Криптовалют, койнууд ямар нэг бодит үнэ цэнэгүй тул найдвартай хөрөнгө оруулалт биш гэдгийг Төв банкнаас анхааруулж байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Kриптовалют, койнууд нь мөнгө биш, албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл бишээс гадна иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах, эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэй. Эдгээр нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төлбөр тооцоонд хуулиар зөвшөөрөгдсөн хэрэгсэл биш, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд тодорхойлсон цахим мөнгөнд хамаарахгүй, зөвшөөрөгдөөгүй зүйл юм. Иймд маш болгоомжтой хандахыг зохицуулагч байгууллагууд удаа дараа анхааруулж байна.
Эрсдэлийн тухайд, криптовалют, койнууд нь ямар нэг бодит үнэ цэнэгүй, найдвартай хөрөнгө оруулалт биш. Тэдгээрийн ард үнэ цэнийн баталгаа болох төрийн институц, эсвэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байхгүй. Үнэ ханш нь зөвхөн хурдан ашиг олох гэсэн спекуляц дээр тогтож байгаа учраас маш тогтворгүй, өндөр савлагаатай, мөнгөө оруулсан хүн хохирол хүлээх, бүх мөнгөө алдах ч эрсдэлтэй.
Мөн хуулийн зохицуулалтгүй, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин, дүрэм журамгүйгээрээ албан ёсны мөнгөн тэмдэгт, эсвэл хувьцаа, бонд зэрэг зохицуулалттай хөрөнгө оруулалтын бусад хэрэгслүүдээс ихээхэн ялгаатай. Өөрөөр хэлбэл, мэдээлэл багатай, зах зээлд нөлөөлөх чадваргүй жижиг хөрөнгө оруулагч нар золиос болох эрсдэл маш өндөр, үүнээс сэргийлэх хамгаалалтгүй. Хэдийгээр өндөр өгөөж амлаж болох ч, дийлэнх хөрөнгө оруулагчдын хувьд өндөр эрсдэл л биеллээ олно гэсэн үг" хэмээн хэлэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ