Туркийн ерөнхийлөгч Режип Тайип Эрдоган Арабын нэгдсэн Эмират улсын захирагч Абу Дабигийн угсаа залгамжлах хунтайж Мухаммад бен Заид Аль Нахайянтай утсаар ярьсан тухай Эрдоганы алба Мягмар гаригт мэдэгдэв. Энэхүү ховор тохиох дуудлагыг сөргөлдөгч орнуудын харилцаа зөөлрөх эхний дохио боллоо гэж шинжээчид үзэж байна. Утсаар хоёр улсын харилцаа, бүс нутгийн асуудлуудлыг хэлэлцсэн болохыг Эрдоганы албанаас мэдээлжээ.
Арав гаруй жилийн өмнө дэгдсэн Арабын хувьсгалаас хойш Турк, Араб хоёр улс бүс нутгуудад нөлөөгөө тогтоох өрсөлдөөнд ханцуй шамлан орсон. Тодруулбал, тэдний өрсөлдөөн Газар дундын тэнгисээс Персийн булан хүртэлх маргааныг хамарсан юм. Өнгөрсөн жил Персийн булангийн зургаан орон Израильтай харилцаагаа хэвийн болгох тохиролцоонд хүрсний дараа Турк тэдэнтэй дипломат харилцаагаа таслах тухай асуудлыг хэлэлцэж байв.
Турк АНЭУ-ыг Ливи, Йемен улсуудын хэрэгт хөндлөнгөөс оролцох замаар Ойрхи Дорнодод эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж буруутгадаг бол АНЭУ Туркийн цэргийн ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг байна. Турк нь исламист хөдөлгөөнүүдийг, тэр дундаа “Исламын ахан дүүс” зэрэг Арабын хувьсгалд оролцсон босогчдыг дэмжиж, бүс нутгийн хэмжээгүй эрхт захирагчдыг түлхэн унагахыг хүсдэг. Харин Персийн булангийн чинээлэг удирдагчид иймэрхүү үймээн самуунаас цэрвэдэг билээ.
Эрдоган Арабын Нэгдсэн Эмират улсын өндөр дээд албан тушаалтнуудтай уулзаж, хоёр улсын харилцаа шинэ шатанд гарсан тухай мэдэгдсэнээс хойш хоёр долоо хоногийн дараа уг утасны яриа болов. Дээрх уулзалтаар АНЭУ-аас Турк улсад томоохон хөрөнгө оруулалт хийх боломж нээгдсэн юм. "Мөргөлдөөнд суурилсан бодлогын оронд гэрээнд суурилсан бодлого явуулах нь хүн бүхний эрх ашигт нийцнэ. Энэ чухал дэвшил байлаа" гэж Туркийн өндөр албан тушаалтан утасны ярианы ач холбогдлыг тодорхойлжээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS