25 жил өрхийн тариалан эрхэлж, өөрийн хөдөлмөрийн үр шимээрээ амьдарч яваа Сүхбаатар дүүргийн 13 удаагийн аварга ногоочин Ж.Наранцэцэгтэй ярилцлаа.
-Хүмүүс хүнсэндээ эрүүл хөрсөнд ургасан ногоо түлхүү хэрэглэх болжээ. Таны хувьд мөн адил зорилгоор ногоо тарьж эхлэж байв уу?
-Би жолооч мэргэжилтэй. Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн тээврийн газрын харъяа 37 дугаар авто бааз гэж байсан, тэнд 20 жил дарга нарын жолооч хийсэн. Тэр үед зах зээлд ороод, барьж байсан машинаа хувьчилж аваад, амьдралдаа багахан ч гэсэн ашигласан. 30 насандаа өрх толгойлсон эх болон хоцорч, ажил төрөл байхгүй хүүхдүүдээ яаж өсгөх вэ гэж их бодсон.
Тухайн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны дарга н.Хандмаа гэж эмэгтэй “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын шугамаар өрхийн тариалан эрхэлж буй хүмүүст зориулсан төсөл хэрэгжүүлж байсан, намайг түүндээ хамруулсан. Надад болон 180 өрхөд хааш хаашаа 10 м2 газар олгож, үр, ус, тариалалт заах хоёр агрономич хүртэл гаргаж өгсөн. Ингээд миний ногоо тарих их суурь тавигдсан даа. Би "Дэлхийн зөн" олон улсын байгууллагад маш их талархаж явдаг. Энэ хүмүүс үндсийг нь тавьж өгөөгүй бол би өдий зэрэгтэй явахгүй байх байсан.
-Танд тусалдаг хүн бий юу?
-Би чинь өрхийн тариаланч, дөрвөн хүүхэдтэй. Гэр бүлээрээ ажилладаг. Хүүхдүүд маань надад их тусалдаг. Том хүү маань газар шорооны ажилд, хоёр дахь хүү минь дулаалганы ажилд тусална. Охин маань багш мэргэжилтэй зав зайгаараа нөөшилсөн бүтээгдэхүүн хийж, бага хүү бүх тариалалтыг хийдэг.
-Цэцэг, ногоо тарихын сайхан зүйл болон хүндрэлтэй тал нь юу вэ?
-Өглөө босоод хүлэмждээ орохдоо үнэхээр аз жаргалтай байдаг. Шууд л ногоонуудтайгаа ярилцдаг. Цэцэг, ногоо гэдэг чинь амьд организм. Ургамлууд минь намайг таньдаг. Үрслэгээ нь ургаад гараад ирэхээр миний бахархал төрдөг. Би сонирхлоороо үүнийг хийж, энэнээсээ эрч хүч авдаг болохоор өвдөхийг ч мэддэггүй. Ногоогоо харж баясч, аз жаргалыг мэдэрдэг.
Ногоочин хүн гэдэг эмч, сувилагч, тогооч, тариаланч гээд бүхий л төрлийн ажлыг хийдэг. Ургамлаа байнга ажиглаж өвчлөх гэж байгааг нь хараад л мэддэг. Эмчлэхдээ хүртэл ямар нэгэн химийн гаралтай зүйл ашигладаггүй.
-Ургац хураалтад цаг агаар хэр нөлөөлдөг вэ?
-Цаг агаар ихээхэн нөлөө үзүүлнэ. Энэ жил Улаанбаатарт бороо хур ихтэй сайхан зун болсон гэж бодож байна. Хавар тав, зургаан сарын сүүлчээр цочир хүйтэрдэг. Миний хувьд энэ үед тариалалт хийдэггүй үрслэгээ хийдэг. Үүнийгээ ч олон жил хийчихсэн учраас дарлага, хучлага, ногоон доогуураа халаалтын утас хийж байж авч гардаг. Тэгэхгүй бол үрслэгээ, ногоо маань хөлдөх аюултай.
–Өөрийн туршлагаа бусадтай хуваалцдаг уу?
-Надаас сурж, мэдье гээд ирсэн хүнийг би цаашаа гэдэггүй. Аль болох өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнийг заахыг хичээдэг. Одоогоор 3000 гаруй шавьтай.
–Бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр борлуулж, хэр их ашиг олдог вэ?
-Бүтээгдэхүүнээ аль болох хямд үнээр борлуулдаг. 380м2 талбайгаасаа би энэ жил арван гурван мянга гаруй ширхэг үрслэгээ зах зээлд бойжуулж гаргасан. Байцаа гэхэд л 250, 300 төгрөг дээд тал нь сайн сортынх гэвэл 1300-1500 төгрөг байдаг. Жилдээ нөөшилсөн бүтээгдэхүүнтэйгээ нийлээд арав гаруй сая төгрөг олдог. Сайн сортын сайн үрээр үрслэгээгээ стандартаар нь бойжуулаж зах зээлд гаргахыг хичээдэг. Үрслэгээгээ нэг хоёр сараас эхэлж хийдэг.
Ганцхан сар л амсхийнэ. Ногоо бол зуны хоёр гуравхан сарын ажил биш бүтэн жилийн хугацаа шаарддаг. Дан ганц ногоо тариалахаас гадна тарьсан хулуугаараа гоёл чимэглэлийн зүйл хийн зарж, борлуулдаг. Арван хэдэн төрлийн хулуу тарьдаг. Хулуугаа хурааж аван дараа нь хатаагаад хатсан хулуугаа янз бүрийн өнгөөр будаж хийдэг.
-Та залууст хандаж юу хэлэх вэ?
-Юун түрүүнд би маш баян хүн. Үр хүүхдээрээ баян, сэтгэлээрээ баян би газраа ашиглаад, ургамал тарьж байна. Өнөөдөр талхны мөнгөгүй байна гэж байхгүй шүү дээ. Монгол Улсад төрж өссөндөө үнэхээр их бахархдаг. Хүн өөрөө л хөдөлмөрлөж чадвал сайхан амьдарна. Хэчнээн сайн хүн байсан ч гэсэн Ерөнхийлөгч дээрээ очоод, талхны мөнгө гуйвал өгөхгүй шүү дээ. Одооны хүмүүс төр засаг л биднийг сайхан амьдруулах ёстой юм шиг боддог болчихсон юм шиг ээ.
Миний бодлоор өөрийн хүчээр хөдөлмөрлөөд амьдарвал хаана ч байсан муу амьдрахгүй. Газар гэдэг юм чинь үнэхээр сайхан, хэзээ ч “Чи миний нуруун дээр ногоо тарьсан, төлбөрөө төл” гэдэггүй. Үр хүүхдүүддээ “Хуруу хөдөлж байж дараа нь ам хөдөлдөг юм” гэж байнга захиж хэлдэг. Хөдөлмөрлөж байж л хоолтой болно гэсэн үг. Тэгэхээр залуустаа хэлэхэд өөрийнхөө хүчээр ажиллаж, сэтгэлээрээ баян амьдраарай.
Х.ДАВААХҮҮ
Холбоотой мэдээ