Англид бүх сурагчаас 3-5 хоногт шинжилгээ авна

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

Англид бүх сурагчаас 3-5 хоногт шинжилгээ авна

Англид бүх сурагчаас 3-5 хоногт шинжилгээ авна

Дэлхийн олон оронд шинэ хичээлийн жил эхэлж, хүүхдүүд удаан хүлээсний эцэст эргээд сургуульдаа явж байна. Гэхдээ энэ хичээлийн жилд оюутан сурагчдын дунд халдвар тараахгүйн тулд сургуулиуд дээд зэргээр болгоомжтой байж, шинэ дүрэм журмуудыг ягштал дагаж мөрдөх шаардлагатай болж байна.

Сурагчдаас хэр ойр ойрхон шинжилгээ авах вэ?

Англид дунд сургуулийн бүх сурагчаас гурваас тав хоногийн зайтай тогтмол шинжилгээ авахаар болжээ. Ингэснээр хэн нэг сурагч вирус тээж байгаа эсэхийг шуурхай илрүүлж, бусад сурагчдыг хамгаалахад тохиромжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Түүнчлэн сургуулийн ажилтнууд сурагчдын эцэг эхчүүдтэй байнга холбоо тогтоож, шаардлагатай асуулгуудыг авч байх юм байна. Харин аль нэг оюутны шинжилгээний хариу эерэг гарвал даруй эрх баригчдад хандаж тусгаарлах ажил эхлүүлэх аж.

Шинжилгээний хариу эерэг гарвал яах вэ?

Хэрвээ хичээлийн жил эхэлснээс хойш хэн нэг сурагч халдвар авбал гэртээ 10 хоног тусгаарлагдана. Түүнчлэн халдвар авсан сурагчийн гэр бүлийнхэн сүүлийн үед хаагуур явж, хэнтэй уулзсанаа дэлгэрэнгүй мэдүүлэх ёстой болжээ.

Хэрвээ сурагч сүүлийн шинжилгээ өгснөөсөө хойш сургууль дээр хэн нэгэнтэй ойроос хавьтсан нь тогтоогдвол хавьтагчдаас мөн шинжилгээ авч, халдвар тарсан эсэхийг нягтлах аж. Харин тэдгээр хавьтагч нарын шинжилгээний хариу сөрөг гарвал заавал тусгаарлагдах шаардлагагүйгээр хичээлдээ хэвийн оролцож болох юм байна.

Сурагчид хүн хоорондын зай барих уу?

Англи, Уэльс, Умард Ирландад сурагчдыг ойрын хүрээллүүдээр нь бүлэг болгон хуваасан агаад сурагчид тухай тухайн бүлэг дотроо зай барих шаардлагагүй гэжээ.

Мөн бүлгүүдийг хуваарилах, нэг бүрчлэн ажиглаж, шаардлагатай арга хэмжээг цаг алдахгүй авах үүргийг ахлах багш нарт хариуцуулсан байна. Түүнчлэн зарим том хэмжээтэй сургуулиудад хонгилыг нэг чиглэлтэйгээр ашиглаж, хүүхдүүдийг бөөгнөрүүлэхгүй байх арга хэрэглэхээр шийджээ.

Харин Шотландад цар тахлын байдал харьцангуй хүнд байгаа учир есдүгээр сарын сүүл хүртэл илүү хатуу хязгаарлалтуудаа үргэлжлүүлэх аж. Жишээлбэл, Шотландын сургуулиуд бүх багш, ажилчныг хоорондоо дор хаяж нэг метр зай барихыг зөвлөж буй юм байна.

Амны хаалт болон агааржуулалт

Англи, Уэльсийн сургуулиуд багш, ажилчид болон сурагчдыг сургуулийн автобус гэх мэт бөөгнөрөл ихтэй газраас бусад газарт амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрчээ.

Харин Шотланд бүх хүнийг наад зах нь есдүгээр сарын сүүл болтол амны хаалтаа тайлахыг зөвшөөрөхгүй гэсэн бол Умард Ирландын сургуулиуд дор хаяж эхний зургаан долоо хоног амны хаалттай хичээллэхээр шийдсэн байна.

Мөн сургуулиудын зүгээс ялангуяа өвлийн улиралд хаалга, цонхоо нээх нь тохиромжгүй учир агааржуулалтын асуудлыг оновчтой шийдэж өгөхийг эрх баригчдаас шаарджээ. Харин хариуд нь боловсролын департмент Английн сургуулиудад нийт 300 мянган агаар шүүгч нийлүүлж, хамгийн агаарын солилцоо муутай, вирус хялбар тархах эрсдэлтэй газруудад суурилуулахаар амлажээ. Гэвч тэдгээр агаар шүүгчүүдийн хөрөнгийг хэрхэн гаргах талаар нарийн зүйл дурдаагүй нь зарим хүмүүст эргэлзээ төрүүлэх болсон аж.

Бусад арга хэмжээ

Нэгдсэн Вант улсын боловсролын департмент хэрвээ сургууль дээр халдвар тарвал хэрхэх ёстой талаар зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид шаардлагатай бол хичээл, цуглааныг гадаа талбайд хийх, дотор орчны агааржуулалтыг сайжруулах, бүлгүүдийг дахин хуваарилах зэрэг арга багтсан байна.

Хичээлийн хоцрогдол

Цар тахлын тархалтыг тогтоон барих зорилготой хөл хорио гэх мэт олон шалтгаанаас болж олон улсад хүүхдүүд хичээлээсээ хоцрогдох асуудал түгээмэл үүссэн байна. Зарим боломжтой эцэг эхчүүд хүүхдүүдээ гэрийн багш, зуны сургууль гэх зэргээр хичээлийг нь тасалдуулахгүй авч яваагаас болж хүүхдүүдийн дунд ялгаа, зөрүү их гарах болсон байна.

Харин Англид тэдгээр хоцрогдол, зөрүүг арилгах ажилд зориулж 1.4 тэрбум паунд төсөвлөжээ. Гэвч мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар нэг хүүхдийн хоцрогдол арилгахад ердөө 50 паунд хүрэлцэхгүй бөгөөд дор хаяж нийт 15 тэрбум шаардлагатай аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж