Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороо өнөөдөр байгуулсан. Тус хорооноос өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлүүдийг танилцуулсантай холбогдуулан үүрэг чиглэл өглөө. Мөн цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх дахин сэргэлтийн цогц төлөвлөгөөг Сангийн яамнаас танилцуулсантай холбогдуулан Ерөнхий сайд зарим үүрэг даалгавар өгсөн. Ерөнхий сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар аймаг, нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нарын ажлын биелэлтэд тодорхой өөрчлөлт оруулах үүрэг өгсөн. Тодруулбал, цахим шилжилтэд бэлдэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаагаар нь ажлын үр дүнг нь үнэлэх болсон" гэлээ.
"РИО ТИНТО" ГРУПП ЕРӨНХИЙ САЙДАД ЗАХИДАЛ ИРҮҮЛЖ, УУЧЛАЛТ ГУЙЛАА"
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:
-"Рио Тинто" групп Ерөнхий сайдад ирүүлсэн захидалд дурдсанаар тус групп гүний уурхайн ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан. Мөн “Оюутолгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэмэлтээр 350 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтойг онцолсон. Засгийн газрын эзэмшиж буй, "Оюутолгой" компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан байна. Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Өөрөөр хэлбэл, бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг айлын талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэцээр хийхэд бэлэн байна гэсэн үг. Ер нь цаашдаа хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байгааг онцолжээ.
"Оюутолгой" компани урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх саналаа Б.Болд захирал илэрхийлсэн. Лондоны Арбитрийн шүүхэд Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Тиймээс Лондонгийн арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ хойш тавиад, маргаанаа түр царцаавал яасан юм бэ гэдэг саналыг илэрхийлсэн. Иймд ойрын хугацаанд хэлэлцээр эхэлнэ. Хэлэлцээр 2-3 жил үргэлжлэх болов уу. Ажлын хэсэг хажуудаа гурван зөвлөх баг ажиллуулна. Тэдний саналын дагуу бид ажиллана. 2009 онд гаргасан алдаагаа бид давтах ёсгүй. Төслөөс хүртэх Засгийн газрын өгөөжийг 53 хувьд хүргэхээр ажиллана. Гүний уурхай ирэх оны аравдугаар сард ашиглалтад орох ёстой. "Оюутолгой" компанийн удирдлага гүний уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэсэн. Энэ төсөл амжилттай үргэлжлэх ёстой. Бид энэ долоо хоногт ажлын хэсэг дотроо эхлээд ярилцана. Ажлын хэсэгт УИХ Засгийн газрын гишүүд багтдаг. Дараа нь Засгийн газарт саналаа танилцуулна. Б.Болд захирал тэргүүтэй "Рио Тинто" группийн захирлууд Монголд ирсэн. Иймд ойрын хугацаанд хэлэлцээр эхэлнэ.
“РИО ТИНТО” ГРУПП 350 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛЛӨӨ ГЭЭД ЭНЭ МАРГААНЫГ ЗОГСООХГҮЙ
Төсвийн орлого төлөвлөж байснаас таван хувиар давж биелсэн. Ажлын байрыг хамгаалах, эдийн засгийг тогтворжуулах зорилгоо ажлын байрыг дэмжих зээл биелүүллээ. Гурван хувийн хүүтэй, ажлын байрыг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлийг цаашид жижиг дунд үйлдвэрлэлийн хэмжээнд болон иргэдийн бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын зорилгоор нэмж, эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Холбоотой мэдээ