“Би одоо 12 настай. Ирээдүйд дуучин болох хүсэлтэй. Урлагт маш их дуртай. Гартай болоод хамгийн эхлээд том зураг зурахыг хүсдэг. Монгол инженерүүдийн хөгжүүлсэн бионик гартай болохыг маш их хүлээж байна. Багаасаа дасчихсан учраас шинэ гартай болоод дасах гэж удах байх гэж бодож байгаа. Гэхдээ маш гоё санагдаж байна. Бусад хүүхдүүдийн ижил бичиж, зурж, хоёр гараараа үйлдэл хийж чадна. Миний хүссэн шигтгээтэй гарыг хийж өгч байгаа ах, эгч нартаа маш их баярлалаа” хэмээн хэвлүүхэн ярих охин бол А.Ариунхишиг. Энэ охинтой ижил шинэ гараа догдлон хүлээж буй олон хүүхдийн мөрөөдөл тун удахгүй биелнэ.
Учир нь гадаадын улс оронд хэдийн хэрэглээнд нэвтэрсэн бионик гар, хөл гэх мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ухаалаг бүтээгдэхүүнүүд сүүлийн жилүүдэд зах зээлд хүчээ авч байгаа. Тэгвэл Монголд ч энэ төрлийн бүтээлийг инженер залуус зохион бүтээж байна. Бид “СИМ” компанийн хэрэгжүүлж буй хиймэл гарыг шаардлагатай, зорилтот бүлгийн хүүхдүүдэд өгөх төсөлт ажлын талаар сурвалжиллаа.
БИОНИК ГАРЫГ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДЭД САЙН ҮЙЛСИЙН АЯНААР ДАМЖУУЛАН ХИЙЖ ӨГНӨ
“СИМ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Г.ТУЛГА:
-Манайх электроник, програм хангамжийн төсөл хэрэгжүүлдэг компани. Анх компаниа 2012 онд үүсгэн байгуулж, электроник, механик, програм хангамжийн чиглэлээр мэргэшин үйл ажиллагаа явуулж байна. Бид 2018 оноос бионик гарын төслийг санаачлаад ажлаа эхлүүлээд явж байгаа. Одоогийн байдлаар 2.5 жилийн хугацаанд монгол инженер залуус маань бионик гарын төсөл дээр ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төслийг санаачилж, ажил хэрэг болгосон. Туршилтаар хийж байгаа бионик гарыг илүү боловсронгуй болгохын тулд шинэчлэлт бүр дээрээ анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, давуу тал өөрчлөлтөөс дурдвал тав дахь загварын гарын хуруу болгон тус бүрдээ хөдөлж чаддаг. Хуруу бүр булчингийн мэдрэгчээр мэдэрч, нийт 20-30 үйлдэл хийж чаддаг байхаар бионик гарын хөгжүүлэлтийг хийж байгаа. Төсөл дээр хорь орчим залуучууд ажиллаж байна. Олон технологийн компаниуд хүчээ нэгтгэж чадвал 500 гаруй хүүхдийг гартай болгож чадна. Тиймээс хамтарч ажиллах хүсэлтэй байгууллага, аж ахуй нэгжүүдэд бидний төсөл нээлттэй байгаа. Эхний ээлжид бид гарын хөгжүүлэлт дээр ажиллаж арванхоёрдугаар сар гэхэд таван хүүхдэд бүрэн электрон гар хүлээлгэж өгнө. Дараагийн жил 50 хүүхэд, ирэх жилд дахин зорилтот бүлэгт өгөх хиймэл гарын тоог нэмээд явна.
Салбар бүрийн инженер өөр, өөрийн гэсэн онцлогтой. Эмбэддэд систем хөгжүүлэгч инженерүүд гарын бүх кодыг бичихээс гадна булчингийн мэдрэгч дохиог ялгаж авч боловсруулж, мотор руу дамжуулж өгдөг. Бид хийцийн хувьд ч илүү хөнгөн, дизайныг боловсронгуй болгохоор төлөвлөж байгаа.
ЗӨВХӨН ШИНЖЛЭХ УХААНЧ ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ УРЛАГИЙН МЭДРЭМЖ ШААРДДАГ АЖЛЫГ ИНЖЕНЕРҮҮД ХИЙДЭГ
Төслийн туршилтын хугацаанд таван хүүхдийг туршилтын загвар механик гартай болгосон. Хоёр дахь шатны электрон гарыг өмнөх шатанд хамтран ажилласан хүүхдүүдэд ахин хийж өгч байгаа аж. Монгол инженерүүдийн бүтээж буй бионик гарын сүүлийн загвар нь олон үйлдэлтэй байхаас гадна булчингийн мэдрэгчтэй. Арьсанд мэдрэгч нааж, хурууны хөдөлгөөнүүдийг таних юм. Тэрхүү мэдрэгч нь цахилгаан хэлбэлзэл долгионуудыг мэдрээд хуруунуудыг хөдөлгөнө гэсэн үг.
“СИМ” компанийн хэрэгжүүлж байгаа төслийн зорилго бол хүүхдүүдийн эрх тэгш байдлыг хангах, тэдний сурч боловсрох, нийгэмд тэгш оролцоотой байхад нь дэмжлэг үзүүлэх. Хөдөлгөөн хязгаарлагдмал хүүхдүүд ч бусад хүүхдүүдтэй яг ижил бүтээмжтэй байх, харагдах байдлын хувьд гоо зүйн талаасаа ч хүүхдэд эмзэглэх мэдрэмж төрүүлэхгүй байх нь чухал болохыг инженерүүдийн зүгээс онцолж байв.
Бионик гарын хөгжүүлэлт дээр бүтэн баг ажиллаж загвар дизайн, фирмвейр кодчилол гээд деталь хэсэг бүрд хөгжүүлэлт хийж байгаа учир туршилт, сайжруулалт хийх бүрд илүү боловсронгуй болсоор байгаа аж. Инженер, механик, програм хангамж, зураглалын хосолсон хөгжүүлэлтийг дотоодод хийж, үйлдвэрлэлийн хэмжээнд боловсруулна гэдэг бол зарим хүний төсөөлөлд буухгүй. Тэгвэл одооноос гадаадын өндөр өртөгтэй хиймэл гар захиалж, эд анги нь эвдэрсэн тохиолдолд дахин авах гэдэг ойлголтыг тэд халж байна. Санхүүгийн хувьд ч хэдэн мянган ам.доллараар захиалах хиймэл гарыг дотоодод 4-5 дахин хямд өртгөөр авах боломжтой. Компьютер дээр ажиллах, үзэг бариад бичих, зурах зэрэг олон үйлдэлтэй учир булчингийн дохионоос тэр бүрийг ялгаж авахад хэцүү. Тиймээс аппликейшнд үйлдлүүдийг суулгаж, нарийн хөдөлгөөнийг оруулж өгснөөр хиймэл гарыг хэрэглэхэд илүү хялбар болно. Хөгжүүлэлт дээр хүний нөөц, цаг хугацаанаас гадна төрийн дэмжлэг ч чухал юм. Бионик гарын угсралтын 100 хувь Монголд хийж байгаа. Эд ангиудыг Хятад болон Америкаас татан оруулж ирдэг. Сайн чанарын эд ангиар зохион бүтээсэн гарыг угсардаг гэдгийг хөгжүүлэгч компанийн захирал онцолсон юм.
ШААРДЛАГАТАЙ ХҮН БҮР 13-15 МЯНГАН ДОЛЛАРААР ГАДААДААС ХИЙМЭЛ ГАР ЗАХИАЛЖ ЧАДАХГҮЙ
Нэмүү өртөг шингээгүй зэргээс хамаарч ойролцоогоор дотоодод үйлдвэрлэж буй бионик гар тав дахин хямд өртөгтэй. АНУ-д худалдаалагддаг хиймэл гар дунджаар 20 мянган ам.доллар байдаг бол МонголД үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн үзүүлэлт яг адил хэрнээ 3000 орчим ам.доллараар угсрагдаж байгаа аж. Статистикаар Монголд 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байдаг. Үүнээс хөдөлгөөний бэрхшээлтэй 17 хүртэлх насны 2000 хүүхэд, түүнээс сургуулийн өмнөх насны 1000 гаруй хүүхэд байгаа аж. Зөвхөн энд үйлдвэрлэж буй хиймэл гарыг хийх боломжтой 570 орчим зорилтот бүлгийн хүүхэд бий. Ойрын зорилго нь эдгээр хүүхдүүдэд хиймэл гарыг хийж өгөх бөгөөд ирээдүйд зорилтот бүлгийн шаардлагатай бүх захиалагчийг хангаж ажиллах нь инженер залуусын алсын хараа юм.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨГЖЛИЙН АСУУДАЛД САЛБАР ЯАМНЫ ЗҮГЭЭС АНХААРЧ АЖИЛЛАНА
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА:
-Маш сайхан төсөл байна. Монгол инженерүүд инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаад талархаж байна. Бид мэдээлэл, технологийн салбарын хөгжлийн эринд амьдарч байгаа. Энэ үед монгол залуус зорилтот бүлгийн хүмүүст технологийг ашиглаж бүтээгдэхүүн тусгайлан үйлдвэрлэж байгаа нь баярлахгүй байхын аргагүй санагдлаа. Бүтээгдэхүүнийг бий болгох үйл явцад хэрэглэгчийг оролцуулж үйлдвэрлэж байгаа нь давуу талтай байна. Хөгжил гэхээр зөвхөн уул уурхай, эрдэс баялаг гэхээс илүүтэй оюуны бүтээн байгуулалт байдаг гэдгийг харуулж байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд нэгдүгээрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудлыг анхаарч ажиллах. Энэ үндсэн зорилгуудын хүрээнд зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй компаниудыг дэмжиж ажиллах нь зүй ёсны хэрэг.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эд ангийн худалдан авалт зэрэг дээр дэмжиж, дотоодод гэлтгүй дэлхийн зах зээл цаашид дэмжих боломжууд байна гэж харж байна.
“ЭНГИЙН МӨРӨӨДӨЛ” ТӨСЛИЙГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД "ICT" ГРУПП ИВЭЭН ТЭТГЭЖ БАЙНА
“ICT” ГРУППИЙН БОРЛУУЛАЛТ, МАРКЕТИНГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Б.БОЛОР:
-ICT /АйСиТи/ групп маань 40 охин компанитай. Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд бүрд эрх, тэгш байдлыг бий болгох үүднээс “Энгийн мөрөөдөл” төслийг хэрэгжүүлж, монгол инженерүүдийн бүтээлийг дэмжиж ажиллаж байгаа. Санхүүгийн боломж дээр дэмжлэг үзүүлж, үйлдвэрлэл тал дээр хөрөнгө оруулалт хийж байна. Цаашид бусад байгууллагуудыг бидэнтэй хамтарч олон хүүхдүүдэд тусламжийн гараа сунгана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын хэмжээнд техник, технологийн дэвшил, инновацлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадны улс орноос технологиос хараат бус болох тал дээр манай групп анхаарч ажилладаг. Шинэ шийдэл, хараат байдлаас ангижирч бие даасан цахим үндэстэн болох үүднээс анхаарч байгаа. Тиймээс олон улсад өндөр өртөгтэй хийгддэг, шаардлагатай хүн бүр худалдан авалт хийж чаддаггүй энэхүү бүтээгдэхүүнийг сонгож хөгжүүлж байгаа. "ICT" групп эрүүл мэнд, боловсрол, санхүү, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг таван чиглэлд инновацлаг бүтээгдэхүүнийг хөгжүүлээд явж байгаа. Цаашид ч дотоодод технологийн үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх тал дээр илүү анхаарах зорилготой байгаа.
Одоогоор энэ төслийн багийн зорьж буй хамгийн том зорилго бол төр болон хувийн хэвшилтэй хамтарч Монгол Улсын зорилтот бүлгийн 570 гаруй хүүхдэд хиймэл гар хийж өгөх аж. Цаашид шаардлагатай хэрэглэгч бүрийг хангаж, дотооддоо өндөр хөгжилтэй улс орны үйлдвэрлэлийг орлохуйц бүтээлийг хийх юм байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.ЭНХЖИН
Холбоотой мэдээ