Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн 2 жил дараалан Монгол улсын эдийн засаг хүндхэн сорилттой учирч байна.
Энэ хүнд үед манай улсын эдийн засгийн тулах цэг нь эрдэс баялгийн салбар болж буй нь бодит үнэн. Ганцхан жишээ хэлье. Өнгөрөгч 2020 онд Монгол улсын эдийн засаг 5.4%-иар агшсан. Гэхдээ сүүлийн үед дэлхийн эдийн засагт сэргэлт ажиглагдаж буй нь эерэг хүлээлтийг бий болгож байгаа.
Олон улсын байгууллагуудын үзэж байгаагаар эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөгөөр 2021 онд манай эдийн засаг 6.7%, ирэх 2022 онд 7%-д хүрч өсөхөөр байна. Энэ бүхэнд “Эрдэнэс Монгол” ХХК-ний баялгийн зөв менежмент, цар тахлын үед уурхайчид “Зогсох эрхгүй уул уурхай” гэсэн зорилттойгоор ажиллаж байгаа нь сайнаар нөлөөлж байгаа бизээ.
Вакцинжуулалтын үр нөлөөгөөр цар тахлын давалгааны эрч саарч цаашид ч эдийн засгийн сэргэлт үргэлжлэх таатай дүр зураг харагдаж байна. Хэдийгээр шатахууны үнийн өсөлт, импортын ачаа тээврийн зардлаас шалтгаалан хүндхэн сорилтууд тулгарч байгаа ч эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлт бидэнд шинэ боломжийг авчирч байна.
Тухайлбал “Таван толгой” болон “Оюу толгой”-н уул уурхайн төслүүд дэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт 2024 он хүртэл дунджаар 6.8%-ийн өсөлттэй байна гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.
Манай урд хөрш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ч огцом нэмэгдэж 12 хувьд хүрсэн нь манай экспортын гол зах зээл гэдэг шууд утгаараа бидэнд шинэ найдвар төрүүлж байгааг хэлэх хэрэгтэй. Хамгийн гол нь энэ нөхцөл боломжийг алдахгүйн тулд манай улс хилийн боомтуудаа өргөтгөх, тээвэр ложистикийн нэвтрүүлэх хүчин чадлаа сайжруулах, цар тахлын дэглэмийг ягштал баримтлах тал дээр онцгой анхаарал хандуулж байна.
Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, Монголбанкны валютын нөөц тогтвортой байгаа нь эдийн засагт шар гэрэл асахаас хамгаалж буй нэг бодит хүчин зүйл яах аргагүй мөн.
Үүн дээр “Оюу толгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо” зэрэг манай уул уурхайн салбарын акулууд зардлаа танаж, олборлолт үйлдвэрлэлийн зөв менежмент явуулж буй нь үргүй зардлыг бууруулж эдийн засгийн өсөлтөд зүтгүүрийн үүрэг гүйцэтгэж байна.
Мөн манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн ажил тун урагштай байгаа нь манай уул уурхайн салбарт итгэх
гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, харилцан үр ашигтай хөрөнгө оруулалт татах таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Энэ бүхний үр дүнд 2021 онд Монгол Улсын нийт гадаад өрийн урсгал дансанд эзлэх хувийг 181-ээс 159 хувь болгон бууруулах зорилтоо амжилттай биелүүлж чадвал эдийн засгаа элгээр нь хэвтэхээс хамгаалж чадна.
Юутай ч эдийн засгийн талаар авч буй энэ бүх арга хэмжээг үнэлж олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснийг баталгаажуулсан нь бодлого зөв байгааг нотолсон үйл явдал боллоо.
Цаашдаа эрч нь эрс саараад буй нүүрсний экспортоо хэвийн хэмжээнд хүргэх, төсвийн сахилга батыг чанд сахих, уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог хил орчмын бүс нутгийг цар тахлын эрсдэлээс хамгаалсан үйл ажиллагаагаа эрчимжүүлж чадвал эдийн засгийн сэргэлт ойрхон байна.
И.БУЯНЖАРГАЛ
Холбоотой мэдээ