даргаас тодрууллаа.
-Та бүхний хөгжүүлсэн цахим сургалтын систем нь төрийн байгууллагуудын дунд маш сайн жишиг болжээ. Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ цаг үед танай сургалтын шинэлэг системийн талаар яриагаа эхэлье гэж бодож байна?
-Үндэсний аудитын газар төрөөс санхүүжилт авдаг бүх шатны байгууллагад хүрч ажилладаг онцлог чиг үүрэгтэй байгууллага. Тиймээс аудитор хүн тэдгээр байгууллагад үнэлэлт дүгнэлт өгөх хангалттай өргөн цар хүрээний мэдлэг, ур чадвартай байх шаардлагатай болдог. Энэхүү хэрэгцээ шаардлагаас гадна нийгмийн болон цаг үеийн өөрчлөлтийг даган аудиторуудын чадавхыг бэхжүүлэхэд төрийн аудитын байгууллага онцгой анхаардаг.
Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллага буюу ИНТОСАИ-н туршлага, инновац, технологийг цаг алдалгүй нэвтрүүлж, олон улсын жишигт нийцсэн тусгай хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийг зорьж байна. Бид техник, технологийн хөгжлийг давуу тал болгон хэд хэдэн дэд системээс бүрдсэн, олон талын үүрэг оролцоо бүхий ялгаатай хэрэглэгчдийн талбаруудыг үүсгэсэн цахим сургалтын цогц системийг бий болгосон. Одоо цахим сургалтын системийн дараагийн шатны хөгжүүлэлтийг эхэлж, сургалтын баазыг өргөтгөх чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна. Энэ нь ирээдүйд төрийн аудиторуудыг бэлтгэдэг институтийн суурь болох учиртай.
-Өмнө нь та бүхэн сургалтаа танхимаар зохион байгуулдаг байсан шүү дээ. Цахим сургалтын давуу талуудаас дурдвал?
-Манай албан хаагчдын 60 гаруй хувь нь хөдөө орон нутагт ажилладаг. Тийм болохоор орон нутгийн албан хаагчдаа хамруулсан танхимын сургалт зохион байгуулахад төсөв хөрөнгө, цаг хугацаа их зарцуулж байсан. Төсөв, цаг хугацаа бүрэн хэмнэгдэж байна гэсэн үг. Аудиторууд маань орон зай, цаг хугацаанаас үл хамаарч өөрийгөө хөгжүүлэх, ачааллаа тохируулан суралцах боломж бүрдсэн. Түүнчлэн манай байгууллагатай гэрээгээр ажил гүйцэтгэгч мэргэжлийн шинжээчид, зөвлөхүүд, хувийн аудитын компанийн аудиторууд сургалтын системийг ашиглах боломж бүрдэж байгаа. Сургалтын баазад байршуулсан хичээлүүдээр хэдэн ч удаа, хэдэн ч хүнийг хамруулсан сургалтыг зохион байгуулж болно. Цар тахлын үед аудиторууд ажлын байрандаа болон гэртээ тасралтгүй суралцах, нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан.
-Цахим системээ 2019 оноос эхэлж хөгжүүлэн анхны хувилбараа 2020 оны дөрөвдүгээр сард хүлээн авсан гэж байсан. Үүнээс хойш хэдэн сургалт зохион байгуулсан бэ?
-Бид 2020 оны зургадугаар сард хичээлүүдээ байршуулж, долдугаар сараас нь анхны сургалтаа явуулж эхэлсэн. Энэ онд шинээр томилогдсон албан хаагчид болон аудиторуудаа төрөлжүүлсэн сургалтад хамруулж байгаа. Цахим сургалт нь кредит олгох үндсэн сургалт, хөгжлийн сургалт гэсэн хоёр хэлбэртэй. Үндсэн сургалтын хувьд хамгийн сүүлийн мэдээгээр давхардсан тоогоор 1000 гаруй албан хаагч хамрагдсан байна. Хөгжлийн сургалтад төрийн аудитын байгууллагын нийт албан хаагчид Амжилттай суралцсан албан хаагчдад сертификатыг нь системээр олгодог.
Холбоотой мэдээ