"Андлалын хөшөө" тойрсон маргаан

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

VS

"Андлалын хөшөө" тойрсон маргаан

Одоогоос гурван жилийн өмнө  Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа “Монголд 400 сая жуулчин хүлээн авна” гэсэн нь олны шүүмжлэл дагуулж байлаа. Төрсөн нутгаа хөгжүүлж, Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгож, 400 сая жуулчин татах том амбиц түүнд байв. Тиймээс төсвийн мөнгөний хамгийн өндөр тоо Хэнтийд тавигдаж, их хааны өлгий нутгийг аялал жуучлалын бүс нутаг болгох бүтээн байгуулалтыг эхлүүлсэн юм. Гэвч “Андлалын хөшөө” нь  олны хэл ам таталсан түүхий, шүүрхий "ажил" болоод дуусав. Хоёр талын байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.


 

Б.Ган-Очир
О.Цогтгэрэл даргатай АН-ын хэрэг эрхлэх газрын дарга:

Чингис хааны мэндэлсэн нутгийг аялал жуулчлалын бүс болгоно, “Андлалын өргөө", “Их хуралдай” гэх мэт хэд хэдэн цогцолбор барина гээд улсын төсөвт хэдэн тэрбумаар нь суулгаж байлаа, түрүүчийн УИХ, Засгийн газар.

“Андлалын хөшөө”-г хоёр тэрбум төгрөгөөр барьж, 200 сая төгрөгөөр эрчим хүч татсан. Гэвч нураасан. 

"Их хуралдай" цогцолборт 2018 онд 14 тэрбум, 2019 онд 600 сая төгрөг зарцуулсан. 2019 оны наймдугаар сарын 10 гэхэд дуусах ёстой байсан. 

"Шихихутуг Их засаг" цогболборын төсөв нь хоёр тэрбум. Мөн л 2019 он дуусах байсан.

"Монголын нууц товчоо" цогцолборын төсөв 1.5 тэрбум төгрөг. 

"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын төсөв 1.5 тэрбум төгрөг. 

"Монголын далд уул уурхайн музей"-н төсөв 3.5 тэрбум төгрөг. 

Дээрх зургаан төсөл дэд бүтэц, засмал зам зэргээр холбогдоогүй. Үнэндээ 400 сая жуулчин үүнийг зорьж очихооргүй. Дампуу төсөл. Хүн үзэхээргүй хол газарт жижиг, жижиг шавар овоолж байхаар нийт төсвөө нэгтгээд дорвитой том бүтээн байгуулалт барьсан бол гэж харамсаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хүүхэд насны мөрөөдлийг биелүүлэх гэж Монголын ард түмний хөрөнгө үнэгүйдэх ёсгүй. Ингээд бодоод үзэхээр МАН-ын бүтэлгүй бүтээн байгуулалтууд буюу мөсөн уулын оргил нь "Андлалын хөшөө"-гөөр дуусахгүй. Үүнээс гадна сонгуульд зориулж дутуу орхисон ажлууд, дампуурсан олон төсөл бий. 

Н.Уртнасан:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд:

-Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил дөрвөн суманд 2018 оноос хойш хийж байна. Үүний нэг болох Батноров суманд барьж байсан “Андлалын өргөө” цогцолборын зураг төслийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэг агсан гаргасан.

Салбар яам, орон нутгийн Засаг даргын тамгын газар, "Хос санаа" компанитай гурвалсан гэрээ байгуулж, барилга угсралтын ажил 2018 онд эхэлсэн. Харамсалтай нь, зураг төслийг зохион бүтээсэн зохиогч барилга угсралтын ажил ид өрнөж байхад хүнд өвчний улмаас нас барсан. Салбар яамнаас энэ төслийг үргэлжлүүлэхээр судалгаа хийж, зохиогчийн шавь нартай уулзаж, анхны зураг төслөөр бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх боломжтой эсэхийг судалсан.

Гэвч зохиогч өөрөө барилгын явцад хяналт тавих нь хязгаарлагдмал учраас зураг төслийг үргэлжлүүлэхэд хүндрэл үүсч эхэлсэн. Тиймээс оюуны өмчийг цуцлах санал гарч эхэлсэн. Нөгөө талаас барилгын ажил бүрэн дуусаагүй байхад олон нийтийн сүлжээгээр сөрөг мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Тиймээс Д.Эрдэмбилэг агсны гэргий, үр хүүхдүүдээс "Хос санаа" болон "Классик хаус" компанид оюуны бүтээлийн зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт тавьсан.

Мөн салбар яаманд хүсэлт гаргахдаа "Андлалын өргөө" бүтээн байгуулалтын барилгын ажлыг зогсоож, холбогдох арга хэмжээ авч, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүссэн. Эдгээрийг судалж, гурван талт гэрээний дагуу уулзсан. "Хос санаа" компани улсыг хохиролгүй болгоно гэсэн албан бичиг ирүүлсэн бөгөөд дөрвөн удаагийн гүйцэтгэлээр олгосон төсвийн 1.9 тэрбум мөнгийг буцаан төвлөрүүлсэн. Цогцолбор нураах зардлыг улсын төсвөөс гаргаагүй. Орон нутаг нураасан хог хаягдлыг хариуцаж, цэвэрлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж