Улс төрийн ороо жороо: МАН ба Х.Баттулга

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

Улс төрийн ороо жороо: МАН ба Х.Баттулга

Улс төрийн ороо жороо: МАН ба Х.Баттулга

Ердөө дөрөвхөн сарын өмнө “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн, хууль ёсыг уландаа гишгэсэн” гэх үндэслэлээр МАН-ыг тараах захирамж гаргаж явсан экс Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллах болжээ.

Байдаг нэг томилгоо мэт боловч цаанаа тэд улс төрийн хамтрагчид болсноо ийнхүү ил цагаан зарлав. Зуун жилийн үүх түүхтэй, институци болж төлөвшсөн улс төрийн ууган хүчин гэж өөрсдийгөө дөвийлгөдөг МАН-д Ерөнхий сайддаа зөвлөчих Х.Баттулгаас дээр хүн олдоогүй дэг.

Л.Оюун-Эрдэнэ ирэх намар өрнөж болзошгүй сөрөг хүчний улс төрийн эсрэг зогсох хүч, Засгийн газрынхаа баталгааг Х.Баттулга гэж тооцож байх шиг. Мэдээж УИХ дахь АН-ын бүлгийн 13-аас Х.Баттулгын үгэнд орох хүн А.Адъяасүрэнгээс эхлээд тоологдох байх. "Засгийн газар муу ажиллаж байна" гэж ЖАН-гийнхан Л.Оюун-Эрдэнэ рүү “агсам” тавьж чадахгүй ч биз. Авчиг эвэр туурайгүй, эрх мэдэлгүй болсон Х.Баттулгын үгэнд АН-ынхан бүгд орох нь юу л бол. Тэгээд ч Л.Оюун-Эрдэнийн айдас Ардын намд л бий.

Эрх ашиг нэгдэж байвал чөтгөр шуламтай эвсэж чаддаг нь Монголын улстөрчдийн гэм биш. Х.Баттулгыг зөвлөхөөрөө авлаа гээд Л.Оюун-Эрдэнийн рейтинг өсөхгүй. Эсрэгээрээ намын гишүүдийнхээ итгэл үнэмшлийг алдаж болзошгүйгээ томилгоо хийхдээ тооцсон байлгүй.

Токиогийн олимпийн үеэр Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарыг уулзаж, тохирсон гэх мэдээлэл цацагдсан. Тэд яг ямар тохироо, хэлэлцээр хийсэн нь тодорхой бус ч М.Энхболд, Сү.Батболд нарын эсрэг хамтрах саналаа Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэд тавьсан тухай албан бус яриа тархсан нь ор үндэслэлгүй цуурхал ч биш аж.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зодоон цохион хийж, хонь, чонодоо тулж, хоёр тийшээ салсан У.Хүрэлсүх, Х.Баттулга нар эвлэрсэн, эс бөгөөс энэ зөвхөн Л.Оюун-Эрдэнийн шийдвэр байв уу гэдгээс хамаарч ирэх намрын улс төр өрнөнө. Хүссэн ч, эс хүссэн ч У.Хүрэлсүх Монголын улс төрийн номер нэг тоглогч болсон.

Ямар ч байсан тэдний цуутай салалтын дуулиан намжаагүй шахам байхад Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгаар зөвлүүлэх болсон нь магадгүй дайснаа бүр ойр байлгах таткик нь ч байж мэднэ.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн МАН-ын гишүүд албан тушаалд очих ёстой гэж туйлшрахгүй байгаа нь сайн хэрэг. Төрд хэрэгтэй зайран байвал аль нам, эвсэл байхаас үл хамаараад хамтрах нь зөв. Гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн гэж ялгаварлалгүйгээр хэн сэтгэлтэй, зүтгэлтэй, чадалтайг нь төрд ашиглах түүний бодлогыг дэмжиж байгаа.

Гэхдээ Х.Баттулга Монголын төрд хэрэгтэй зайран яг мөн үү. Бөх бол төр биш ээ гэдгийг тэр хангалттай мэдрүүлсэн, харуулсан. Үндсэндээ өнөөдрийн экспорт, импортын тэг зогсолт, эдийн засгийн хямрал Х.Баттулгын үг, үйлдлийн үр дагавар. Аль эрт төмөр замаа хэрүүлгүй, асуудалгүй барьчихсан бол цар тахлын энэ хүнд үед цалин мөнгөө яаж өгөх вэ гэж Л.Оюун-Эрдэнэ толгойгоо гашилгахгүй байсан нь үнээн. Х.Баттулгын улстөржилтөөс болоод 14 тэрбум ам.долларын экспортын цэвэр ашгаа алдчихсан шүү дээ.

Ерөнхий сайд журмын нөхдөөсөө “жийрхэж”, намынхандаа биш бүлэглэлийнхэндээ итгэх болсныг түүний сүүлийн үеийн томилгооноос харж болно. АН-аас УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байсан Б.Долгионыг хүртэл дэргэдээ шадарлуулах болсон нь үүний нэг илрэл. Энэ мэт урвалт, шарвалт, мурилт бол Монголын улстөрчдийн хувьд бараг моод шахуу даа.

Мэдээж Л.Оюун-Эрдэнийн энэхүү томилгоо намын кандидатуудад таалагдсангүй. Яаж таалагдах вэ дээ. Ардчилсан намын амийг нь тасалчихсан гол хүн Ардын намын засагт зөвлөнө гээд хүрээд ирэхээр чинь.

Аргагүй ч байх, Сү.Батболдыгоо хаяж, Х.Баттулгыг бараадсаныг Ч.Хүрэлбаатараас эхлээд цөөнгүй хүн үл таашааж байгаа.

Өнгөрсөн өвлөөс эхлээд Х.Баттулга Сү.Батболдыг гаднын гар хөл болгож, төрийн эргэлт хийлээ хэмээн гадаад, дотоодын хэвлэлүүдээр бишгүйдээ нэг гөвсөн. Гөвсөөр ч байгаа, С.Баярцогт, С.Баярыг хамгийн муу хүн болгосон технологио Сү.Батболд дээр хэрэглээд удаж байгаа.

Гэтэл намын даргын үүрэг гүйцэтгэгч нь өстөн дайсныг нь өөрийнхөө зөвлөх болгочихоор Сү.Батболдод даргадаа жийгдсэн, журмын нөхөртөө хаягдсан мэдрэмж төрж байгаа нь лавтай. Тэр тусмаа “Замын-Үүдийн мафитай тэмцэнэ” гээд Ч.Хүрэлбаатар, Сү.Батболд нарын хүмүүсийг зайлуулчихсан дээр Х.Баттулгыг зөвлөхөөрөө авчихаар ёстой л “Дайран дээр нь давс нэмсэн” мэт болж байгаа ч биз.

Тийм болохоор Л.Оюун-Эрдэнийн эмзэг цэг нь Х.Баттулга болох нь ойлгомжтой. Женко түүний дэргэд байгаа цагт байгаа цагт Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга биш МАНАН бүлэглэлийн утсан хүүхэлдэй гэж харагдана. Зүүн мөрөн дээрх ямар чөтгөр нь шивнэсэн болоод Л.Оюун-Эрдэнэ ийм гал дуудсан улс төрөөр оролдов оо. Түүний энэ алдаа засагт нь аранга болж магадгүй. Учир нь Х.Баттулгын явсан газар балагтай байдаг. АН гэж бэлээхэн жишээ нүдэн дээр нь харагдаж байна шүү дээ.

Х.Баттулгын хувьд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх болох нь ашигтай. Ядаж л хав дараастай байгаа төмөр замын хавтаст хэргийг нь сөхөхгүй. Төрийн нууц нэрээр төмөр замын санхүүжилтээс хэчнээн төгрөг идчихсэн, завшчихсан нь нууц хэвээрээ үлдэнэ.

Харин Монголын улс төрд өрнөж буй үйл явдлыг харахад үнэт зүйл, үзэл бодлоор биш эрх ашгаараа эвлэлдэж, ороо, жороогоороо хэдийнэ ялгарчээ. Угтаа улстөрчид улаан хөхөөрөө, үзэл бодлоороо биш, өнгө мөнгөөрөө нэгдээд удаж байгаа.

Товчхондоо, Монголд  улс төрийн нам гэж алга, зөвхөн эрх ашгаараа нэвт сүлбэлдсэн улстөржсөн бүлэглэлүүд хаа сайгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж