ХААН Банк Швейцарь улсад төвтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани буюу банкны урт хугацааны түнш байгууллага болох “ResponsАbility Investments AG”-ийн удирдаж буй хөрөнгө оруулалтын сангууд, тэр дотроо Дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан (ДУАХАС)-тай урт хугацааны зээлийн гэрээ байгуулж, нийт 15 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай босгоод байна.
Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд энэхүү зээлийн санхүүжилтийг бичил болон жижиг, дунд бизнесийнхэнд зориулан олгох бөгөөд хүлэмжийн хийн ялгаруулалтыг хамгийн багадаа 20 хувь бууруулах эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүд болон сэргээгдэх эрчим хүчний төсөл, эко тээвэрлэлт, ногоон барилга байгууламж зэрэг чиглэлүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах юм. ДУАХАС-тай урт хугацааны гэрээ байгуулснаар бид байгууллагын банкны болон иргэдийн банкны харилцагчдадаа ногоон зээлийг илүү таатай, уян хатан нөхцөлтэйгөөр олгох болсныг дуулгахад таатай байна.
ХААН Банк нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнесийг дэмжих, ногоон тодотголтой бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгох замаар тэдний хариуцлагатай үйл ажиллагаа, хэрэглээний тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Дэлхий даяар тархаад буй цар тахал эдийн засагт ихээхэн нөлөөлж буй энэ үед уг санхүүжилтийг авсан нь банкны санхүүгийн чадавхи, тогтвортой өсөлт, сайн засаглалыг харуулж буйн зэрэгцээ эдгээр байгууллагатай урт хугацааны хамтын ажиллагааны туршид бий болгосон харилцан итгэлцлийн үр дүн юм.
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “ХААН Банк нь бүс нутгийн хэмжээнд тогтвортой хөгжлийн чиглэлээр манлайлагч байгууллага болохоор тууштай зорьж ажиллаж байна. Эрчим хүчний хэмнэлт гаргах, сэргээгдэх эрчим хүч ашиглах барилга байгууламж болон бусад төслүүд, бохирдол багатай тээврийн үйл ажиллагааг дэмжих, ногоон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэхэд Дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сантай хамтран ажиллах гэж байгаадаа таатай байна. Бид өнгөрсөн хугацаанд иргэд болон бизнесийн харилцагчдадаа ногоон зээл олгож, үйл ажиллагаагаа энэ чиглэл рүү өөрчлөх, нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулах чиглэлд томоохон ахиц дэвшил гаргасан. Энэхүү 15 сая ам.долларын санхүүжилтээр бид илүү олон харилцагчийн тогтвортой хөгжих хүсэл эрмэлзлэлийг дэмжиж, өөрсдийн бизнесээ ногоон бизнес рүү шилжүүлэхэд нь түлхэц болох болно” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан /GCPF/-г төлөөлөн, уур амьсгалын санхүүжилтийн чиглэлээр санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулалтыг хариуцсан тэргүүн Дэвид Диаз Формидони хэлэхдээ “Ковид-19 цар тахлаас үүдэн эдийн засаг тогтворгүй байгаа энэ үед ХААН Банк ногоон зээлийн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх чиглэлд анхаарал тавин ажиллаж байгаа нь маш талархууштай хэрэг юм. Бид энэхүү санхүүжилтийг олгосноор банкны санхүүгийн чадавхийг бэхжүүлж, орон даяар тархсан ХААН Банкны харилцагчдад эрчим хүчний хэмнэлттэй технологиудыг хэрэглэх боломжийг бүрдүүлж байгаад баяртай байна” гэв.
Холбоотой мэдээ