"Гүйлтийн спорт сонирхогчид өөрийгөө сорих шинэ боломж" | News.MN

"Гүйлтийн спорт сонирхогчид өөрийгөө сорих шинэ боломж"

"Гүйлтийн спорт сонирхогчид өөрийгөө сорих шинэ боломж"

"Гүйлтийн спорт сонирхогчид өөрийгөө сорих шинэ боломж"

“Дэлхийн монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel”-ийг үүсгэн байгуулагч У.Ганзоригтой ярилцлаа. Лондон хотод гэр бүлийн хамтаар амьдардаг, Вестминстерийн их сургуулийн төгсөгч тэрбээр энэ жил “Vitality Running World Cup”-д оролцох Монгол улсын багийн ахлагчаар сонгогдсон юм.


-Яагаад “Vitality Running World Cup”-д оролцох болсон юм бэ?

-Цахим гүйлт гэдэг зүйл цар тахлаас хойш эрчтэй дэлгэрч эхэлсэн. Энэ бидний оролцох гэж буй цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оноос эхлэлтэй. Монгол Улсын хувьд анх удаа 2020 онд оролцож байв. Тухайн үед дэлхийн 237 улс орон оролцож, манай улс 18-р байрт орсон. Харамсалтай нь, цар тахлын улмаас сүүлийн шатны тэмцээн цуцлагдсан. Харин энэ жил зохион байгуулагчдын зүгээс дахин тэмцээнээ явуулах болсноо мэдэгдэж, ийнхүү бэлтгэл ажлаа хангаад явж байна. Цахим гүйлт гэдэг утгаараа хүн бүр байгаа газраасаа оролцох боломжтой. Хамгийн гол нь гар утасны аппликейшнээ татаж, идэвхжүүлэх ёстой. Энэ бол гүйлтийн спорт сонирхогчид өөрийгөө сорих шинэ боломж.

-Та мөн Монголын багийн ахлагчаар сонгогдсон байна лээ. Ямар шалгуураар ахлагчаа сонгодог юм бэ?

-Зохион байгуулагчдын зүгээс албан цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээллээ гаргадаг. Гол нь тухайн улсдаа энэ арга хэмжээний тухай сурталчлах, мэдээлэх, аль болох олон хүнийг уриалах, гүйлтийн спортыг сурталчлах боломжтой хүнийг шалгаруулдаг. Мэдээж, гүйлтийн спортоор хичээллэдэг, гүйлттэй холбоотой арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагатай, видео контент, зураг постер хийх чадвартай байх ёстой гэх мэт шалгуурууд бас бий. Миний хувьд өмнө хэлсэнчлэн гүйлтийн суваг үүсгэн байгуулсан, мөн Лондонд чөлөөт цагаараа сонирхлынхоо дагуу гэрэл зургийн студи ажиллуулдаг, Монголын зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилладаг. “Дэлхийн монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel”-ийн хамт олон өнгөрсөн жил гаруйн хугацаанд олон цуврал цахим гүйлтийн арга хэмжээнүүдийг монгол гүйгчдийнхээ дунд зохион байгуулсан. Тиймээс зохион байгуулагчдад багаа танилцуулаад, боломжтой гэдгээ харуулсан. Өнгөрсөн онд ч холбоотой ажиллаж байсан болохоор дөхөм болсон байх. Цаашид бид энэ байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцаж байна.

-Монголын багаа дэмжиж гүйх гэсэн иргэд маань хэрхэн багтаа туслах вэ?

-Багийн ахлагчийн гол ажил нь энэ гүйлтийг улс эх орондоо сурталчлах, аль болох олон иргэн татан оролцуулах. Сурталчилгааны ажлыг сайн хийх ёстой. Энэхүү цахим гүйлтэд маань 13-аас дээш насны хэн ч орох боломжтой. Гэхдээ гол шалгуур нь 3 километрыг 30 минутын дотор туулах ёстой. Цагийн хугацаатай учир алхаж оролцож болохгүй. Оролцох сонирхолтой хүмүүс маань RunWorldCup аппликейшныг гар утсандаа татаж суулгах хэрэгтэй. Үүнээс гадна гүйлтийн зай, хурд хэмждэг гүйлтийн аппликейшнээ холбох хэрэгтэй. Монголчууд "Strava" аппликейшныг өргөн хэрэглэдэг. Ерөнхийдөө "Strava", "Adidas Running", "Health App", "Google Fit", "FitBit, Garmin", "Under Armour", "Pacer"  зэрэг аппликейшнүүдийг Run World Cup-тай холбох боломжтой. Тэгээд л Монгол Улсынхаа багт буюу “Team Mongolia Run As One Nation” -дээ нэгдээд гүйх юм. Энэ жил “Run As One Nation" буюу "Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе!" гэсэн уриан дор оролцож байна. Улс орон бүрийн уриа өөр өөр. Дэлхийд Монголоо спортоор, ялангуяа гүйлтээр сурталчилъя гэсэн уриатай байгаа юм. Энэхүү тэмцээнд оролцсоноор та "Vitality Running World Cup" зохион байгуулагчдын санаачилсан хүүхдийн төлөөх сайн үйлсэд нэгдэх бөгөөд таны гүйсэн 3 км тутамд нэг ширхэг хүүхдийн вакцин НҮБ-ын Хүүхдийн санд хандивлагдах болно. Жишээ нь, 9 километр гүйхэд 3 ширхэг хүүхдийн вакцин хандив болно.

Бид эхний ээлжинд шилдэг 16 багийн нэгээр тодрох цаашлаад финалын дөрөвт үлдэх зорилготой.

-Ашгийн бус тэмцээн гэж ойлгож болох уу? Эсвэл тодорхой хэмжээний шагнал урамшуулал бий юу?

-Түрүүлсэн улсын багт шагнал урамшуулал бий. Мөн бонус нь шагналтай. Ер нь л цэвэр, ашгийн бус дэлхийн улс үндэстнүүдийг эрүүл амьдрал, идэвхитэй хөдөлгөөнд уриалах зорилготой. Өнгөрсөн жилээс хойш манай байгууллага олон төрлийн цахим гүйлтийн арга хэмжээ, челленж зохион байгуулсан. Мөн Монголын бусад гүйлтийн клубүүд, байгууллагууд нийтийн цахим гүйлт зохиосон. Тиймээс монголчууд маань цахим гүйлтэд оролцоод дадал болчихсон байгаа байх.

2020 онд Усайн Болт тэргүүтэй алдартай тамирчид "Vitality Running World Cup”-ийн нүүр царай болж байв.

-Та өөрийн үүсгэн байгуулсан “Дэлхийн монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel”-ийн талаарх мэдээлэл болон цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Манайх байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Дэлхий даяар тархан суурьшсан монголчуудаа, тэр дундаа гүйлтийн спортоор хичээллэдэг хүмүүсийнхээ дунд мэдээлэл солилцох, эрүүл зөв амьдралын хэвшлийг уриалах, бие биенээ дэмжих, туршлагаа хуваалцах зорилготой байгуулагдсан. Одоогоор удирдах зөвлөлийн 15 гишүүн, гурван хүндэт гишүүнтэй явж байна. Олон оронд төлөөлөлтэй. Манай арга хэмжээнүүд бүгд цахимаар зохиогддог. "Covid-19"-ийн улмаас дэлхийн том том марафонууд цахимаар зохиогддог болсон. Үүнд Монголын гүйгчиддээ оролцох боломжтой гэдгийг уламжилж, оролцуулсан. Өнгөрсөн жил л гэхэд Лондон марафонд Монголын 30 гаруй гүйгч цахимаар оролцсон. 24 цагийн дотор дэлхийн өнцөг булан бүрээс 37,966 гүйгч тус марафонд цахимаар гүйж, Гиннесийн дэлхийн амжилтад бүртгэгдсэн. Манай улсаас оролцсон гүйгчид Гиннесийн албан ёсны сертификат хүлээн авсан. Цаашдаа бид олон улсад бүртгэлтэй байгууллага болох зорилготтой.

-Та хэзээнээс гүйлтийн спортоор хичээллэж эхэлсэн бэ? Таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарав?

-Би гүйж эхлээд бараг дөрвөн жил орчим болох гэж байна. Мэргэжлийн гүйгч биш гүйгчдийн дунд эрүүл мэндийн гүйгч гэж ярьдаг. Тийм л хүн. Зав чөлөөгөөрөө эрүүл мэнддээ анхаарч, сонирхол хоббигоороо гүйж эхэлсэн. Гадаадад зохион байгуулагдсан хэд хэдэн марафонд оролцсон туршлагатай. Энэ жил Лондон марафонд биеэрээ очиж оролцохоор болоод байна. Марафонууд маань цахим болон биеэрээ очиж оролцох гэсэн хоёр хувилбартай болсон. Берлин марафонд биеэрээ очиж оролцохоор сонгогдсон байсан ч цар тахлын улмаас хилээр гарч, ороход явдал чирэгдэл ихтэй байгаа учраас энэ жилдээ оролцохоо түр хойшлуулаад, дараа жил оролцоно. Мөн цахимаар Бостон, Токио марафонд оролцохоор бүртгүүлсэн. Манай гүйгчид энэ жилийн 9-10 дугаар саруудад олон цахим марафонуудад оролцох хуваарьтай. Учир нь Дэлхийн алдартай томоохон марафонууд есдүгээр сарын 26-наас эхлээд арваннэгдүгээр сарын 7 хүртэл зохиогдоно. Дэлхийн их зургаа гэгддэг Берлин, Лондон, Чикаго, Токио, Нью-Йорк, Бостоны марафонууд зургаан долоо хоногт бүгд дараалаад зохиогдохоор төлөвлөгдсөн байна.

Европт, гадаадын улс орнуудад гүйх, алхах нь амьдралын хэв маяг болчихсон. Надад орчин л нөлөөлсөн байх. Гүйлтийн спортоор хичээллэснээр цагт баригдахгүй, спорт заал руу явах, эсвэл тусгай төхөөрөмж, эдлэл хэрэглэлгүй биеэ чийрэгжүүлэх боломжтой. Ажлын бүтээмж ч илүү нэмэгдэх, сэтгэл санаа засах гэх зэрэг олон давуу талтай.

-Гүйлтийн спортоор хичээллэх гэж буй, сонирхож буй хүмүүстээ хандан зөвлөгөө өгөөч. Юу анхаарах хэрэгтэй вэ?

-Олон зөвлөгөө бий. Юуны түрүүнд хэд хэдэн удаа эрчимтэй алхах хэрэгтэй. Шууд гараад гүйх хэрэггүй. Хүнд, хөнгөн бэртэл авах эрсдэлтэй. Тиймээс гүйдэг хүмүүсээс туршлага судалж, гүйлтийн групп, клубүүдэд элсэхийг зөвлөж байна. Эхний хэдэн удаад эрчимтэй алхалт хийвэл зүгээр. Үүний дараа бага багаар гүйх нь зөв. Өөрийгөө шахаж, олон километр ч гүйх хэрэггүй. Гүйлтийн хамт олонтой байх нь өөрийг тань зоригжуулна, дэм өгнө. Ганцаараа гүйгээд байвал тууштай байж чаддаггүй юм шиг санагдсан. Туршлага солилцох, ярилцах хамт олон хэрэгтэй.

-Танд өөр нэмж хэлэх зүйл бий юу?

-“Vitality Running World Cup”-д оролцох, гүйх боломжтой хүн бүр Монголын багаа дэмжиж идэвхитэй оролцоорой. Бидний зүгээс тэмцээнтэй холбоотой мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь түгээнэ. Энэ тэмцээний талаар мэдээлэл дамжуулж, дэмжин ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

-Ярилцсанд баярлалаа.

Уншигч та бүхэн “Vitality Running World Cup” тэмцээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-01 64.119.17.236

Сайн уу 3 кмээ 30 мин туулж чадахгүй бол яах юм

Avatar

Зочин 2021-09-01 202.21.108.3

Гүйлт нь тооцогдохгүй ба Монголын багийн гүйлт дээр нэмэгдэхгүй байх. Гэхдээ гүйсэн хүний биед, эрүүл мэндэд сайн хэхэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж