Цар тахлын аюул намжаагүй ч хүмүүс залхжээ. Олон удаагийн хөл хорио, эрдэмтдийн сүржин мэдээлэл, тооцоо судалгааны аль нь ч үр дүнгээ өгсөнгүй. УОК-ын Эрдэмтдийн зөвлөлөөс наймдугаар сард өдөрт бүртгэгдэх халдварын тоо 80-90 хувь буурна гэх өөдрөг төсөөлөлтэй байв. Тус зөвлөлийн гишүүн, МУИС-ийн доктор профессор Т.Бэгзсүрэн “Манай улс долдугаар сарын 1 гэхэд зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулахаар зорилт тавин ажиллаж байгааг мэдээлсэн. Үүнээс үзвэл энэ оны наймдугаар сар гэхэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 90 хувиар буурах дүр зураг харагдаж байна” гэж өнгөрсөн өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн. Эл өөдрөг төсөөлөл өнөөдөр эсрэгээрээ.
Халдвар авах хүний тоо зургадугаар сараас хойш буурсаар, наймдугаар сард 10 болж буурах тухай өөдрөг төсөөлөл ч байв. Гэтэл зургадугаар сараас хойш халдвар авсан хүний тоо нэмэгдсээр хоногт бүртгэгдэх Covid-19-ийн тохиолдол 3000 дөхлөө. Сүүлийн долоо хоног (2021.08.25-31)-т бүртгэгдсэн халдварын тохиолдлыг нийт дүнгээр авч үзвэл Covid-19-өөр 16974 хүн өвджээ. Халдварын нөхцөл байдал хүндрэх бүрт эрдэмтдийн зөвлөлийнхөн “Болно доо” гэсэн тайлбар өгч аргацаах боллоо.
Тус зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих “Зуны сар эхлэхээр монголчууд хөдөө гадаа явдаг. Энэ хөл хөдөлгөөнтэй халдварын оргил давхацчихлаа. Үүнийг Улсын онцгой комисс холбогдох албаныхан мэдэж байгаа. Одоогоор халдвар их илэрч байгаа ч долдугаар сараас яваандаа буурна. Дархлаажуулалт хийж буй тул 2-4 дүгээр сарынх шиг халдвар огцом нэмэгдэх аюул байхгүй. Байдал хүнд байгаа ч энэ нь зургадугаар сард үргэлжлээд буурна гэж ойлгож болно” хэмээн хээвнэг тайлбар хийж байсанд гайхах зүйлгүй.
Үнэндээ халдварын нөхцөл байдал хүндрэх бүрт УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийнхөн хөл хорио тогтоох санал гаргадаг жишиг тогтсон. Даанч үр дүнгүй. Хариуцлагаа хүлээхээс илүү “арьс”-аа хамгаалахаа нэн тэргүүнд боддог дарга, эрдэмтдийн зөвлөлтэй. Өнгөрсөн хугацаанд ЭМЯ болон Эрдэмтдийн зөвлөлийн саналаар дөрвөн ч удаа хөл хорьсон. Тооцсон шиг халдварын гинжин хэлхээ ч тасарсангүй, цар тахал ч хумигдсангүй. Тухайлбал,
- 2021 оны хоёрдугаар сарын 12-ноос 21 хоногийн хугацаанд хөл хорьж, нийслэлийн 411.4 мянган өрх бүрийн нэг иргэнээс PCR шинжилгээ авах ажил зохион байгуулсан. Гэтэл улсын төсвийн 30 тэрбумыг зарлагадаж хийсэн ажил нь үр дүнгүй.
- 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас 28 хоногийн хөл хорио тогтоосон. Энэ үед вакцинжуулалтын хоёрдугаар тунг эхлүүлснээр дархлаажуулалт, хөл хорионы үр дүнд халдварын гинжин хэлхээг тасална гэж үзэж байв. Гэсэн ч хоногт бүртгэгдэх Covid-19-ийн тохиолдол 1000-аас буугаагүй.
Уг нь эрдэмтэд хөл хөдөлгөөнийг тооцож судалгаа гаргадаг байтал “Хөл хорионы дараа иргэдийн хөл хөдөлгөөн ихэсч, халдвар нэмэгдлээ” гэх урдаа барьдаг ганц үгтэй. Хэрэвзээ эрдэмтдийн зөвлөлийнхөн хариуцлагатай ажиллаж, зөв тооцоо судалгаа гаргасан бол тэдний үг өнгөрсөн, ирээдүйд ч үнэ цэнтэй, тоож сонсох "нохой"-той байх байлаа. Гэвч тэдний ярьсан шиг хөл хорио тогтоох нь амар байсангүй. Амьжиргаагаа арайхийн залгуулж байгаа иргэдэд, хөл дээрээ тогтож ядан буй бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд хүнд цохилт болсон. Угтаа бол илүү холыг харж, бүх талаас нь бодож тунгааснаар оновчтой шийдэл гаргах учиртай.
Холбоотой мэдээ