“Нөү наадам” гэх явган жагсагчдыг дайрчих шахан “Еэс наадам”-ын морьтнууд чичрүүлж ахуйд хууль тогтоогчид Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталжээ. “Юм үзээгүй болохоороо Дэмбэрэл их л баярлаж байна лээ“ гэдэг шиг кино урлагийнхан баярласан биз. Бас үгүй байх. Энэхүү хуулийг баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төсөл санаачлагчдад талархал илэрхийлээд, коммунизмын эцэг Карл Марксын “хүү” Ленин багшийн “Кино бол бүх урлаг дотроос хамгийн чухал” гэх үгийг эзнийг нь дурдалгүйгээр иш татсан нь зүгээр хэрэг биш болой.
ЭМЗЭГ СЭДЭВТ ДӨРӨӨЛСӨН НЬ
Дэлхийн дайд сэтгэж, Оскараар хэмжүүр тавьдаг манай үзэгчид “Монгол кино үздэггүй” гэх хариултыг хээв нэг хэлэх нь бий. Энэ нь манай кино урлагийн хэмжүүрт тавьж буй нийтлэг дүгнэлт агаад түүнийг нь үгүйсгэхэд энэ талаар тун чиг дутуу, дулимаг ойлголттой мань мэт байтугай лут амьтад нь ээрч, муурах нь энүүхэнд. Гэхдээ цөөн хүн амтайн дээр зах зээл нь хязгаартай, урлагт хөрөнгө оруулах нь усанд хаясан чулуутай ижил Монголын уран бүтээлчдийг харахаар харин ч энэ зэрэгтэй авч яваад нь баярлууштай. Аливаа зүйлийг өнгөц хараад шүүмжлэх шиг амар зүйл хаа байх билээ. Зарим талаараа үхвэл үх, сэхвэл сэх гээд зөнд нь, зоргоор нь хаясан гэхэд гадны уран бүтээлчидтэй өрсөлдөх хэмжээнд очсон нь уран бүтээлчдийн байраа барьцаалаад, зүхүүлэн, загнуулан зүтгэсний гавьяа билээ. Унаж, бүдэрч явахдаа уран бүтээлчдийн санал нэгдсэн зүйл нь зохиогчийн эрх, түүнийг хамгаалах хууль эрх зүйн орчин, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх болоод хөрөнгө оруулалт хийхэд төрөөс бодлогоор дэмжиж гэмээнэ кино урлаг хөгждөггүй юмаа гэхэд түлхэц болох байв.
Яг энэ эмзэг сэдэв дээр дөрөөлөн Кино урлагийг дэмжих тухай хуулийг санаачилжээ. Ингэхдээ уран бүтээлчдийн санал бодлыг тусгаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдсэн үү гэвэл эргэлзээ төрүүлнэ. Энэ хуулийг санаачилсан, баталсан, батлуулахаар зүтгүүлсэн нөхдийг харвал хэнд зориулсан хууль нь тодорхой хэнд ч тодорхой харагдана.
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР БҮТСЭН КИНО
Нэгэн хэсэг төрийн байгууллага болгон өөрсдийн дуутай болох шахсан. Энэ давалгаа яван явсаар төгөлдөржин кинотой болох болжээ. Жалга үзлээр өвчилсөн төрийн албаныхан орон нутаг, байгууллагын ойгоо тохиолдуулан татвар төлөгчдийн мөнгөөр баримтат кино хийлгэдэг болсныг бишгүй харсан. Төрийн байгууллагын захиалгаар,
- 2010 онд- 5
- 2011 онд – 6
- 2012 онд – 5
- 2013 онд – 1
- 2014 онд – 2
- 2015 онд – 3
- 2016 онд – 4
- 2017онд -1 гэхчилэн тухайн үйл явдал, алдартны талаар баримтат кино бүтээлгэжээ. Энэ нь бүрэн дүүрэн тоо биш бөгөөд хуулийн төсөл санаачлагчдын үзүүлэхийг хүсэн цуглуулсан тоо юм.
Батлан хамгаалах яамны захиалгаар,
-2010 онд “Тусгай салаа” телевизийн олон ангит кино
-“Тусгай салаа-2” бүрэн хэмжээний уран сайхны кино
– “Догшин хар сүлдний нууц” түүхэн баримтат кино
Эрүүл мэндийн яамны захиалгаар,
-2011 онд “Өдөр өдрийн нар”
Цагдаагийн ерөнхий газраас санаачлан,
-2012 онд “Амьдрал чиний төлөө”
Хил хамгаалах ерөнхий газраас,
-2013 онд МҮОНРТ-тэй хамтран “Босго тотго”
-2014 онд Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар Онцгой байдлын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран “Нарны жим” олон ангит уран сайхны киног тус тус бүтээжээ. Дээр нь Энэтхэгийн "Бурхан багш" олон ангит кино УИХ-ын даргын дэмжлэгтэйгээр та бүхэн таалан болгоосноо санах нь гарцаагүй.
Эдгээрээс гадна сум, аймаг, байгууллагын ой, дээрх уран сайхны кинонуудад зарцуулсан төсөв, хөрөнгийн талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Тэгэхээр ямар хэмжээний мөнгө төрийн байгууллагаас иргэд, орон нутгийн үүх, түүхээ хойч үедээ үлдээхийн төлөө гэх зөвтгөлөөр зарцуулаад буйг чөтгөр бүү мэд. Эдгээрээс гадна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бичсэн зохиолоор хийсэн Юмжаагийн Цэдэнбал даргын тухай өгүүлэх “Түүх мартахгүй” киног 2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 500 сая төгрөгөөр санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Ингээд дуусаагүй бөгөөд Соёл урлагийг дэмжих сангаас 800 сая төгрөг гаргуулжээ. Дээр нь намын дарга нь төрийн өмчит компаниудаас тус бүр 200 сая төгрөг гаргуулахаар үүрэгдсэн тухай баримтууд хэвлэлээр ил болж байв.
Зохиогч өмнө нь “Долоон бурхан харвадаггүй” киногоо намынхаа санхүүжүүлэгч нараар ивээн тэтгүүлж амтшаад, энэ удаад төсвөөс тийнхүү гаргуулжээ. Мэдээж 100 жилийнх нь босгон дээр өөрсдийнх нь өмчлөөд байдаг даргын киног санхүүжүүлэхгүй гэвэл намын дайсан болох нь тодорхой. Хамгийн хорлонтой нь татвар төлөгчдийн мөнгийг ашиглаад зогсохгүй 70 жил Оросын заавраар бичсэн худал хуурмаг түүхээр дахин дахин залуусын тархийг угааж буй нь огиудас хүрнэ. Түүний хийдэг кинонд хэлмэгдүүлэлтийн их хядлага, Орост дагаар орох өргөдөл гаргасан явдал, Монголын оюун санааны удирдагчдийг хэрхэн хядсаныг гарцаагүй хийх ёстой ажил мэтээр үр хойч, үлдэж хоцорсон нь амьд сэрүүн байхад үгүйсгэх нь бүр үзэн ядмаар. Цагаатгалын комисс ч ажлыг нь үгүйсгээд байхад ам нээдэггүй нь хачин. Ер нь сүүлийн үед коммунизмыг магтан дуулж, ардчилсан хувьсгалыг үгүйсгэх явдал кинонд газар авч буй бөгөөд тэр нь уран бүтээлчдийг үзэл бодол, уран сэтгэмж гэхээсээ илүүтэй санхүүжүүлэгч нарын ашиг сонирхолтой холбоотой. Түүний нэгэн илрэл нь залуусыг байлдан дагуулж, кино урлагт жишиг тогтоосон гээд буй “37-р точка” кино. Мөнгөө төлсөн нь дуугаа захиалдаг ч үзэл бодол нь төлөвшөөгүй, яг юу болсныг мэдэхгүй, номноос илүү кинонд ач холбогдол өгдөг залууст түүхэн сэдэвтэй киногоор амьдарч буй нийгмийнх нь үнэт зүйлсийг үгүйсгэх, бодит байдлыг мушгин гуйвуулж, түүнийгээ уран бүтээл, уран бүтээлчийн санаа сэлтээр өмгөөлмөөргүй санагдана. Тэрхүү үгүйсгэлээрээ "Зүрхний хилэн" киног бүтээгчид 1911 оны хувьсгалын удирдлагчдыг үгүйсгэсэн төдийгүй, тэрхүү хувьсгалыг малын хулгайч нар хийсэн мэтээр харуулж байлаа. Сонин содон байлгах гээд солиотой галзуу баймааргүй байна. Яг ийм ажилдаа кино урлагт цахиур хагалж буй залуу найруулагч гаршаад буй нь эмгэнэлтэй.
МАН-ЫН КИНО НЭГДЭЛ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Төрөөс киночдыг дэмжихээр жил бүрийн төсөвт 10 тэрбумыг тусгахаар болсон бөгөөд журам нь гараагүй учраас энэ жилийн 10 тэрбумыг хараахан хуваарилаагүй тухай Соёлын сайд Ч.Номин Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх үеэр хэлж байв. Гэхдээ тэрхүү журмыг хуулийн төсөлтэйгөө зэрэгцүүлээд боловсруулчихсан бэлэн байгаа гэдгээ бас мэдэгдсэн юм. Энэхүү хуулийн төслийг санаачлагч нь салбарын яам ч УИХ-аар зүтгүүлсэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо. Түүний гишүүдэд мөнөөх Ж.Мөнхбат, өмнөх соёлын сайд Ё.Баатарбилэг, жүжигчин Б.Амарсайханы эгч Б.Баярсайхан, П.Анужин, Г.Даваадамдин нар байх. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс гэсэн үг.
Соёлын яамны сайд Ч.Номин кино хуулийн хэлцүүлгийн үеэр сангаас олгогдох энэ жилийн 10 тэрбум төгрөгийн төсвийн санхүүжилт ирэх жилийн төсөлд илүү олгогдож явна гэдгийг хэлсэн. Гэтэл Монголд гадны контентыг амжилттай нутагшуулж, эрхийг нь авч байгаа ганц телевиз нь өөрийнх нь захирлаар нь ажиллаж байсан, гэр бүлийнх нь өмч байдаг. Ингээд хардвал энэ хууль киночдод гэхээсээ илүүтэй хэсэгхэн киночдод зориулсан хууль болсон агаад хуулиар байгуулагдах Кино урлагийн зөвлөл нь байгуулагдсан төдийгүй хуулийн төслийн ажлын хэсэгт орсон кино урлагийн төлөөгчдийн зарим нь гишүүн болжээ. Тэгэхээр санхүүжилт хаашаа чиглэхийг тэд шийднэ. Ямар кино үзэхээ та шийдэж болох ч ямар киног хэнээр, яаж хийлгэхэд таны мөнгийг зарцуулахыг тэд шийднэ.
ХЭРХЭХИЙГ ТЭНГЭР БУС ТӨР МЭДНЭ
Кино урлагийг дэмжих хуулинд зохиогчийн эрхийн асуудлыг дорвитой тусгаагүй. Харин төрөөс ямар киног санхүүжүүлэх талаар тусгасан учраас түүнийг нь анхаарах хэрэгтэй. Кино урлагийг дэмжих сан байгуулах бөгөөд тэрхүү сангийн санхүүжилтийг дээр дурдсан зөвлөл мэднэ. Энэхүү сан эргэн төлөгдөх нөхцөлгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилт олгоно. Ингэхдээ доорх байдлаар хуульчилжээ.
13 дугаар зүйл. Кино урлагийг дэмжих сангийн зарцуулалт
13.1. Кино урлагийг дэмжих сангийн эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилтийг дараах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд олгоно:
13.1.1. Монголын түүх, соёл, ахуй амьдралыг харуулах, эсхүл хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшил, нийгмийн эрүүл мэнд, эрүүл, зөв амьдрах дадал зуршил хэвшүүлэхэд эергээр нөлөөлөх, эсхүл олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан кино бүтээх;
13.1.2. Монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх;
13.1.3. Олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах;
13.1.4. Кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.
13.2. Кино урлагийг дэмжих сангийн эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээлийг дараах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд олгоно:
13.2.1. Энэ хуулийн 13.1.1-д зааснаас бусад кино бүтээх;
13.2.2. Кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэх.
Харин зөвлөл нь 10 гишүүнтэй байх бөгөөд 30 хувь нь төрийн байгууллагын төлөөлөл, үлдсэн нь уран бүтээлчид, мэргэжлийн ТББ-ын төлөөлөл байх аж. Тэгэхээр кино урлагийг дэмжих санхүүжилт гэхээсээ хэсэгхэн уран бүтээлчдийн уран бүтээлийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлнэ. Хамгийн эмзэглэмээр нь, маш өргөн хүрээнд уран бүтээлчдийг хамруулж, нүсэр бүтэц, судалгаагаар арилжааны бус зорилгоор хийгддэг түүх, соёл, ахуй амьдралыг харуулах, эсхүл хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшил, нийгмийн эрүүл мэнд, эрүүл, зөв амьдрах дадал зуршилтай холбоотой ийм явцуу байдлаар санхүүжүүлэх нь түүнээс ч илүү хорыг дагуулна.
БОЛГООМЖГҮЙ БОЛГООМЖЛОЛ
Кино урлагийг хөгжүүлэхийн тулд гадны чадварлаг уран бүтээлчидтэй хамтран уран бүтээл хийхийг санхүүжүүлэхээр энэхүү хуульд тусгасан бөгөөд 500 мянган ам.долларыг уран бүтээлдээ зарцуулсан бол нөхөн олгох талаар, тэр нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн байх талаар тусгажээ. Гэхдээ тухайн контентын агуулга ямар байхыг огт тусгасангүй. Энэхүү жишиг нь кино урлаг хөгжиж буй орнуудад ихээхэн ашигладаг жишиг. “Аватар” киноны зураг авалтыг хийлгэснийхээ төлөө БНХАУ киноноос нь ч илүү ашиг олсон тухай оочин тоочин баримт бий. Сүүлийн үед өөрсдийн нэгэн өнгө төрхөөрөө ялгарч буй Казакстаны жишээг ч дурдаж болно. Гэхдээ манай урдаа барьдаг жүжигчдийг аваачин тоглуулаад, Монголын эзэнт гүрний хүчирхэг армийг өнчин хөвгүүд ухрахад хүргэж буй кино хийж байсныг Монголын телевизүүд өрсөн гаргахыг бид үзсэн. Мулан гээч охин Хүннү нарыг хэрхэн даран сөнөөж буй хүүхэлдэйн киног хойш үе маань үзэн хүмүүжиж байна. Хойч үедээ, дэлхийд тэрхүү киног үзүүлэхийг бид хориглож чадахгүй. Харин түүх огт өөрөөр эргэсэн гэдгийг илүү сонирхолтой, анхаарал татахуйц, амыг нь ангайлгасан бүтээл хийж гэмээнэ үгүйсгэж чадна. Гэтэл түүнийг бодлогоор зохицуулах ёстой төр, түүний түшээд нь өнөө маргаашдаа өөрсдөдөө унах ашгаа харсан өлөн сэтэхүйгээр хандахаар мөн гаслантайя. Энэ талаар зохицуулалт киночдын хүсэн хүлээсэн хуульд туссангүй.
Кино зах зээлд хамгийн их өгүүлэгдэж буй зохиогчийн эрхийн зохицуулалт, хөрөнгө оруулалтын шударга байдлыг тодорхойгүй тусгаснаас үзвэл энэхүү хууль хэтэрхий ерөнхий тодорхойлсон зорилт шигээ зорилгоо биелүүлсэнгүй. Тиймээс киночдын асуудал шийдэгдээгүйтэй адил энэхүү бичвэр ч үргэлжилнэ.
Холбоотой мэдээ