Тавантолгойн өрсөлдөөнд хэн ялна гэчихэв ээ?

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Тавантолгойн өрсөлдөөнд хэн ялна гэчихэв ээ?

Ухаа худаг дахь Лейтон холдингс компанийн гэрүүд

Сарын өмнө гадаадын хэвлэл мэдээллээр Лейтон холдингс хэмээх компани Таван толгойн нүүрсний ордын олборлолтйн эрхийг авна гэдэгтээ итгэлтэй байгаа тухай мэдээлж байсан бөгөөд тус компанийн удирдлагууд ч энэ мэдээллийг баталсан ярилцлага өгч байсан юм. Австралийн хамгийн томд тооцогдох тавь гаруй жилийн түүхэн замналтай энэхүү компани ийм итгэлтэй байхын шалтгаан юу байв гэдэг анхаарал татаж байгаа билээ. Тавантолгойн ордын нэгээхэн хэсэг байж байгаад “Энержи ресурс” ХХК-ийн мэдэлд очсон Ухаа худаг хэмээх газар Лейтон холдингс 2014 он хүртэл 230 гаран сая австрали долларын гэрээ байгуулан нүүрс олборлолт болон тээвэрлэлт, өрөмдлөг, гүний усны хангамж,инженер- төлөвлөлтийн үйлчилгээ зэрэг ажил үүргийг гүйцэтгэхээр ажиллаж эхэлсэн тухайгаа зарласан байгаа юм.
Ямар ч болов энэхүү ажлын үр дүн нь тэдэнд Монголын стратегийн томоохон орд газарт ажиллах боломж цаашид ч олдоно гэсэн итгэл төрүүлж байгаа бололтой. Тэд өөрсдийн мэдээллийн хуудсандаа дэлхийд танигдсан Таван толгойн орд газрын яг хажууд үйл  ажиллагаа явуулж байгаа талаараа бахархан зарлаж бичсэн нь ирээдүйнхээ ажлыг зарлаж байгаа хэрэг үү, эсвэл хувьцааныхаа үнэ цэнийг өсгөх арга байсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлынхаа тоймыг тус компани мэдээлснийг үзэхэд үйл ажиллагаа нь нэлээд урагштай байгаа бололтой. Саяхан гэхэд Гонконгийн нутгаас эхлэн эх газрын буюу Хятадын хэд хэдэн хотуудыг дамжин өнгөрөх өндөр хурдны галт тэрэгний зам тавих гэрээнд гарын үсэн зуржээ. Хятадын Гуанжоу, Шинжен болон Гонконгийн хурдан гал тэрэгний зам, барилга байгууламжийг босгох төслийн гэрээнд тэд гарын үсэг зурж хамтран ажиллахаар болсон байна. Энэхүү гэрээнд заасан хөрөнгө оруулалт гэхэд 463 сая австрали доллар болж байгаа юм. Гэрээний дагуу энэ томоохон төслийн ажлаа Лейтон холдингс компани энэ сараас эхлэх ёстой бөгөөд 2015 он хүртэл үргэлжлэх юм байна.  Харин Ухаа худагт хийж байгаа ажлаа тэд Монголд оруулж байгаа анхны үйл ажиллагаа гэж нэрлээд ашигт малтмал уул уурхайн салбар нь Монголын эдийн засгийн гол тэтгэгч салбар бөгөөд дэлхийн зэсийн зах зээлд нөлөөлөх хэмжээний нөөцтэйн дээр нүүрсний асар их хэмжээний нээгдээгүй нөөцтэй гэж тодорхойлсон байна.

                                       
М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж