Дүүжин тээвэр, метрогоор түгжрэл арилгах төлөвлөгөө замхрав

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

Дүүжин тээвэр, метрогоор түгжрэл арилгах төлөвлөгөө замхрав

Дүүжин тээвэр, метрогоор түгжрэл арилгах төлөвлөгөө замхрав

Автозамын түгжрэлийг адлах, зэмлэх, аргагүй эрхэнд хүлээн зөвшөөрч, амьдралынхаа ихэнх хугацааг машин дотор өнгөрүүлэх нь нийслэлийн иргэдийн хувьд байдаг л үзэгдэл. Энэ бол сүүлийн ганц хоёрхон жилийн асуудал биш. Амтай нь хэлж, хэлтэй нь орчуулж, хороо, дүүрэг, хотын удирдлагад ханддаг ч жил бүр улиг болсон асуудлыг шийдвэрлэх автозамын менежментийг боловсруулахаас өөр гаргалгаа байдаггүй нь харамсалтай.

Өнгөрсөн оны статистикаар, нийслэлд бүртгэлтэй 615 мянган автомашин байгаа нь замын үндсэн багтаамжаас гурав дахин их үзүүлэлт. Эндээс ажиглавал автозамын оргил цагийн хурд гурван жилийн дараа явган хүний хурдтай тэнцэж, автомашинтай нь биш алхаж яваа нь ажлаа амжуулна гэсэн үг. Хэрэв Улаанбаатарт жилд дунджаар 35-45 мянган автомашин нэмэгдэнэ гэж тооцоолбол замын ачаалал, даац 2024 он гэхэд цэг тавихад хүрэх биз. Баяр ёслол, хурим найр, билэгт сайн өдрөөр л түгжирдэг байсан цаг үлгэр болж, одоо улирлын чанартай тэг зогсоход хүрээд байна.

Автозамын түгжрэлээс болж зөвхөн ажилтай иргэд хохирч бухимдаад зогсохгүй эдийн засагт ч алдагдал үүсч байгаа юм. Тодруулбал, бензин шатахуун хий урсахаас гадна дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувийг түгжрэлд алдаж байна.

Тиймээс үе үе хөндөж гаргаж ирдэг энэ сэдэв, асуудлыг анхаарч, дорвитой ач холбогдол өгөх шаардлага үүслээ. Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр. Хотын нэг захаас хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөөд, өөрөө нөгөө зах руу ажилдаа очно гэдэг бол "алаан". 40 минут алхах байсан газрын хооронд түгжрээнд орж, өдрийн тэн хагасыг зарцуулж, сая нэг зорьсон газартаа хүрэхэд авто зогсоол дахин асуудал дагуулна. Үүнээс болж нийслэлд жолоо барьж буй хүн бүр стресстэй явж байна.

ТҮГЖРЭЛИЙН ОРГИЛ ҮЕ ЭНЭ ЖИЛ ХҮМҮҮСИЙН ОВСГООГ ДАХИН ШАЛГАНА

Хөлтэй нь алхаж, хөлгүй нь мөлхөнө гэдэг шиг түгжрэлийн оргил үе энэ жил хүмүүсийн овсгоог дахин шалгана. Хүмүүс ажил эхлэх, тарах цагаар тавилантайгаа эвлэрэхээс өөр сонголтгүйд хүрдэг. Дор бүрнээ түгжрэлийг шийдвэрлэх шийдлийг эрж, хайж хоорондоо хэлэлцдэг ч хэрэгжүүлэх шатанд хэн ч хүргэж чаддаггүй. Хэвшил болсон түгжрэлийг автомашины хэрэглээг бууруулснаар шийдэх боломжтой.

Холбогдох албаныхан нийтийн тээврийн салбараар зорчилтыг 33 хувь өсгөж, түгжрэлийг 15-20 орчим хувиар бууруулна хэмээн тооцоолжээ. Мэдээж дараагийн чухал зүйл бол хот төлөвлөлтийг сайжруулах билээ. Хувийн автомашинаар зорчихгүй байснаар зам дээрх асуудлыг 10-15 хувь бууруулж болохыг номын худалдаачид хэлж байв. Түгжрэлийн оргил үе эхэлсэн. Хичээл, сургууль эхэлж байгаа учраас төлөвлөгөөт ажлуудаа хуваарийн дагуу хийж буй юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хэлснээр түгжрэлийг ганцхан хоногт шийдвэрлэх боломжгүй. Нийтийн тээвэр, авто зам гээд олон зүйл дээр анхаарах хэрэгтэй. Төр засгийн хувьд түгжрэлийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх хүсэл сонирхол  бий гэсэн.

ДОЛООГООС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ АВТОМАШИНЫ ИМПОРТЫГ ХЯЗГААРЛАЖ, БУСАД ГАРГАЛГААГ ОЛНО

Одоогоос нэг жилийн өмнө Авто тээврийн үндэсний төвөөс бүсчлэлээр хэсэгчлэн нэвтрэх, татвар төлөх зохицуулалтаар төв рүү иргэд машинтай нэвтэрнэ гэж байсан санагдана. Түүнээс 4-5 жилийн өмнө метрог хэрэглээнд нэвтрүүлж, 2021 онд агаарын болон хурдны тээврийн хэрэгслээр хүн бүр зорчих боломжтой хэмээн мэдээлж байсан. Яг ам асуувал метро, дүүжин тээвэр зэрэг бол үлгэр шиг сонсогдож байна. Цаашид долоогоос дээш жилийн насжилттай автомашины импортыг хязгаарлаж, насжилт өндөр машиныг хүлээж авахгүй байх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа гэсэн. Эдгээр шийдэл зөв байх.

Гэхдээ нийтийн тээврийн тоо, хүртээмж тэлж, хүмүүст тав тухтай зорчих орчин бүрдүүлж өгвөл хүн бүр заавал хувийн автомашинаа унах шаардлагагүй болно. Улаанбаатарт тулгамдаж буй асуудлыг шийдэх гарц гаргалгаа олох удирдагч хэрэгтэй юу? Өчнөөн сая төгрөгийн төсөв батлуулдаг ч өөдөлдөггүй түгжрэлийн асуудалд хэзээ, хэн цэг тавих бол. Ямартай ч дүүжин тээвэр, метрогоор асуудлыг шийдвэрлэнэ гэдэг төлөвлөгөө замхарчээ. Алсдаа түгжрээгүй, гэрлэн дохион зохицуулалтгүй замын хөдөлгөөнд оролцох үе ирэх болов уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж