Хичээлийн шинэ жилийг угтаж Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр үндэсний хэмжээнд радио, телевизээр цахим хичээл заадаг. Харин энэ жил энэ уламжлал хэрэгжих эсэх талаар хүмүүс сонирхож буй. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад “Ерөнхийлөгч есдүгээр сарын 1-ний өдөр хичээл заахгүй. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хичээл, сургуулийг танхим болон цахим хэлбэрээр орох төлөвлөгөө гарсан. Тиймээс аль ч сургуульд хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа болохгүй” гэсэн хариу өглөө. Тэгэхлээр Ерөнхийлөгч онлайнаар хичээл заахгүй бөгөөд сургууль, цэцэрлэг нээлт хийхгүй юм байна.
2021-2022 оны хичээлийн жилд 81 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орно. Ингэснээр улсын хэмжээнд 700 гаруй мянган сурагч цахим болон танхимын сургалтаар боловсрол эзэмших статистик гарчээ.
Өмнө нь цар тахалгүй, энгийн үед жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр болж сургуулийн захиргаа, багш нар сурагчдаа ёслол төгөлдөр угтан авдаг уламжлалтай байсан.
Тэгвэл энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлын улмаас хүний бөөгнөрөл үүсэхээс сэргийлж хичээлийн шинэ жилийн нээлтийг цуцалжээ. Харин маргааш болох эх хэлний баярын өдрөөр монгол хэлний танин мэдэхүйн хичээлийг сурагчдад орох эсэхийг тухайн сургуулийн захиргаа шийдвэрлэх юм байна.
Холбоотой мэдээ