Стресс, Аялал, Аз жаргал

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Стресс, Аялал, Аз жаргал

Хүн байгалиас холдох тусам өвчлөмтгий болж байгааг Австралийн эрдэмтэн Гленн Альбрехт тогтоожээ. Хүн байгальд ойр байснаар тархины цусан хангамж сайжирч, цусыг тэжээлээр хангах, уураг тархийг амраах, сэтгэн бодох чадвар болон дархлааг сайжруулж, нянг устган, уушгийг цэвэршүүлэх гэх мэт олон талын ашиг тустай. Байгальд ойр байх нь ямар нэгэн химийн найрлагатай эм ууснаас илүү таны болоод гэр бүлийн тань хувьд маш том хөрөнгө оруулалт болдог. Гэвч бид өдөр тутмын завгүй амьдралд тулгарах асуудлаас шалтгаалаад төдийлөн байгальд гарч, аялж чаддаггүй.

Биднээс шалтгаалахгүй олон хүчин зүйлс асуудлыг үүсгэсээр байдаг. Асуудлаас стресс үүсэж, стресс нь өвчний суурь болдог.  “Энэ ажил, энэ асуудал намайг стресст оруулж байна” гэж хэлдэг хүмүүс олон. Бидний өдөр тутмын амьдралд бараг хэвшчихсэн стресс хэмээх үгийг Канадын эрдэмтэн Г.Селье анх зохиожээ. Энэ үг нь хүчээр үйлчлэх, доргиох, хүч үзүүлэх гэсэн утгыг илэрхийлдэг байна.

Стресс гэж юу вэ, хэрхэн үүсэж, бидэнд яаж нөлөөлдөг бол

Стрессийг олон янзаар тодорхойлсон байдаг ч хамгийн ойлгомжтойгоор тайлбарлавал “Таны биед мэдрэгдэж байгаа таагүй мэдрэмж”-ийг хэлдэг. Бид таван мэдрэхүйгээрээ байнга эерэг болон сөрөг стрессийг хүлээж авдаг. Тухайлбал, компьютер, гар утас урт хугацаагаар ширтэх, чанга хөгжим дунд удаан байх, халууцах, даарах, хэт их идэх гэх мэт үед бид стрессийг авч байдаг.  Үүнээс гадна өдөр тутмын амьдралд тохиолдох замын түгжрээ, ажлын ачаалал, мөнгөний асуудал стресстэх гол хүчин зүйл болдог.

Стресс нь бүх насны хүмүүст тохиолдох бөгөөд хүүхдийн хувьд өсөлтийг нь удаашруулах гаж нөлөөтэй. Удаан сртесстэй байвал архаг стресс болж, уурлаж гуниглан, сандарч тэвддэг, мартамхай болж цаашлаад зан авир өөрчлөгдөн, бусадтай харьцах харилцаанд нөлөөлдөг. Архаг стресст орсон хүн архи дарс хэтрүүлэн хэрэглэж, хориотой эмийн бодист донтох, их идэх, тамхи татах зэрэг муу зуршилд автан стрессээ тайлах аргыг хайж эхэлдэг. Улмаар сэтгэл гутрал, архаг ядаргаанд орж, амиа хорлох тухай бодоход хүргэдэг байна.

Тэгвэл бид стрессийг хүндрэхээс нь өмнө хэрхэн алга болгох вэ?

Аяллаас дэлхий ертөнцийн гайхамшиг, амар амгалан бүхнийг мэдрэх боломжтой
Аяллаас дэлхий ертөнцийн гайхамшиг, амар амгалан бүхнийг мэдрэх боломжтой

Аялал бол анагаагч

Стесс үгүй амьдрах боломжгүй гэдгийг та ойлгосон байх. Хамгийн гол нь хэрхэн зөв менежмент хийж стрессийг  өөрөөсөө ангижруулах вэ гэдэг нь чухал. Стрессээс салах маш олон арга байдаг ч танд аяллыг зөвлөе. Аялал биднийг өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаас холдоход тусалж, сэтгэл заслын эмчилгээ болж, зүрхний өвчин тусах магадлалыг бууруулж, стрессээс ангижруулна. Аяллаа төлөвлөж догдлохоос эхлээд л таны стресс тайлагдаж эхэлнэ.

Аян замд гарахад толгой доторх хэрэгтэй хэрэггүй бодлууд алга болж, байгалийн ногоон өнгө танд тайвшралыг бэлэглэнэ. Аялал таныг шинэ хүмүүстэй танилцуулж, адал явдлыг өгч, бэрхшээлийг даван туулахад сургана. Төгсгөлд нь та илүү биеэ дааж, өөрийгөө энэ ертөнцөд ямар өчүүхэн нэгэн бэ гэдгийг ойлгоно. Бусад хүмүүс ч гэсэн тань шиг л дотоод ертөнцтэй олон зүйл хүсэж мөрөөддөг гэдгийг таньж мэднэ. Өөр өөр ёс заншилтай хүмүүсийн соёлыг таньж мэдэж эхлэхэд таныг илүү ухаалаг, хүлээцтэй болгодог нь аялахын нэг ач тус юм.

Гэгээн Августын хэлсэн “Дэлхий бол ном, аялдаггүй хүмүүс зөвхөн нэг хуудсыг нь уншдаг” гэсэн ишлэл байдаг. Үүнтэй л адил хэдий чинээ их зүйлсийг таньж мэднэ, төдий чинээ танд тулгарч буй асуудал бол маш өчүүхэн, та өөрийгөө ямар бага зай эзэлдэг вэ гэдгийг ойлгоно.

Та өмнө нь аз жаргалыг үргэлж бусад хүмүүсээс эсвэл, ямар нэгэн эд зүйлсээс хайдаг байсан бол аялж эхлээд хайгаад байсан аз жаргал өөрийн тань дотор байдаг гэдгийг ухаарна. Мэдээж аялахад өлсөх, ядрах үе зөндөө тохиолдож гэртээ хариад бусдын адилаар л амьдрахыг хүсэж мэдэх ч нэгэнт л өөрийн дотроосоо аз жаргалыг мэдэрчихвэл бууж өгөхгүй, тэр аз жаргалаа илүү олон хүмүүстэй хуваалцахыг хүснэ.

Аялал нь таны стрессийг тайлаад зогсохгүй амьдралд чинь хөг нэмж, ухаарал, бодролыг өгч, ямар ч эмээс илүү эмчилгээ болдог.

Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Нийтлэлийг: Б.Янжиндулам
Эх сурвалж:  www.joinme.mn 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж