"Намайг 22 настай дуурийн дуучин гэж Оросын хэвлэл онцолсон"

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

"Намайг 22 настай дуурийн дуучин гэж Оросын хэвлэл онцолсон"

"Намайг 22 настай дуурийн дуучин гэж Оросын хэвлэл онцолсон"

Дуурь, бүжгийн эрдмийн театрын цөөн басс хоолойтны нэг бол С.Бат-Эрдэнэ. Тэрбээр наймдугаар сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулсан алдарт дуучин Елена Образцовагийн нэрэмжит залуу дуурийн дуулаачдын олон улсын XIII уралдаанд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод иржээ. Дуучдын хувьд цар тахлын улмаас олон улсын уралдаанд оролцох боломж хумигдаж байгаа ч чамгүй даваа давж, Монгол Улсынхаа нэрийг гаргасан байна. Түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе.


-Олон улсын уралдаанд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 15-д шалгарсанд баяр хүргэе. Уралдаанд хэрхэн шалгарсан тухайгаа ярихгүй юу?

-Энэ удаагийн олон улсын уралдаанд дэлхийн 12 орны 209 дуучин бүртгүүлснээс эхний шатанд 173 нь дууллаа. Уралдааны техникийн зөвлөгөөн наймдугаар сарын 14-нд болж, эхний шат нь гурван өдөр үргэлжилсэн. Миний хувьд 170 гаруй дуучнаас хоёр дахь шатандаа тэнцэж, 49 дуучинд багтсан. Тэндээсээ шилдэг 15 дуучин шалгарч, финалын шатанд оролцсон.

Би шилдэг 15-д шалгарч,“Дипломант” болж, энэ удаа хараахан байр эзэлж чадсангүй. Мөн “Шилдэг концертмейстер” шагналыг театрын ерөнхий концертмейстер, Гавьяат жүжигчин Б.Солонго багш маань хүртсэн.

 -Чансаа өндөр уралдаанд ямар ари, романс дуулдаг вэ?

-Дуучид эхний шатанд эртний болон барууны гэсэн хоёр ари дуулсан. Хоёрдугаар шатанд орос романс дуулсан бол сүүлийн шатанд дөрвөн ари бүртгүүлж, шүүгчдийн зөвлөл хуралдаж, хоёр ари сонгон дуулуулсан. Оросын нэгэн хөгжмийн сэтгүүлд намайг тодотгож бичихдээ “Нуугдаж буй эрдэнэ” гэж бичсэн байсан. Учир нь миний 32 насны төрсөн өдөр наймдугаар сарын 19-нд болсон.

Гэтэл намайг анх уралдаанд бүртгэхдээ 22 настай гээд бичсэн байсан юм билээ. Тэгээд л “Олон улсын уралдаанд дөнгөж 22 настай залуу чадварлаг дуулж байна” гээд шуугиад эхэлсэн.

 -Хэд дэх олон улсын уралдаан бэ?

-Миний хувьд 13 дахь удаагийн олон улсын уралдаан байлаа.

-Цар тахлын үед олон улсын уралдаанд оролцоход хүндрэл бэрхшээл хэр гарав?

-Цар тахлын нөхцөл байдал уран бүтээлчдийг олон улсын уралдаанд оролцоход их  нөлөөлж байна. Орос улс хилээ нээгээгүй учраас Оросын Соёлын яамнаас бичиг авч, Элчин сайдын яаманд очиж, хил нэвтрэх зөвшөөрөл авна. Тэгээд Монголын талаас Улсын онцгой комиссоос бичиг авч, Алтанбулагийн боомтоор гарна. Тэндээсээ Хиагт хүртэл 4-5 км алхаж байж цааш унаанд сууж, Улаан-Үдэ орсон.

-Сонгодог урлагт анх хэрхэн хөл тавьж байв. Дуурийн дуучин мэргэжлийг таны ээж сонгож өгсөн гэж үнэн үү?

-Тийм ээ. Намайг ээж минь дуурийн дуучин болгосон юм. Миний хувьд 2007 онд арван жилийн сургуулиа төгссөн. Өвөрхангай аймгаас хотод дуучин болохоор Соёл урлагийн их сургуульд шалгалт өглөө. Дууны багш мэргэжилтэй хамаатны ах маань намайг Д.Банди багшийн шавь болгоно гэсэн чинь тухайн үед багш бурхан болсон байлаа. Тэгээд аялал жуулчлалын мэргэжлээр өөр сургуульд суралцаж байгаад ээжийнхээ зөвлөснөөр 2008 онд Монгол Улсын консерватори /хуучнаар Хөгжим бүжгийн коллеж/-д дахин шалгалт өгч, тэнцэж байлаа.

Миний хувьд огт дуулах сонирхолгүй хүүхэд байсан. Манай ээж хүүхдүүдийнхээ нэгийг дуучин болгоно гэж зүтгэдэг байсан юм билээ. Би чинь дээрээ дөрвөн ах, дөрвөн эгчтэй айлын отгон хүү л дээ. Хөгжим бүжгийн коллежид анх ороод, Д.Жаргалсайхан багшийнхаа шавь болсон ч багш маань 2011 онд бурхан болсон. Тэгээд Гавьяат багш Ц.Ерөө багш дээр суралцаж, 2013 онд сургуулиа төгссөн. Тэр жилдээ ДБЭТ-д шалгалт өгч, найрал дуучнаар дуулж, дуурийн туслах дүрүүдэд тоглодог байлаа. Зургаан сарын дараа дуурийн дуучнаар ажилд орсон доо.

-Цар тахлын улмаас театр, урлагийн байгууллагын үйл ажиллагаа зогсоод буй. Дуурь, бүжгийн эрдмийн театрын хувьд уран бүтээлээ түр завсарлаад байна уу?

-Манай театр саяхнаас хэвийн горимоор ажиллаж эхэлсэн ч зарим уран бүтээлчдээс Covid-19 илэрсэн учраас есдүгээр сарын 2-ныг хүртэл ажиллахгүй. Уг нь театрын уран бүтээлчид “Аида” дууриар хөшгөө нээхээр бэлтгэлээ базааж байсан. Миний хувьд есдүгээр сарын 7-ноос 12-ны хооронд ОХУ-д болох олон улсын уралдаанд оролцох 350 дуучнаас шилдэг 40 дуучны тоонд багтсан.

Уралдааны урилгаа авсан, есдүгээр сарын 2-нд явахаар төлөвлөж байна. Мөн энэ жил Италид аравдугаар сарын сүүлчээр анх удаа зохион байгуулах уралдааны финалд шалгарчихсан байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж