ТЦА: Түгжрэл үүсдэг уулзвар, автобусны буудлуудыг хянаж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

ТЦА: Түгжрэл үүсдэг уулзвар, автобусны буудлуудыг хянаж байна

ТЦА: Түгжрэл үүсдэг уулзвар, автобусны буудлуудыг хянаж байна

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлд өглөөний 07:00 цагаас эхлэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Иймд цагдаагийн алба хаагчид Улаанбаатар хотын замын томоохон уулзварууд болон сургууль, цэцэрлэг орчмын бүсүүд, хөдөлгөөний ачаалал нэмэгдүүлдэг гарц, уулзваруудад зохицуулалт хийж байна. Энэ талаар ТЦА-ны Замын Цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах, цагдаагийн ахмад Ч.Чимэдбат “Өнөөдөр тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байна. Цар тахлын улмаас хоёр жилийн дараа хичээлийн шинэ жил эхэлж байгаа тул хөл хөдөлгөөн ихэссэн.

Цагдаагийн байгууллагаас нийтийн тээврийн хэрэгслийг хурдан шуурхай зорчуулах тал дээр анхаарч байна. Ялангуяа зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд алба хаагчид болон камераар хяналт тавин ажиллаж буй юм. Мөн автобусны буудлуудад хяналт тавьж байна.

Учир нь автомашинтай иргэд автобусны буудал дээр зогсдог. Үүнээс үүдэн нийтийн тээврийн хэрэгслүүд буудал дээрээ зогсож чаддаггүй, хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, осол гарах эрсдэлтэй. Замын хөдөлгөөний шинэчилсэн найруулгад өглөөний 06.00 цагаас оройны 22.00 цагийн хооронд автобусны буудал орчимд суудлын автомашин зогсохыг хориглосон. Авто замын хөдөлгөөнөөс гадна дугуйтай болон явган зорчигчдын хөдөлгөөн их байна. Тиймээс эцэг эхчүүд гудамж замд хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдээ биеэсээ салгахгүй, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй” гэлээ.

Цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний ачааллыг зохицуулахаас гадна тээврийн хэрэгслийн гэрлийг асаах, хүүхэд тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж байгаа аж. Мөн явган хүний гарц, уулзварт хөдөлгөөний зохицуулалт хийж байгаа юм. Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд дараах зөвлөмжийг өглөө. Үүнд,

  • Хүүхдээ зориулалтын суудалд суулгах, хамгаалалтын бүс бүслүүлж хэвших,
  • Гарцаар гарахдаа гэрлэн дохиогоо харж, анхаарал болгоомжтой зорчих,
  • Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тээврийн хэрэгслийнхээ оврын гэрлийг асаах,
  • Замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдэдээ үлгэр дуурайлал үзүүлэхийг анхаарууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж